Цао Цао бол Хятадын түүхэн дэх нэрт улс төрч, цэргийн эрдэмтэн бөгөөд уран зохиолын талаар нэлээд их амжилт гаргасан хүн юм. Түүний тухайд хүмүүс их санал зөрөлдөөнтэй байдаг билээ.
Манай тооллын 2-р зууны сүүлчээс 3-р зууны эхний үеээр Хятадын зүүн Хань улсын хаант төр доройтон буурч, орон нутгуудын хүчитнүүд өөр өөрөө туг босгон цэрэг байгуулж, дайн дажаан болж, хүчний хүрээгээ өргөтгөж байлаа. Цао Цао бол тэдгээрийн доторх улс төр цэргийн хамгийн хүчирхэг нэг хүчин байсан юм.
Тэрээр зүг бүрт байлдаж, Хятадын умард нутгийн улс төрийн хагармал байдлыг эцэслүүлсэн байна. Цао Цао манай тооллын 155 онд цэргийн эрхтний үр болж заяасан байлаа. Түүний 65 хавар намрыг элээхдээ олсон ололт амжилт нь олноос оройлсон зориг зүрх, алс гүн арга мэх зэргээс нь салашгүй юм. Цао Цао хүүхэд байхдаа цэргийн эрдэм их сурч, догшин араатантай улаан нударгаараа тулж явсан бөгөөд ганцаараа арван хэдэн хүнтэй гардан тулалдахад хүмүүс биед нь ойртож чаддаггүй байсан аж. Цао Цао залуудаа нийслэл хот Лүөянд цэргийн бага ноён байв. Тухайн үед нь Дүн Жүө төрийн эрхийг эзэмшиж, харгис хатуу аашилж байжээ. Цао Цао улс төрийн эрэл хүслээ илтгэхийн төлөө ганцаараа хааны ордонд орж, Дүн Жүөг алах гээд ялагдсаны дараа Лүөян хотоос зугтан гарч, орон нутагт хүрч цэрэг морь цуглуулан, Дүн Жүөг залхаахаар болсон аж. Дүн Жүөг нас барсаны дараа олон газрын хүчитнүүд эрх булиахын төлөө дайн дажин хийж байсан ба Цао Цао ч энэ дайнд оролцов.
Цао Цаогийн зориг зүрхтэй гэдэг нь түүний хүн хэрэглэж байсан талд ч илэрч байсан юм. Тэрээр эрдэмтнийг хэрэглэх зар 3 ч удаа гаргасан бөгөөд төрөл бүрийн эрдэм боловсролтой хүмүүсийг хэрэглэж байжээ. Цэргийн эрхтэн Жан Шиү Цао Цаотай олон удаа байлдаж явсан бөгөөд Цао Цаогийн хүү ач хоёрыг нь алсан байжээ. Хожим нь Жан Шиү Цао Цаог түшихээр очсонд Цао Цао түүнийг жанжин өргөмжилсөн төдийгүй бас түүнтэй худ болоцсон байна. Цао Цао алсын харцтай улс төрчийн хувиар хүчний хэрээгээ маш түргэн тэлсэн байлаа.
Цао Цао цэргийн явдлын тухай ном бичиг их уншдаг бөгөөд арга мэх хэрэглэхдээ сайн байв. Тэрээр Хятадын эртний "Сүнь Биний цэргийн эрдэм" гэдэг цэргийн явдлын нэгт зохиолыг бүр их дээдэлдэг бөгөөд энэ тухай олон ном судар цуглуулж, охи шилдгүүдийг нь сонгож, "Цэргийн эрдмийн сонгомол түүвэр" гэсэн ном найруулан бичиж, хожим нь өөрөө бас "Цэргийн эрдэм" гэсэн ном гаргасан байна. Цао Цаогийн хэрэглэж байсан арга мэхүүдэд дотор "Тэнгэрийн хүвгүүнийг барьцаалж олон Хөүг зарлигдсан нь" гэдэг нь хамгийн их нэртэй юм. Тухайн үед зүүн Хань улсын хаант төр нь бодит эрхээ алдаж, олон бүлгийнхэн өөр өөрийн хүчний хүрээгээ тэлж, Хань Шяньди хааныг нүдэндээ хавчихгүй байсанд Цао Цао харин түүнийг барьцаалан харьяа газартаа аваачиж, хаанаар өөрийгөө жанжин, Чэн Шян буюу ерөнхий сайд өргөмжлүүлжээ.
Манай тооллын 200 онд Цао Цао умард нутгийн хамгийн их хүчтэй цэргийн эрхтэн Юань Шаотай Гуаньдүд шийдвэрт байлдаан хийж, Юань Шао 100 мянган цэрэгтэй, Цао Цао 20 мянгахан цэрэгтэй байсан боловч Юань Шао түшмэлийнхээ гаргаж өгсөн аргыг хэрэглэхгүй олон удаа тохиолыг алдаж, төрийн түшээ нь уурлаж Цао Цаод орж өгснөөр Юань Шао байлдсангүйгээр ялагдаж, Цао Цао энэ тохиолоор Хятадын умард хэсгийг нэгтгэсэн байлаа.
Цао Цао эрдэм чадвартай хүмүүсийг зоригтой хэрэглэдэг боловч бас маш их сэжигч хүн байлаа. Цао Цаогийн "Би ертөнцийн бүх хүнийг гомдоосон ч ертөнцийн хүний намайг гомдоохыг хүлээхгүй" гэсэн үг нь их дэлгэрсэн юм. Цао Цао их эрхийг гартаа авсны дараа түшмэд, жанжнууд нь өөрт нь маш их заналхийлэл болж байна гэж үзээд алуурчин ирж хорлохоос их айж байсан тул их хэмжээний хядлага хийсэн байлаа. 208 онд Цао Цао их цэргээ авч Хятадыг нэгтгэхийг санаархаж өмнө зүгийг зорьсонд өмнөд нутгийн хоёр том хүчин Лиү Бэй болон Сүнь Чуань хоёр холбоолж, Чибид түүнтэй шийдвэрт байлдаан хийхдээ түүний сэжигчийг ашиглан завсардуулах арга авсанд Цао Цао үнэмшиж хоёр ч том жанжнаа алснаар эцэстээ ялагдаж умард нутагтаа буцжээ.
Цао Цаогийн Хятадыг нэгтгэх гэсэн санаа хоосорч, тэрээр өвчний улмаас 220 онд энэ хорвоог сэтгэл дундуур орхижээ. Тэгээд удсангүй түүний хүү Цао Пэй Вэй улсыг байгуулж, зүүн Хань улсыг мөхөөсөн байна. Үүний дараа Лиү Бэй, Сүнь Чуань ч Шү болон Ү улсыг тус тус байгуулж, Хятад оронд Вэй, Шү, Ү гурван улс зэрэгцэн оршсон цаг үед орж билээ.
|