Үзэмчин Гомбжав гүн бол 17-р зууны сүүлч, 18-р зууны эхний үеийн Монгол үндэстний нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, түүхч эрдэмтэн юм. Тэрээр хэл шинжлэл, түүх судлал, орчуулгын талаар гарамгай амжилттай ажилласан төдийгүй бас анагах ухааны талаар хэд хэдэн дорвитой ном зохиол бичсэн билээ.
Гомбжав гүнгийг бас тайж Гомбжав гэдэг. Манж Чин улсын Энх амгалан хааны үед (1680-аад он) Үзэмчин баруун гаран хошууны засаг ван, хошой чин ван Суднайгийн дүү туслагч тайж Удри гүнгийнд мэндэлжээ. Энх амгалан хааны үед Бээжинд ирж хааны ордонд эрдэм ном сурч, монгол түвд манж хятад хэлэнд мэргэшсэн эрдэмтэн болжээ. Найралт төв хааны үед Бээжингийн Тангад Бичгийн Сургуулийн бүгдийг захирагч сайдаар ажиллаж, олон хэлний орчуулагчдыг бэлтгэн хүмүүжүүлэх талаар үлэмжхэн ажил хийсэн байлаа. Зангиа хутагт Ролбидоржийн зарлигаар түвд "Данжуур"-ыг монголоор орчуулах бэлтгэл ажилд биечлэн оролцож, бусад эрдэмтэдтэй хамтран "Түвдийн хэлийг хялбараар сурах нэрт бичиг", "Мэргэд гарахын орон" хэмээх түвд монгол харьцуулсан 2 толи бичгийг найруулан зохиож, Тэнгэр тэтгэгч хааны 2-р он (1737 он), 7-р он (1742 он)-д тус тус барлуулсан бөгөөд бас Тэгнэр тэтгэгч хааны 6-р оноос 14-р он (1741—1749 он)-ы хооронд болсон "Данжуур"-ыг орчуулах ажилд идэвхлэн оролцожээ.
Түүний дараа нь бас түвд "Ганжуур"-аас "Бурхны хөрөг зурах заавар" тэргүүтэн олон ном судрыг хятадаар орчуулаад хятад "Ганжуур"-т нэмж оруулав. Түвдээр бичсэн "Хятадын орон дор дээдийн шашин ном дэлгэрсэн ёсоныг голчлон өгүүлсэн гэгээн оюутан бүхнийг баясгагч чихний чимэг хэмэгдэх оршив" гэдэг зохиол нь мөн Тэнгэр тэтгэгч хааны 11-р он (1746 он)-д Түвдийн Лхасад модон бараар хэвлэгджээ. Уг номыг Сычуань мужийн үндэстний хэвлэлийн газар 1983 онд түвдээр дахиж хэвлэсэн байна. Гомбжав гүнгийн монголоор бичсэн "Чингис хааны алтан ургийн түүх Гангын урсгал нэрт бичиг оршив" гэх номыг нь түүхч эрдэмтэн Чойж зүлт тайлбар хавсаргаж 1981 онд Хөх-хотноо хэвлүүлэв. Эдгээр бүтээлүүдээс гадна, Гомбжав гүн бас "Эгшиг үсэг хийгээд гийгүүлэгч үсгүүд", "Эмийн найрлага", "Эмийн нэр түвд монгол хятад хадмал оршив" зэрэг хэл шинжлэл, анагах ухааны учир холбогдол бүхий олон ном зохиол дуурвисан байна.
Гомбжав гүн бол шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилд маш хянуур ханддаг хүн байсан юм. Тэрээр "Эмийн нэр түвд монгол хятад хадмал оршив" гэдэг номынхоо анхны хэвлэлд эдий төдий алдаа мадаг гарсныг олж мэдээд тэр даруйд нь засвар оруулж дахиж шинээр хэв сийлгэн барлуулсан тухайгаа уг номынхоо хоёр дахь хэвлэлийн төгсгөлийн үгэнд: "Миний урьд үйлдсэн бичиг түүн дүр хархан авч явхуя эвгүй мэт бага сага засваас зохих буйн тулд, жич Найралт төвийн 12-р он, модон барс жилийн зуны дунд сарын сайн өдөр энэ хэвийг дахиж сийлсэн булай" гэж тодруулан тэмдэглэсэн байдаг юм.
Гомбжав гүн бараг 1850-аад оны үеэр таалал төгсчээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|