• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-03 16:50:42    
Монголчуудын цагаан өнгийг дээдэлдэг зан зуршил

Хятадын Олон Улсын Радио

     Монгол гэдэг энэ нэр аль эрт 13-р зууны үеэс ерөнтөнцийн чихнээ дуурьснаас хойш, даян дэлхийгээрээ Монголыг сонирхох болсон бөгөөд Монголчууд ч Ази Европыг сундалсан өргөн уудам нутаг дэвсгар дээр эрх чөлөөтэй дархан сууж тархай бутархай байдалд отор нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрж, амьдрал, үйлдвэрлэл, соёл, шашин шүтлэг зэрэг олон талд нь адил бус хэмжээний өөрчлөлт гарсан хэдий ч, өвөг дээдсээс уламлалтай ёс заншлээ нийт монголчууд хэвээр хадгалан үеийн үед өвлөн залгамжилсаар өнөөг хүрсэн билээ.

     Тэдгээр Монголчуудын нэг хэсэг нь Хятадын умард нутгийн өргөн уудам нутаг дэвсгэр дээр, мал маллахаар амьдралынхаа гол хэлбэр болгож ирсэн Өвөр Монголчууд юм. Цэлмэг хөх тэнгэр, хөвөө хязгаар нь харагдахгүй хөдөө тал, бөмбөгөн цагаан монгол гэр, тархан бэлчсэн мал сүрэг энэ бүхэн нь монгол нутгийн байдал, Монгол үндэстний малчин ардын ахуй амьдралын дүр төрхийн зураглал болно. Монгол үндэстэн эрт дээр үеэсээ аваад, цагаан өнгийг маш эрхэмлэн дээдэлсээр ирсэн бөгөөд цагаан өнгийн шулуун шударга, цэвэр ариун чанараар үндэстнийхээ үүсэл гарал болон тотемын шүтээнийг бэлэгдэн харуулдаг байжээ. Монголчуудын дунд Монгол үндэстний үүсэл гарлын тухай үлгэр домгууд өргөнөөр уламжлагдаж байдаг бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн их нөлөөтэй нь "Монголын нууц товчоон"-д тэмдэглэгдсэн домог юм. Монгол бүсгүй Сарнаа сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ: "Манай Монгол үндэстний үсэг бичгээр бичигдсэн анхны түүхэн бичигт ийм нэгэн домгийг тэмдэглэсэн байдаг юм: Монгол үндэстнийг дээд тэнгэрийн заяагаар төрсөн Бүрт чоно, хуа марал хоёроос үүсч гарсан гэж тэр домогт өгүүлсэн болохоор, монголчууд өөрийгөө бүрт чоно, хуа маралын үр ач нар гэж үзэх болсон юм" гэжээ.

     Хүний физиологийн мэдрэмжийн үүднээс авч хэлбэл, цагаан өнгө нь харааны мэдрлийн физиологийн тэнцүүртэй байх шаардлагыг хангадаг дундын чанартай өнгө болдог юм. Цагаан өнгөөс харааны мэдрэлд өгөх мэдрэмжийн хэмжээ нь өөр өнгүүдээс илүү байж, хүний анхаарлыг маш их татдаг байна. Монголчуудын цагаан өнгийг дээдэлдэг заншлын тухай Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн үндэстний судлагааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Хэ Шинлян хэлэхдээ: "Соёлын үүднээс авч үзвэл, зарим зан заншил нь үндэстний соёолд ч нөлөөлдөг юм. Монголчууд цагаан өнгийг дээдлэдэг нь ч үүнтэй холбоотой юм, жишээ нь монголчуудын эдэлж хэрэглэдэг сүү, цагаан идээ, монгол гэр бол бүр цагаан өнгөтэй байдаг" гэжээ.

     Монголчуудын цагаан өнгийг дээдлэдэг зан зуршил нь бас тэдний амьдралын олон талд уусан шингэсэн байдаг юм. Жишээлбэл монголчууд хүндэтгэл илэрхийлэхдээ сүүн цагаан хадаг өргөдөг бөгөөд зочин угтахдаа бас мөнгөн аягандаа цэгээ хийж барьдаг байна. Монголчууд саарал морь, цагаан тэмээг нэн их сонирхож, түүнийг гэр бүлд нь сайн сайхан бүхнийг авчирч өгдөг бэлэг дэмбэрэлтэй амьтан гэж үздэг байна.

     Монголчуудын оршин суудаг монгол гэр нь ч тэдний цагаан өнгийг дээдлэдгийн ул мөрийг харуулж байгаа юм. Монгол үндэстний түүхэн дэх нэрт улс төрч, цэргийн гарамгай эрдэмтэн их эзэн Чингис хаан таалал төгссөний дараа, түүний үлдээж хоцроосон "Найман цагаан гэр" нь нийт монголчуудын тахил тайлгын ариун дархан газар болсоор ирсэн билээ.

     13-р зууны эхний үед их эзэн Чингис хаан таалал төгссөний дараа, түүний үр ач нар нь түүний эдэлж өнгөрсөн морины эмээл, байлдааны далбаа, морин ташуур зэргийг "найман цагаан гэр"-ийн дотор дээдлэн тахиж, бас тахил тайлгын хэрэг эрхлэх журам горим тогтоон, дархчууд томилж, жилийн 4 улиралд тасалдуулалгүй өргөн их тахилгын ажиллагаа хийж байхыг шаардсан байна. Тэр үеэс эхлэж олон газрын монголчууд "найман цагаан гэр"-т мөргөхийг эрхэмлэн, түүнийг өвөг дээдсээ мөрөөдөн дурсах, түүхээ эргэн санах чухал хэлбэр болгосоор ирсэн билээ.

     Монголчуудын хоол унд ч цагаан өнгөтэй маш их холбоотой байдаг юм. "Монголчууд сүүгээр өрөм, цөчгий, бяслаг, ааруул зэрэг олон зүйлийн цагаан идээ хийдэг юм" гэж Монгол бүсгүй Алтанчимэг сурвалжлагчид хэллээ.

     Монголчуудын гэрлэх ёсонд бас цагаан өнгийг өлзий бэлэтэй өнгө гэж үздэг байна. Сүй тавих, ураг тогтох сёлол дээр, худ худгай нар харилцан хадаг барьдаг бөгөөд түүнд цагаан өнгөтэй хадаг барихыг хамгийн эрхэмд үздэг юм. Охиноо харьд мордуулахад ээж нь охиндоо сүү аягалан амсуулж сайн сайхан явахыг ерөөдөг байна. Үүнээс гадна, ойр дотно хүмүүсээ холын аянд явах үед бас буурал ээж нь сүүн цацал өргөж ерөөл хайрладаг юм. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/