Өмнөд умард туйлыг хүмүүс их л сонирхон гайхаж, хүн амьтан оршин тогтнохын аргагүй энэ газарт их хэмжээний судалгаа шинжилгээ хийх шаардлагагүй юм шиг санадаг байлаа. Үнэндээ ийм биш юм, газрын бөмбөрцөг нь ганц л бүхэл бүтэн цогц болохоор хоёр туйлын оршиж байх, улиран хувьсаж байх нь бусад районтайгаа нягт холбоотой байгаа юм. Ийм болохоороо, олон жилийн туршид хоёр туйлын судалгаа шинжилгээ нь бишгүй олон улс орнуудын хээрийн хайгуулчид болон шинжлэх ухааны зүтгэлтэдийн сонирхолыг татаж байгаа юм.
20-р зууны 90-ээд оноос өмнө, хүйтэн дайны уршгаар, Хятад улсад умард туйлд шинжилгээ хийх боломж даанч бага байлаа. Хүйтэн дайн дууссанаас хойш, Хятад улс сая умард туйлд шинжилгээ хийх ажлаа эхлүүлсэн байна. Хятадын тэнгис далайн ажил эрхэлсэн үндэсний газрын хоёр туйлд шинжилгээ хийх албаны дарга ноён Чюй Таньжөү умард туйлд эрдэм шинжилгээний ажил өрнүүлэх чухал ач холбогдлын тухай хэлэхдээ: Тасхийм хүйтэн умард туйлын районы улиран хувьсах явц нь хүний үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх, хүний үйл ажиллагаа нь туйлын районд бас ямар нөлөө үзүүлэх зэрэг нь даян дэлхийн хүмүүсийн анхааралыг татсаар байгаа асуудал юм. Хятад улс нь бөмбөрцгийн умард хэсгийн том орон болохын хувьд, умард туйлын цаг агаарын өөрчлөлтөд шууд нөлөөлөгдөж байгаа юм. Иймээс бид умард туйлын цаг агаарын өөрчлөгдөх явцыг нэн илүү анхаарч байгаа юм. Үүнийг мөн умард туйлын эрдэм шинжилгээний урьд захын халуун цэгийн асуудал гэж хэлж ч болох юм гэжээ.
1999 он болон 2003 онуудад, Хятад улс "Шюе лүн" гэдэг эрдэм шинжилгээний хөлөг онгоцоор умард мөсөн далайн усан хилд очиж, далай тэнгис, мөс цас, агаар мандал, биологи, геологи зэрэг олон талаар ерөнхийлсэн шинжилгээ хийж, үлэмж хэмжээний ховор нандин тоо баримт болон дээжүүд олж авсан байна. Энэ талын судалгаагаа цаашид өргөтгөхийн төлөө 2004 онд Хятад улс анх удаагаа умард туйлын цагаригт эрдэм шинжилгээний станц байгуулсан байна. Уг станцын ажил хариуцсан ноён Ли Чүньшянь хэлэхдээ:
Хятад улс 2004 онд Норвегийн Спицберген олтригын Шинэ Алесунд районд Хятадын умард туйлын эрдэм шинжилгээний станц болох Хуан хэ станцыг байгуулж, газрын бөмбөрцгийн физик, агаар мандал, хэмжин зурах, геологи болон далай тэнгисийн судлал зэрэг олон шинжлэх ухааны салбарын ерөнхийлсэн судалгаа шинжилгээ хийж, үлэмж хэмжээний материал, тоо баримт болон дээж олж, Хятад улс умард туйлд олон жил үргэлжлэн судалгаа шинжилгээ хийхэд бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.
Эрдэм шинжилгээний станцын тэргүүн эрдэмтэн доктор Ян Хуйгэнь манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ:
Хуан хэ станцд өрнүүлсэн газрын бөмбөрцгийн экологийн орчин ахуйн улиран хувьсах тухай судалгаа шинжилгээ нь маш сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Хуан хэ станцын байгаа газар уул нь нүүрсний компани байсан бөгөөд өнгөрөгч зууны 60-аад он болтол нүүрс олборлож байжээ. Хятадын шинжлэх ухааны зүтгэлтэд биологи, химийн аргаар нүүрс олборлох нь газрын бөмбөрцгийн улиран хувьсахад ямар нөлөө үзүүлдэг тухай судалгаа шинжилгээ хийсэн байна. Үүний дүнд өнгөрсөн 100 жилийн турш, шинэ Алесунд районд нүүрс олборлосон болон хүний ажиллагааны сөрөг нөлөөгөөр усны шувууны тоо хэмжээ эрс хорогдсоныг илт тогтоосон байна гэжээ.
Хятадын далай тэнгисийн ажил эрхэлсэн үндэсний газрын хоёр туйлын шинжилгээний албаны дарга ноён Чюй Таньюй хэлэхдээ:
Бидэнд "Шюе лүн" гэдэг шинжилгээний хөлөг онгоц болон Хуан хэ станц байгаа болохоор умард туйлын эрдэм шинжилгээний ажлаа тасралтгүй өрнүүлж, тус районд шинжилгээ хийх хүч чадлаа ихээр нэмэгдүүлсэн байгаа юм. Хойшид бид станцдаа судалгаа шинжилгээ хийхээс гадна, умард мөсөн далайн районд байнга хөлөг онгоц илгээн шинжилгээ хийхийн зэрэгцээ, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, бидний судалгаа шинжилгээний түвшинээ дээшлүүлэх болно гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/
|