Монгол үндэстний түүхэн дээр анагах ухааны их олон нэрт эрдэмтэн төрж гарсан бөгөөд ялангуяа тэдгээрийн дотор нэртэй яс бариач нэлээд олон байсан юм. Хөдөө нутгийн нүүдлэн маллах амьдралын явцад ойцож бэртэх явдал байнга гардаг байсан учир, Монгол үндэстэн эрт дээр үеэсээ аваад гадар шархны анагах ухааны судалгаа шинжилгээ болон эмчилгээний практикийг маш чухалд үзсээр ирсэн билээ. Мэргэн цорж бол тэр олон оточийн доторхи нэг нь юм. Тэрээр практикийн явцад шаргуу суралцаж, нарийн нямбай судалгаа шинжилгээ хийсэн байна. Түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, Мэргэн цорж анагах ухааны ур мэргэжил сайтай байж, эмчлэн засах өвөрмөц арга хэрэглэж байжээ. Үе гишүүний өвчнийг эмчлэхдээ тэрээр орчин үеийн илэлгийн засалтай адилвтар аргыг байнга хэрэглэж байв.
17-р зууны эхээр Манж үндэстэн Хятадын зүүн хой нутагт хүчирхэгжин мандаж, Мин улстай байнга дайдаж байжээ. Тэр үед дайн байлдаанд хэдийгээр дөхөм буу зэвсэг хэрэглэж байсан боловч, зонхилох нь явган цэрэг байж, морьт цэрэг нь мөн урт жад, урт сэлэм болон нум сум хэрэглэж байсан аж. Нэг удаагийн дайнд Манжийн Цагаан хошууны хошууч жанжин Эшүн зэвэнд оногдон хүнд шархадаад үхэж сэгэхийн даваан дээр байсан үед Мэргэн цорж хүрч очсон байв. Мэргэн цорж гадар шархыг анагахад онцгой мэргэшсэн хүн тул, шархатны хажууд нь зогсож байдлыг нь ажиглаж шинжсэнийхээ дараа, зэвийг нь сугалан авч эм түрхэж боож өгсөнд, Эшүн удсангүй үхлийн аюулаас мултарч илааршсан байлаа.
Бас нэг удаа, Манж үндэстний цэргийн их ноён дүтүн түшмэл Ү-бай цэрэг дагуулан дайдаж байгаад 30 гаруй зэвэнд оногдон хүнд шарх олж, ухаан сэхээгүй болжээ. Мэргэн цорж нэг цагаан тэмээний хэвлийг хагалж, Ү-байг тэмээний хэвэльд нь хийж эмчилсэнд, Ү-бай удсангүй сэргэж, түргэн тусламж нь амжилтанд хүрсэн байлаа. Энэ бол амьтны биеийн илчинд түшиглэн хүний шархыг зохих хэмжээнд засаж, биологийн зарим чадавхийг нь хэвийн болгох нэг зүйлийн эмчилгээний арга юм. Шооконд орсон хүнийг цаг даруйд нь сэргээж авч чадахгүй юм бол эндэхэд хүрнэ. Иймээс урьдаар сэргээж чадвал сая гадар шархны бусад эмчилгээ хийж болох юм. Мэргэн цоржийн түргэн тусламжийн энэхүү арга бол мэсийн шарх авч шооконд орсон хүнийг сэхэн амьдруулах талаар Монгол үндэстний хэрэглэж байсан уламжлалт эмчилгээний арга юм. 13-р зууны үед Чингис хаан дайн байлдааны явцад бас эмчилгээний иймэрхүү аргыг хэрэглэж өнгөрчээ.
Мэргэн цорж их олон шархатныг эмчлэн эдгээсэн болохоор, хүмүүсийн сайн үнэлгээг хүлээж байжээ. Тухайн үед хүмүүс түүнийг Хятадын гурван улсын үеийн нэрт эмч Хуа Түөтэй зүйрлэж "Хуа Түөгийн хувилган" хэмээн нэрэлсэн байлаа.
17-р зууны эхний үед Мэргэн цорж эмчилгээний өвөрмөц аргаа Хятадын дотор газарт уламжилж, Манж Монголын найман хошууны цэргүүдэд сургасан байв. Ингэснээр Манж Чин улсын үед Хятадын олон газарт "монгол эмч" олноор илэрсэн бөгөөд Манж Чин улсын засгийн газар ч тэдний дотроос мэргэжил өндрийг нь сонгон шалгаруулж хааны ордонд аваачин, ордны хүмүүс болон өндөр албаны хүмүүст үйлчлүүлсэн байна. Үүний зэрэгцээ бас эмчилгээний хугацааны талаар хатуу дүрэм тогтоож, хугацаанаас нь хэтэрч эмчлэн засаж чадахгүй юм бол шийтгэл торгууль оноодог байжээ. Мэргэн цорж нас барсны дараа, 1728 онд бусад "монгол эмч нар" түүний эмчилгэний нууц аргыг нь тухайн үед Бээжинд суралцаж байсан Оросын оюутан сурагчдад уламжлан сургасан байв. /О.Дарамбазар орчуулав/
|