Мянгант бол Хятадын түүхэн дээр үндэстний цөөнхүүдийн дотроос төрж гарсан, шинжлэх ухааны олон салбарыг хамран судалж гарамгай ололт амжилттай ажилласан цөөн эрдэмтдийн нэг нь юм. Тэрээр эрдэм боловсрол сайтай байж, тооны ухааны талаар чухал том амжилт гаргасан төдийгүй бас одон орон судлал, зурхайн ухаан, газар зүй, хэмжил зүй зэрэг талаар ч асар их хувь нэмэр оруулсан юм.
Мянгант бол Хятадын Манж Чин улсын үеийн одон орон, зурхайн ухаан, газар зүй, тооны ухааны нэрт монгол эрдэмтэн юм. Мянгант Өвөр Монголын Шилийн-голын чуулганы Цахар зүүн гаран шулуун цагаан хошуунд (одоогийн Шулуун хөвөөт цагаан хошуу) мэндэлжээ. Түүний өргөсөн нэр нь Жин Ань гэдэг.
Мянгант залуу багын үедээ Манж Чин улсын Тэнгэрийг сүсэглэх яаманд сонгогдон орж, одон орон, зурхай судлал, тооны ухаан сурчээ. Тэнгэрийг сүсэглэх яам нь тухайн үеийн Засгийн газраас байгуулан ажиллуулж байсан одон орон, зурхайн ухааны судалгааны байгууламж байжээ. Энх амгалан хаан одон орон, зурхайн ухааны судалга шинжилгээний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд, энэ талын эрдэм чадвартай хүмүүсийг бэлтгэн хөгжүүлэхэд маш анхаарч байв. Мянгант шаргуу шимдэн сурч, маш их амжилтанд хүрсэн учир, Энх амгалан хаан түүнийг чухал байранд дэвшүүлэн хэрэглэжээ. Мянгант газар зүй, одон орон судлал, тооны ухааны судалгаа шинжилгээний салбарт гарамгай амжилт бүтээлтэй ажиллаж, эрдэм шинжилгээний олон ном зохиол бичсэн байна. Энх амгалан хааны үед Мянгант "Люй ли юань юань" буюу "Хөгжмийн хэмнэл, зурхайн ухааны эх үндэс", "Хуан юй чуань тү" буюу "Хааны зарлигаар зохиосон газрын зураг", Тэнгэр тэтгэгч хааны 9-р оноос 17-р оныг хүртэлх хугацаанд "И шян као чэн" буюу "Одон орон судлалын ойллого" зэргийг зохиох ажлуудад голчлон оролцож явжээ. Тэнгэр тэтгэгч хааны 21-р онд (1756 он), 24-р онд 2 удаа Шинжянгийн Зүүн-гар нутагт хүрч, газар зүйн судалгаа шинжилгээний ажил хийв. Тэнгэр тэтгэгч хааны 25-р онд Тэнгэрийг сүсэглэх яамны эрхлэсэн түшмэлийн тушаалд дэвшин ажиллажээ.
Мянгантын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний талаар олсон хамгийн том ололт амжилт бол 30 гаруй жил хичээл зүтгэлтэй шаргуу ажиллаж, тойргийн дотоод харьцлын томьёог судлаж гаргасан явдал юм. Тэрээр "Тойргийн нягт хэмжээний дөт арга" хэмээх 4 бодьтой ном бичсэн боловч дуусгаж чадсангүй орхисныг нь хүү Мэн Шинь, шавь Чэнь Зи-шинь нар нь эмхлэн найруулж гүйцээгээд, Тэнгэр тэтгэгч хааны 39-р онд тэвтэрлэн гаргаснаар, уг ном нь манай үед уламжлан ирсэн байна.
Тэнгэр тэтгэгч хааны 30-р оны өвөл Мянгант өвчний улмаас албан тушаалаасаа чөлөөлсөн бөгөөд түүний дараа нь удсангүй 73 насандаа таалал төгсчээ.
Мянгантын эрдэм шинжилгэний ололт амжилт нь эх орон болон хүн төрөлхтөний шинжлэх ухааны түүхэнд үүрд балрашгүй нандин өв сан болсон юм. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|