• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-27 17:58:56    
"Дэлтэй шувуудын дүүлээн"-монгол моридын давхиа

Хятадын Олон Улсын Радио

     Агтын нуруун дээр нүүдэл соёлоо тамгалж, алагхан дэлхийтэйгээ амь нэгтэй ханисч явсан монголчууд маань зуун зууныг элээн шагшигдаж, амьдрал ахуйдаа эдэлж байдаг ердийн зүйлс нь ч олны сонирхолыг татаж юу нэгийг санагдуулж байна. Ингээд монгол найр наадам маань ч ганц эрийн гурван наадам биш болж, монгол соёлыг тал талаас нь харуулах баялаг агууллагатай болсон байна. Мал сүргийн нуруу тэнийсэн Үзэмчин нутгийн энэ зун гэж ёстой өншиг сайхан байсан юм. Монгол хаант улс байгуулагдсан 800 жилийн ой тохиож байгаа сүлд хийморт цагийг завдаж, Үзэмчин нутаг нь 800 "Ажнай хүлэг"-ийн адуун соёлын найр хийлээ. Тал хөндийгээр тачигнах мөндөртэй бороон шиг, "дэлтэй шувууд"-моридын давхиа дэлхийн сонорыг донсолгож, Гинесийн тэмдэглэлд орсон байна.

     Дэлгэр сайхан энэ наадамд "Зургийн үзэсгэлэн", "Баруун үзэмчиний нэрт хүлэг", "Бөхийн дагшин орон", "Соёл урлагийн цуут хүмүүс", "Монгол хувцас засал", "Үзэмчин соёлын үзэсгэлэн" зэрэг олон талыг хамарсан үзмэрүүд дэлгэн үзүүлж, шалгаруулалт хийсэн байна. Үүнд олны сонирхолыг татаж, сэтгэл зүрхэнд хоногшсон зүйлс ч байлаа.

     Эр хүний унаа хүлэг морины ганган чимэг товруу мөнгөн эмээл, хазаарын шалгаруулалт наадамчин олноо шагшуулж, үзэмж төгс явагджээ. Жаран жилийн тэртээ уулын Үзэмчин вангийн дархан Буянтогтохын уралсан мөнгө гуулиар алаглан өнгөлсөн хяр баавар, товруу, шигтхээт ган дөрөөтэй үзэмчин эмээл, эрхий дагаж эргэлдсэн суман ташуур, амгай хатуу мөнгөн хазаар зэрэг морины мөнгөн эдлэл олны анхаарлыг татаж тэргүүн байр эзэлсэн байна. Уг эртний хийцтэй эмээлийг аврага Сэнгээгийн дүү Лодон эдэлж байсан юм.

     Энэ наадамд бас уран бүсгүйчүүдийн гар хурууны эрдмийг шалгах утас ээрж дээс томох, угалз хайчилах, тохош оёх, аргал түүх, хурууд хийх зэрэг тэмцээн явагдлаа. Үүнд "Араа хамба" гэх угалз хайчилах нь маш онцлогтой юм. "Араа хамба" гэх угалз бол монгол гэрийн авдар хорго, бөхийн зодог туухууд байдаг баялаг агууллагыг илтгэсэн, уралж сийлэхэд дөхөм, үзэмчин бүсгүйчүүдийн ур ухааны шалгуур болсон байдаг.

     Бас нэг сонирхолтой зүйл гэвэл 800 монгол морьдын шандсыг сорих адуун соёлын энэ найрт морин дээрээс "Улаа дамжуулах" уралдаан боллоо. Ингээд 800 жилийн өмнө монголчууд хурдан хүлгээр хүчин залгаж, Ази Европыг сундлан улаа дамжуулж, өдөт захидал, яаралтай чимээгээ дөрөөн дээрээс хүргэж байсан бол 800 жилийн дараах өнөө үзэмчин нутагт "Улаа дамжуулах" хурдан морины уралдаан явагдлаа. Энэ уралдаанд оролцсон морьтон эр болгон 5 км-ийн тойрог замыг бүтэн эргэж, дараагийн морьтондоо 300 метрийн зайд дөрөөн дээрээс тэнсэн ташуур дамжуулж байв.

     Монгол соёлын онцлогт зүйлсийг даяарт таниулах 800 ажнай хөлгийн наадам нь хүн зон, байгаль дэлхийгээ баясган өндрөллөө. сэрмүүн хангай нутгийнхаа торгон ногоон бэлчээрт буудалласан наадамчидын хөсөг их найрын чимэг болж онцын үзэсгэлэн харагдаж байлаа.