• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-22 16:10:34    
18—19-р зууны үеийн Монол үндэстний их бичгийн хүн эрдэмтэн лам Цахар гэвш Ловсан-чүлтэм
(1740—1810 он)

Хятадын Олон Улсын Радио

     Цахар гэвш Ловсан-чүлтэм бол 18-р зууны сүүлч, 19-р зууны эхний үеийн Монгол үндэстний орчуулга, анагах ухаан, бар хэвлэлийн ажилд үлэмжхэн хувь нэмэр оруулсан их бичгийн хүн юм. Тэрээр олон зүйлийнн эрдэм ухааныг системтэй судалсан бөгөөд анагах ухааны талаар эмийн материалыг голчлон судалж гарамгай амжилтанд хүрсэн юм.

     Цахар гэвш Ловсан-чүлтэм Өвөр Монголын Цахарын Хөвөөт цагаан хошууны Сайхан-нуурын хөвөөнд малчин ард Цэгэнжлийнд мэндэлжээ. 7 насандаа сүмд банди болж хэдэн жил түвд ном сурсны дараа, Дол-нуурын Зүүн сүмд Онгниуд гүүш равжамба Ширавд шавь орж, бурхны шашны эрдэм ухааныг сурчээ. Хожим нь Бээжинд ирж Найралт найрамдуу сүмд Ажаа гэгээний шавь болж 7 жил суугаад, түүх шасдир, гүн ухааныг сонирхон судалж судар тандрын номд мэргэшиж, монгол түвд хятад санскирт хэлэнд нэвтэрсэн эрдэмтэн лам болов. Манж Чин улсын Тэнгэр тэтгэгч хааны 54-р он (1789 он)-д нутаг усандаа буцаж Цагаан уулын сүмийг байгуулаад, монгол ном судар судлах, дуурвих, түвд хэлнээс ном зохиол орчуулах, хэвлэх зэрэг ажлыг удирдан хийсэн байна. Тэрээр "Зонхабын намтар", "Лалидабазарын намтар", "Эрдэнийн сан субашди", "Ардыг тэжээхүй рашааны дусал", "Гал тэнгэрийг тахих зан үйл баясгалан гарахын орон", "Эм таних ухаан", "Басмын тосон эм хийх ёсон", "Судал шинжлэх товч" зэрэг түүх, уран зохиол, анагах ухааны учир холбогдол бүхий их олон бүтээлийг монгол түвд хэлээр дуурвисан буюу орчуулж барлав. Их бичгийн хүн Цахар гэвш Ловсан-чүлтэм 1810 онд 71 насандаа таалал төгсчээ.

     "Гэтэлгэгч дээд лам адилтгалгүй ачит богд Сумадишилашрибадраагийн гэгээний ерөнхийн зохиол намтрыг товчийн төдий өгүүлсэн сүсгийн лянхуаг мөшөөлгөгч нарны гэрэл дээд мөрийг гийгүүлэн үйлдэгч хэмэгдэх оршив" хэмээх 7 бүлэгтэй намтар зохиолыг нь Зүрмэдданзан нар монголоор орчуулж 7 бүлэгт хуваан, Манж Чин улсын Сайшаал өрөөлт хааны 23-р он (1818 он)-д Цагаан уулын сүмд модон бараар хэвлэжээ. Түүний сүнгбум нь түвд хэлээр зохиогдож мөн Цагаан уулын сүмд модон бараар 10 бодьд хуваагдан хэвлэгдэв. Уг номыг Өвөр Монголын Өөртөө Засах Районы номын сан, Монгол Улсын улсын номын сан зэрэг газруудад хадгалж байна. Цахар гэвш Ловсан-чүлтэмийн сүнгбумийн гол агуулгад яруу найраг, зурхайн ухаан, анагах ухаан, Зонхабын намтар, гүн ухаан, үлгэр домог, судар тарни, уншилгын ном зэргийг хамарсан байдаг. Энэ 2 зохиол бол Цахар гэвш Ловсан-чүлтэмийн үйл хэрэг болон эрдэм шинжилгээний ололт амжилтыг нь ойлгох судлахад чухал баримт хэрэглэгдэхүүн болдог юм. Эрдэмтэн Алтан-оргил Цахар гэвш Ловсан-чүлтэмийн сүнгбумийг "Монгол түүхийн сурвалж бичиг есөн зүйл" хэмээх эмхтгэлдээ орлуулан 1983 онд Хөх-хотноо хэвлүүлжээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/