• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-07 17:12:38    
Нийслэл Бээжингийн Тянь Аньмэнь асар дээрх том улаан дэнлүүнүүд

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын чухал том баяр дурсгалын өдрүүд болон үндэсний баяр тохиох бүр нийслэл Бээжингийн Тянь Аньмэнь асрын дээр том улаан дэнлүү өлгөдөг нь нэгэнт зуршил болсон зүйл юм. Тянь Аньмэнь асар дээр 8 том улаан дэнлүү өлгөсөн нь баярын үеийн нийслэл хотод нэн их гэрэл гялбаа нэмэрлэдэг байна.

     1994 оны 9-р сараас өмнө, баяр дурсгалын өдөр болон өргөн их ёслолын ажиллагаа хийх болгонд Тянь Аньмэнь асар дээр БНАХУ байгуулагдах өргөн их ёслолын үед хэрэглэсэн том дэнлүүг өлгөсөөр ирсэн юм. Дэнлүү болгоны өндөр нь 2.23 метр, хүрээний урт нь 8.05 метр, хүнд нь 80 кг орчим байжээ. Тэдгээр дэнлүүнүүд нь маш том, өлгөхөд дөхөмгүй, хадгалахад ч бэрхшээлтэй байсан бөгөөд улаан самбай даавуу нь ч нар салхинд өнгө нь унадгийн улмаас түүнийг 2, 3 жилд 1 удаа солидог байсан билээ.

     1994 оны 9-р сард БНХАУ байгуулагдсаны 45 жилийн ойг ёслон тэмдэглэхийн төлөө, Тянь Аньмэнь асрыг засан чимэглэхийн зэрэгцээ бас асар дээр өлгөж байсан хуучин том дэнлүүг ч ган төмөр хийцтэй эвхэж болох шинэ дэнлүүгээр орлуулжээ. Түүнийг Бээжин хотын барилгын засварын нэгдүгээр компанийн харьяа тоног төхөөрөмж угсралтын компани үндэсний баярын 45 жилийн ойн өмнөхөн хийж бүтээсэн юм. Шинэ дэнлүү нь эвхэж болдог учраас хуучин дэнлүүг бодвол ачах, зөвөөрлөх, өлгөх, буулгах, хадгалахад маш дөхөм болсон байна. Шинэ дэнлүүгийн гадар төрх, их бага нь өөрчлөгдөөгүй боловч, эвхэж хураасны дараа зөвхөн хуучин дэнлүүний арваны нэг хувийн хиртэй л байдаг.

     Хуучин дэнлүүг хэзээ хийж бүтээсэн, түүнийг Тянь Аньмэнь асар дээр хэрхэн өлгөсөн түүх нь ийм байдаг юм. 1949 онд БНХАУ байгуулагдах өргөн их ёслол хийхээс өмнөхөн, Хятадын удирдагч асан Жөү Эньлай Тянь Аньмэнь асрыг гоёж чимэхийг Хятадын умард нутгийн цэргийн тойргийн улс төрийн газрын "Кан ди жюй шэ" гэдэг жүжгийн хамтлагт үүрэг болгожээ. Тухайн үед тэр хамтлагт Японы дүрслэх урлагийн техникумийг төгсгөсөн Коно, Моритака гэсэн хоёр хүн байв. 1945 онд тэд хоёул Японы имперлизмыг эсэргүүцэгч хэсэг залуучуудыг даган Бээжингээс гарч, Чуулалт хаалганд хүрээд наймдугаар замын цэрэгт орсныхоо дараа, "Кан ди жюй шэ" гэдэг жүжгийн хамтлагт тайзны чимэглэлийн ажил хийсэн байна. Чөлөөлөгдсөн нутгийн соёл урлагийг ойлгож, тайзны урлагийн практикт олон жилээр оролцож явсан нь тэднийг тухайн үеийн Хятадын умард нутгийн цэргийн тойргийн дүрслэх урлагийн салбарын гарамгай уран бүтээлчид болгон хүмүүжүүлсэн байлаа. Ийм учраас Тянь Аньмэнь асрыг гоёж чимэглэх үүргийг тэд хоёрт даалгасан байжээ. Коно, Моритака хоёр олны саналыг сонсон үндсэн дээр, нэг 7 хоногийн хугацаанд шаргуу ажиллаж 20 зураг зурж, олноор ярилцуулж дахин давтан шилж сонгосны дүнд шалгарсныг нь хянан зөвшөөрүүлэхээр ерөнхий сайд асан Жөү Эньлайд өргөн барьсан байна.

