Сүмбэ хамба Ишбалжир бол 18-р зууны үед монгол түвд нутагт нэрд гарсан дээд монголын том эрдэмтэн юм. Тэрээр монгол анагах ухааны гарамгай эрдэмтэн байсан төдийгүй бас монгол түвдийн түүх, шашны ухаан, уран зохиол, одон орон судлал, гүн ухааны талаар ч маш их хичэл зүтгэлтэй ажилласан нэрт түүхч, нэрт зохиолч байсан хүн юм.
20-р зууны 50-аад оноос эхэлж, дотоод гадаадын монголч эрдэмтэд Ишбалжирын тухай судалж танилцуулсан боловч, тэр нь зөвхөн түүний уран зохиолын хүрээнд л хязгаарлагдаж байсан болохоор, энэхүү агуу их эрдэмтний шинжлэх ухааны салбарт олсон амжилт бүтээлийнх нь талаар системтэй судалж бүрэн үнэлэлгээ хийж чадаагүй байсан билээ. Үүнээр барахгүй 60-аад оны үе болтол, Ишбалжирын ямар үндэстэн болохыг нь ч тодруулж чадаагүй байсан бөгөөд зарим хүн түүнийг Түвд хүн гэж үзэж байсан юм.
Ишбалжир бол Ойрдын язгууртан гаралтай хүн юм. Тэрээр 4 наснаасаа Ойрдын Цагаан-хад сүмд шавилан сууж түвд бичиг сурсан ба 7 насандаа Хөх-нуур орж Гонглон хийд (одоогийн Хөх-нуур мужийн Хүжүгийн монгол үндэстний өөртөө засах сяний нутагт байдаг Ю Нин-сы хийд)-эд 31-р дүрийн Сүмбэ хамбаар тодлогдож ширээнд залрсан байна. 8 насандаа Гүмбум хийдэд очиж анагах ухаан, хэл шинжлэл болон буддын шашны эрдэм ном сурч, 20 насандаа Түвдийн Брайбон хийдэд очиж 5 жил суралцасан ба 5-р дүрийн банчин богд Ломсан-ешээс гэслийн сахил авч, буддын шашны гүн ухаан болон бусад эрдэм ухааныг сурч судалжээ. Ишбалжир эрдэм номын мөрт хичээн шимдэж суралцсанаар, буддын шашны их бага таван ухаан, санскирт түвд монгол хэлэнд мэргэшиж, "Эрдэнэ бандида Сүмбэ хамба" цол хүртээ. 30 насандаа урилгаар Бээжин орж Манж Чин улсын Найралт төв хааны дэргэд 2 жил суусан бөгөөд "Жанаг хамба" цолд өргөмжлөгдөн байна. Бас Хөх-хотын Устын зуу, Долон-нуур, Их-зуугийн чуулган, Алшаа хогуу болон Шаньшигийн Утай зэрэг газруудаар явж, хурал ном, эмчилгээний ажил хийсэн байна. Түүний дарагаар Гонглон хийддээ буцаж 32 жил хамба ламаар ажилласан байлаа. Өтлөө насандаа гүн ухааны бэрх асуудлаар Хөх-нуурын нэрт эрдэмтэн банчин Балдантай чойр булаалдсаны улмаас Хөх-нуур таяарт алдаршсан байжээ.
"Гэсэрийн тууж"-ийн талаар судалгаа шинжилгээний ажил хийж эрдэм шинжилгээний өгүүлэл зохиолууд дуурвиж байсан бөгөөд "Энэдхэг Хятад Түвд Монголын орон дор дээд ном ямбар мэт дэлгэрсэн ёсоны галбарагчийн модон хэмээгдэх оршив", "Хөх-нуурын дотог тэргүүтэн эсэрваагийн дуулал шинэ яруу хэмээгдхүй оршив", "Хөхөөгийн яруу дуун нэрт дуулал тэргүүтэн оршив", "Рашааны ундрал", "Рашааны цагаан шүүдэр", "Рашааны дусал", "рашааны хурим", "Эмийн нэрс ба эмт бодисыг таних болор толь" зэрэг монголын буддын шашин, түүх, уран зохиол, анагах ухааны учир холбогдол бүхий 70 шахам бүтээлийг түвд хэлээр бичжээ. 8 бодьтой сүнгбум нь Манж Чин улсын үед Хөх-хотын Устын зууд хийдэд модон бараар хэвлэгдсэн байна. Сүмбэ хамба Ишбалжир өөрийнхөө намтар түүхийг Манж Чин улсын Тэнгэр тэтгэгч хааны 42-р он (1777 он)-д бичснийг нь шавь Сүмбэ билэгт цорж Ловсан-гээлэг, шадар дархан оточ Гээлэг-самдав нар нь үргэлжлүүлэн бичиж дуусгажээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|