Тэмгэт бол Манж Чин улсын сүүлч, Иргэн улсын эхний үеийн Монгол үндэстний бар хэвлэлийн нэрт зүтгэлтэн, гарамгай орчуулагч, соён гэгээрүүлэгч мөн. Түүний зохион бүтээсэн монгол хорголзон барын хэвлэх технологи нь Монгол үндэстний бар хэвлэлийн түүхийн шинэ цаг эринийг нээж, Монгол үндэстний соёл, боловсролын ажил үйлсийн хөгжилд чухал их хувь нэмэр оруулсан билээ.
Тэмгэт гэдгийн "тэмгэ" нь манж үг болох бөгөөд тэр нь монголоор "мэнгэ" гэсэн утгатай үг болох аж. Тэмгэтийн баруун нүднийх нь хөмөсгөн дээр нь мэнгэтэй байсан учир тэгэж нэрлэсэн юм байжээ. Тэмгэтийн хятад нэр нь Ван Рүйчан, өргөсөн нэр нь Инь Хөү гэдэг. Тэрээр 1887 оны билгийн улирлын 12-р сарын 7-ны өдөр Өвөр Монголын Зуустын чуулганы Харчин баруун гаран хошууны вангийн ордны Да Ши-гөү (одоогийн Улаанхад хотын Харчин хошуу) хэмээх газарт эгэл жирийн гэр бүлд мэндэлжээ. 1903 онд Бээжин орж орос хэлний сургуульд суралцаж, 1906 онд томилолтоор Японд очиж 6 жил суралцжээ. 1912—1913 онд Харчин хошууны ванийн ордон ба Улаанхад зэрэг газруудад эмчийн ажил хийж байснаа 1914 оноос Бээжингийн Монгол Түвдийн хэрэг эхлэх газарт орчуулагч түшмэл, тэргүүн зэргийн орчуулагч түшмэл бөгөөд Монгол Түвд сургуулийн сургагчаар тус тус дэвшин ажилласан байна. Хожим нь "Дорнод Монголын гэрэл зургийн хороо" байгуулж, монголчууд болон түвдчүүдэд гэрэл зураг татах өгөх, монгол хятад хавсаргасан хичээлийн бичгийг чулуун бараар дарамлан хэвлэх ажил хийжээ.
1915—1919 онд дотоод гадаадын хорголзон бар хэвлэлийн технологийн талаар судалгаа шинжилгээ хийсэн үндсэн дээрээ монгол хорголзон барын гуулин хэвийг цутгаж бүтээсэн байна. 1922 оны хавар Бээжинд Монгол үндэстний бар хэвлэлийн анхны газар—Монгол Бичгийн Хороог байгуулаад, үндэстэн угсаатнаа соён гэгээрүүлэх буянтай үйлст хүчин зүтгэж явсан юм. Тэрээр монгол хорголзон бараар хамгийн анх "Баруун Хань улсын бичиг" хэмээх 8 бодь номыг 500 хувь хэвлэж нийтийн хүртээл болгосон байлаа. 1922—1929 онд Тэмгэт тэргүүтэй монгол эрдэмтэд "Их Юань улсын мандсан төрийн хөх судар", "Их Юань улсын бичиг", "Алтан улсын эх адгийн хэргийг тэмдэглэсэн шасдир", "Шинэ цохлолтой орчуулсан Гурван улсын үлгэр", "Сонгож орчулсан Ляо жай жи и бичиг", "Ляо улсын эх адгийн хэргийг тэмдэглэсэн шасдир", "Монгол Хятад хавсарсан таван зүгийн агуу аялгуу бичиг", "Орогсдын өрөөл", "Гурван үсэгт ном" зэрэг 50 гаруй төрлийн ном зохиолыг орчуулсан буюу редакторлон хэвлэв. 1930 онд Наньжингийн Засгийн газрын боловсролын яамны Монгол Түвдийн боловсролын хэлтсийн дарга, байнгын хянагчийн тушаалд ажилласан байна. 1934 оны 5-р сард Наньжингаас хуурмаг Манж улсын Хянган мужийн цэргийн офицерын сургуульд очиж монгол хэл бичгийн багшаар 1939 он болтол ажиллажээ.
1939 оны 5-р сарын 2-ын өдөр Тэмгэт Улаан-хотод таалал төгсчээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|