Өнгөрөгч зууны далаад оны дундуур Өвөө, эмээ, ээж, аав, эгч, дүү тавуул нийлээд манай гэрийн есөн ам бүл олны адилаар өмсч идэхээ дөнгөж аргацаан, шар өдөр бор хоногийг өнгөрөөж байсан юм.
Тэр үед сум шатнаас хагас жил болгон нэг удаа кино гаргаж өгөхөөс өөр сонирхож шохоорохмоор зүйл үгүй байв. Харин нэг өдөр манай бригадад "хайрцаг дотор хүн харагддаг" телевизийг нь авчираад оройдоо олонд үзүүлж байна гэсэн сонин чимээ дуулдлаа.
Тэр орой нь миний үеийн хэдэн нусанхайчууд хормойд нь хий орсон юм шиг хоолоо ч идэлгүй тавны газрын замыг амьсгаа мэдэн гүйсээр бригад оров. Бригадын гэрт хүмүүс чихэлдэн хүзүүгээ сунган өндөлзөнө. Бригадын манаач өвгөн шаргал модон авдар дээр үнсэн хөх өнгөтэй дөрвөлжин юм тавьж, наад алган хир дэлгэц дээр нь ам хамар нь ялгагдахгүй зураг дүрс жирвэлзэж л байлаа.
"Нүүр царай нь хүртэл тод гардаг юм, яачихсан юм бол? " гэж мэддэг нэг нь утсыг нь нааш цааш шилжүүлж, ар өврийг нь алгадаж илбэж үзсэн ч дуу нь гарахаас биш дүрс нь тодгүй байлаа.
"Энэ телевиз дэ" гэж хүмүүс цөхөрч бачимдсан янзтай ч орой болгон осолдолгүй ирж, телевизийн дэлгэц рүү хүслийн харц тусган хөлөө чилтэл, хүзүүгээ хөштөл зогсдог байлаа.
Тэр үед ард олноо баяжуулна гэж бригадаас морин хончир гэдэг өвсний үр бөөнөөр худалдан авчирч малчидад түгээдэг байлаа. Ээж минь хувидаж олсон өвсөн үрээ хашаандаа тариж, бүтэн хавар зун арчилж, намар нь үрийг нь худалдаад 300-гаад юань олов. "энэ мөнгөөрөө телевиз авч хүүхэддээ сонирхуулья" гэж ээж үг цухуйлгахтай зэрэг өвөө эрс эсэргүүцэж, "телевиз гэдгийг чинь идэж ууж ч болохгүй, тэгэхээрээ энэ хэдийнхээ гэдсийг өлсгөхгүйг бодсон нь дээр байх" гэв. "үйлээ үзэж өвсөн үр тарисан нь энэ хэдийнхээ нүдийг хужирлая гэсэн юм" гэж ээж ам хурайгүй яншисаар байгаад өвөөгийн зөвшөөрлийг олж, үхэр тэргээр зах орон 14 инчын дэлгэцтэй "хунми" тэмдэгт телевиз авчирлаа.
Ингээд аав мэддэг чаддаг хүн залж, телевизийн дэлгэцийг нээж хаах, суваг солиохыг нь хүртэл заалгаж, бид хот усандаа телевиз авсан анхдагч өрх болсон юм.
Эхэндээ аав "зураг дүрс нь ч тодгүй, үүнийг үзээд ямар хэрэг байх юм" гэж уурлаж уцаарладаг байсан боловч телевизийн дэлгэцэнд орох шахан өнгөлзөн шахалдан байж, үздэг бидний адилаар хэдхэн хоноод л болсонгүй телевизид дур бахтай болж, орой болсоор л "өнөөхөө тавьчихгүй уу?" гэж биднийг шалдаг болов.
Хөрш айлын үеийн найз нар минь ч хамт тоглох шалтгаар манайд цугларан телевиз үзэхэд нь халуун сэтгэлт ээж минь гэрийн хүмүүсийг нь ч дуудуулж, навтгар гэрийг минь дүүртэл сууцгааж, хар цай оочилон, телевизээс хамаг ертөнцийн сонин сайханыг хамтдаа сонирхоход өдрийн ажилдаа ядарч туйлдсан хүмүүсийн урам зориг нь оргилж, унтах нойр нь арилж оддог сан. Одоо болоход айл болгон том дэлгэц бүхий өнгөт телевизтэй болж, өөрийн дуртай сувгаа шилж сонгон, гэртээ суугаад ертөнцөөр тойрч байна. хориод жилийн амьдралын хувирал хөгжлийн гэрч болсон "хунми" тэмдэгт телевиз маань хэдүйгээр хуучирч хоцорсон ч авдар дээр минь хэвээрээ харагдана. "амьтайгаа холбож ирсэн юм, хэзээ ч юугаар ч солихгүй " гэж ээж минь үнсэн бор телевизээ дандаа зүлгэж арчин эрхмэлэн хадгалж байдаг юм.
|