     Ерөнхий сайд Жөү Эньлай Тянь Аньмэнь асрын гоёл чимэглэлийн ажилд маш их анхаарал тавьж, зураг болгоныг нь нарийн нямбай хянан үзэж, арван тулгуурын хооронд нь нарны хэлбэртэй 8 дэнлүү өлгөхөөр зурж төлөвлөснийг нь сайшааж, Хятадын умард нутгийн цэргийн тойргийн улс төрийн газрын суртал ухуулгын хэлтсийн дарга Жан Жи-шянд үндэсний баяр ёслолоос өмнө тэдгээр дэнлүүг Тянь Аньмэнь асар дээр өлгөх хэрэгтэй гэж заавар өгчээ.

     Жан Жи-шян болон соёл урлагийн хамтлагийн бүжгийн ангийн Сү Фань хоёул дэнлүүний үлгэр загвар хайж бүх Бээжин хотыг бартал тойрсон боловч, тийм том дэнлүүг ер нь олж харсангүй байлаа. Тэр үед үндэсний баяр болоход зөвхөн 10 хоног л үлдээд байсан тул, бүгдээр арга барагдаж байтал, Коно дуугүй сууж байснаа: "Бээжин хотод хэдийгээр ийм том дэнлүүгүй боловч, бяцхан дэнлүү зөндөөн байгаа биш үү? Бид дэнлүү хийдэг урчуудыг урьж авчраад арга бодъё. Том дэнлүү, жижиг дэнлүүний хийх арга нь адилхан байх ёстой" гэж хэлжээ. Түүний энэ үгийг сонсоод, бүгдээр маш баярлаж, Сү Фань тэр доороо Хааны өвлийн ордонд очиж, Манж Чин улсын олон үеийн архивын танс харыг орвуулсаар байж, амьд сэрүүн байгаа дэнлүүчин нэг хүний тухай сургийг олсон байжээ. Тэд архивд тэмдэглэсэн хаягаар нь Чянь Мэнь хаалганы гадна сууж байсан Инь овогтой тэр хүнийг хайж уулзаад, тэр настанд санаа бодлоо хэлж зургаа үзүүлсэнд тэр настан тэдний зургийг нь үзэж бас Тянь Аньмэнь асрын байдалтай газар дээр нь танилцсаныхаа дараа, "Орд харшны ийм том дэнлүүг би хийх байтугай, үзэж ч өнгөрөөгүй. Гэхдээ надаар хийлгэе гэвэл нэгд би шавь нартайгаа хийнэ. Хоёрт Тянь Аньмэнь асар дээр нь хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол, асар дээр өргөж гаргахын аргагүй болно" гэжээ.

     Түүний саналыг холбогдох байгууллага зөвшөөрсөнд, Инь настан 2 шавь болон зураг төсөл зохиогч 2 япон хүнийг дагуулан, Тянь Аньмэнь асар дээр 3 хоног өдөржин шөнөжин ажиллаад, том улаан дэнлүү зохиож бүтээх үүргээ 2 хоног урьдчилан биелүүлсэн байлаа. Гал залуу насны арван хэдэн байлдагч хүч чадлаа шавхан байж, тэрхүү асар том улаан дэнлүүнүүдийг өргөж Тянь Аньмэнь асрын арван том тулгуурын хооронд нь өлгөж тогтоосон юм.

