Ишданзанванжил бол 19-р зууны үеийн Монгол үндэстний нэрт яруу найрагч, гарамгай оточ юм.
Ишданзанванжил Өвөр Монголын Шилин-голын чуулганы Цахарын хөдөөт цагаан хошууны амбан ноён Намжилдоржийнд мэндэлжээ. 7 насандаа Ордосын Жюнь вангийн хошууны нутаг дахь (одоогийн Эзэн-хороо хошуу) Гүнгийн зуу хийд (Буян төгөс номын хүрдэт хийд)-эд 5-р дүрийн шаврангаар залагдаж, монгол түвд бичиг ба анагах ухааны эрдэм номыг шимдэн сурчээ. Манж Чин улсын Бүрэн засагч хааны 7-р он (1868 он)-д Хотончуудын үймээнд Гүнгийн зуу хийд нь шатаагдаж сүйдсэнд нутагтаа буцаж хэдэн жил суугаад, дахин Ордост очиж уулын сүмээ сэлбэн засаж сэргээсэн бөгөөд бас Дохой зуу хэмээх хийдэд хүрч буддын шашны гүн ухааныг гүнзгийрүүлэн сурсан байлаа.
20 хэдэн насандаа Хөх-нуурын Гүмбум хийдэд хүрч хэдэн жил буддын шашны гүн ухаан, анагах ухаан зэрэг олон салбар ухааныг системтэй суралцажээ. Гүмбум хийдээс буцаж харьсныхаа дараа, Гүнгийн зуу хийддээ саатахаас гадна бас Өвөр Монголын Их-зуу, Шилин-гол хоёр чуулганы олон хошуу, Халхын Их-хүрээ (одоогийн Монгол улсын нийслэл Улаанбаатар), Буриад зэрэг газар нутгуудаар мөргөл тавьж эмчилж явсан аж. Ишданзанванжил ханах төөнөх засал, рашаан засал зэрэг анагах ухааны арга мэргэжлийн талаар нябай судалж, олон жилийн эмчилгээний практикийн явцдаа хурамтуулсан баялаг туршлагадаа үндэслэн, түвдээр "Шүрэн чимэг", "Эрдэнийн чимэг", "Сувд чимэг", монголоор "Эмнэлэгийн шүлэг зуун тавин дөрвөн бадаг" зэрэг анагах ухааны нэрт бүтээлүүдийг дуурвиж, орчин үеийн монгол үндэстний анагах ухааны хөгжилд чухал их хувь нэмэр оруулсан юм.
Ишданзанванжил 54 насандаа 1906 онд Гүнгийн зуу хийдэд таалал төгсчээ.
1934 онд Ордосын Агван-еш болон Сэдэнчимэддорж нар Ишданзанванжилийн "Шүрэн чимэг"-ийг нь монголоор орчуулж гар бичмэлээр олны хүртээл болгожээ. Чөлөөлөгдсөний дараа, уг зохиолыг нь дахиж орчуулсныг 1977 онд "Монгол эмнэлэгийн дөхөм найруулга" хэмээх нэрээр Хөх-хотноо хэвлэсэн байна. Ишданзанванжилийн бичсэн яруу найргийн бүтээлүүдийг нь Сайнжаргал, Шаралдай нар цуглуулан эмхтгэж 1979 онд "Зарлигаар соёрхсон буян ивээгч Гүнгийн зуу хийдийн мэргэн гэгээн Ишданзанванжилийн шүлэг таван зуун бадаг оршбай" хэмээх эмхтгэл болгон тосон бараар хэвлүүлжээ.
1979 онд Ишданзанванжилийн хөргийг Их-зуу аймгийн Эзэн-хороо хошуунаас илрүүлсэн ба түүний хэрэглэж байсан ширээр хийсэн эмийн таарцгийг нь сүүлийн үе бас Гүнгийн зуу хийдээс илрүүлжээ. Үүнэс гадна, Ишданданзанванжилийн эм нунтаглаж байсан 21 см өндөр, 25 см диаметртай, 19.25 кг жинтэй ширмэл угуурыг Цагаан тойром сумын эмнэлэгээс, эм нүдэж хэмхлэхэд хэрэглэж байсан чулуун угуур, төмөр нүдүүрийг нь бас Ордос нутгаас тус тус илрүүлсэн байна. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|