Мөнх бол Хятад улсын түүхэн дээр асар их амжилт бүтээлтэй ажилласан үндэстний цөөнхийн хаадын нэг нь юм.
Сяньзүн Мөнх хаан 1208 оны билгийн улирлын 12-р сарын 3-ны өдөр мэндэлжээ. Тэр бол 20-р зууны содон хүмүүсийн нэг, Хятадын түүхэн дэх агуу их улс төрч, цэргийн эрдэмтэн Чингис хааны отгон хөвгүүн Толийн ахмад хөвгүүн нь юм. Анх Юань улсын Тайзүн хаан Өгөдэй хааныг дагалдан дайдаж явсан бөгөөд хожим нь Чингис хааны ач, Хивцаг хаант улсыг үндэслэн байгуулагч Бат ханыг дагаж, Оросын олон аймаг бүлгийг эрхэнд оруулж, бас Мазар зэрэг Европын улс орнуудад довтлон орсон байв. 1251 онд Бат хан зэрэг хүмүүсийн дорвитой туслалцаа дэмжлэгтэйгээр Монголын их хааны ширээнээ суужээ. Мөнх хаан ширээнд суусныхаа дараа, Да ли, Турфан зэрэг газрыг нэгтгэв. Мөнх хаан 1258 онд дүү Хувилай ба их жанжин Урианхтайд цэрэг дайчлуулан, өмнөд Сүн улсыг довтолжээ. 1259 онд өөрөө их цэрэг дайчлан аялж, Хэ жөү хотыг бүслэн байлдаж байгаад аз бусаар шархдаж, мөн жилийн билгийн улирлын 7-р сарын 27-ны өдөр Хэ жөүгийн зүүн тал дахь Дяо Юй шань хэмээх ууланд таалал төгөсчээ.
Мөнх хаан бол олноос хэтийдсэн эрдэм ухаантай, бичиг цэргийн эрдэм хосолсон, асар их амжилт бүтээлтэй гарамгай хүн байсан юм. Дэлхий дахиныг торгиулж Ази Европ хоёр том тивийг сундлан, Монголын их хаант гүрний хийсэн аян дайны явцад Мөнх хаан биеэр хошуучлан эрэлхэглэн байлдаж, гайхамшигт гавьяаг олон удаа байгуулж, Юань улсын Шизү Хувилай хааны Хятад улсыг нэгтгэж Юань улсын төрийг байгуулахад үндэс суурь тавьж өгсөн бөгөөд бас ухаан эрдмээрээ Чингис хааны угсааны ван нарын дотор оройлж байсан билээ.
Мөнх хаан ухаан бодол цэцэн сэргэлэн, альваа бүхэнд лавдуун хянуур хүн байжээ. Тэрээр соёл эрдэм дэлгэрүүлэн хөгжүүлэх явдлыг маш чухалд үзэж байсан юм. Дүү Хулгугаа баруунш дайлуулахаар мордуулахдаа, өрнөдийн одон орон судлалын эрдэм ухааныг дэлгэрүүлэхийн төлөө, Ираны одон орон судлаач нэрт эрдэмтэн Насулдан. Тусыг залж авчрахыг тусгайлан сануулсан гэдэг. Мөнх хаан соёлын өргөн мэдлэгтэй байсан бөгөөд ялангуяа тооны ухаанд маш нэвтэрсэн байжээ. Мөнх хаан бол эртний Грекийн тооны ухаантан Евклидын туурвьсан дэлхийн тооны ухааны хамгийн анхны аварга бүтээл болох "Геометрийн ухааны үндэс"-ийг Хятад улсад анх судалсан хүн юм. Пересийн нэрт түүхч Рашид Аддин "Судрын чуулган" хэмээх түүхийн номдоо: "Мөнх хаан эрдэм ухаан болон алсын бодлоготой байдгаараа бусад монгол ван нараас оройлж, Евклидийн зарим зургуудыг шинжилж тайлбарласан" гэжээ. Энэ нь Евклидийн "Геометрийн ухааны үндэс" хэмээх номын зарим агуулга байсан гэдэг нь гарцаагүй юм.
13-р зууны үед араб хэлнээ орчуулагдсан Евклидийн "Геометрийн ухааны үндэс" ном нь Хятад улсад уламжлагдан ирсэн байна. Гэвч энэ ном хятад хэлнээ орчуулагдсан эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд Мөнх хааны судалгааны тэр бүтээл нь ч манай үед уламжлагдан ирсэнгүй.
Түүх шастирт тэмдэглэснээр, Мөнх хаан бол эрс шулуун зан араншинтай, үг дуу цөөнтэй хүн байжээ. Төр гүрний том үйл хэргийг зохицуулах тухайлбал зарлигийн бичиг туурвих зэрэг ажлуудын зонхилохыг нь бүр өөрөө бичиж байсан ба түүнээ дахин давтан хянаж боловсруулж засаад сая нийтлэн хэрэгжүүлдэг байсан аж. Тэрээр сул сэлүүн амьдрахыг зорьж, хорим найр тавьж үрэн таран хийх, хээнцэр тансаг ордны амьдралд дургүй байжээ. Мөнх хаан Хятадын нэгдэл болон үндэстний соёлыг хөгжүүлэх, өрнөдийн тэргүүний эрдэм соёлыг уламжлан дэлгэрүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан юм. /О.Дарамбазар орчуулав/
|