     БНХАУ-тай 45 жилийг хамт өнгөрүүлж гэрэл цацрангуй түүхт үүргээ биелүүлсан хуучин дэнлүүг өнөө Бээжин хотын Ардын Засгийн газрын Тянь Аньмэнь районы хэрэг эрхлэх хороо болон Хятадын Хувьсгалын Музей зэрэг холбогдох байгууллагад хадгалж байна.

     Нийслэл Бээжингийн Тянь Мэньмэнь асрын хаалганы хоёр талын том илэрхийлэл Тянь Аньмэнь асар дээрх Мао даргын хөргийн хоёр талд нь их бага, үсгийн тоо нь адилхан хоёр том илэрхийлэл байдаг. Модон материалын хийцтэй тэр илэрхийллийн урт нь 30 метр, өргөн нь 2.2 метр байж, баруун талынх нь "Бүгд Найрамдах Хятад Улс мандтугай", зүүн талынх нь "Бүх дэлхийн ард түмний эв санааны их нэгдэл мандтугай" гэсэн утгатай хятад үсгээс тус тус бүрдсэн байгаа юм. Тэр нь Тянь Аньмэнь асарт чимэглэл болдог төдийгүй бас нэн чухал нь эртний барилгын охь содон болсон Тянь Аньмэнь асарт цаг эрины өнгө онцлог нэмсэн байна.

     Тянь Аньмэнь асрын тэр хоёр илэрхийллийн зургийг мөн 1949 оны үндэсний баярын өмнөхөн Коно болон Моритака хоёр төлөвлөж зурсан юм. Илэрхийллийг хийхэд Хятадын уламжлалт хос уянгын хэлбэрийг ашигласан бөгөөд улаан өнгөн дээр үсгийг нь цагаан өнгөөр гүдгэр сийлж уралжээ.

     Анх эхэндээ Тянь Аньмэнь асар дээрх илэрхийллийн үсгүүд нь дэлгэрэнгүй тигийн үсэг байсныг 1964 оны "Майн нэгэний баяр"-аас өмнөхөн хураангуй тигийн үсгээр солиж өөрчилжээ. Хятад улс 1956 оноос хураангуй тигийн хятад үсэг хэрэглэж, төв алгуугаар ярихыг түгээмэлжүүлж, хятад хэлний авианы галиг боловсруулан тогтоож хэрэгжүүлсэн юм. 1970 онд Тянь Аньмэнь асарт дахин засвар хийхдээ том илэрхийллийг модон материалаар хийж байсныг нь төмөрлөгөөр хийх болгож, илэрхийллийн хүрээний хээг нь хэрэглээгүйгээр цайвар шар өнгийн ширээр будсан байлаа.

     Тянь Аньмэнь асрын дээрх өнөөгийн илэрхийлэл нь БНХАУ байгуулагдах үеийнхтэй агуулгын хувь бага зөрөөтэй байдаг юм. 1949 онд "Бүгд Найрамдах Хятад Ард Улс мандтугай", "Ардын Төв Засгийн газар мандтугай" гэсэн агуулгатай байсан бөгөөд түүнийг тухайн үед Хятадын Хэвлэл Мэдээллийн Хэрэг Эрхлэх Ерөнхий Газрын дарга Хү Чяо-мү боловсруулан тогтоосон байжээ. 1950 оны үндэсний баярын үед Хү Чяо-мүгийн саналын дагуу, Тянь Аньмэнь асрын хаалганы зүүн талын илэрхийллийн "Ардын Төв Засгийн газар мандтугай" гэснийг нь "Бүх дэлхийн ард түмний эв санааны их нэгдэл мандтугай" гэсэн агуулгатай хятад үсгээр солиж өөрчилсэн байна. Ингэж өөрчлөлт оруулсан тухайгаа Хү Чяо-мү тайлбарлаж хэлэхдээ: "Тянь Аньмэнь асрын дээрх хоёр илэрхийллийн нэгэн дээр нь 'Хятад улс', нөгөө дээр нь 'Бүх дэлхий' гэж бичих нь үндэстний утга агуулатай төдийгүй бас интернационализмын үзэл санааг харуулах учраас ямар ч үед бүр тохиромжтой юм" гэжээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/