• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-05 16:48:57    
18—19-р зууны үеийн Анагах ухааны эрдэмтэн Агванбалданням
(18-р зууны 70-аад оноос 19-р зууны 40-ээд он)

Хятадын Олон Улсын Радио

    Эрдэмтэн Агванбалданням бол 18-р зууны сүүлч, 19-р зууны эхний үеийн Монгол үндэстний анагах ухааны нэрт эрдэмтэн, гарамгай орчуулагч байсан хүн юм.

     Эрдэмтэн Агванбалданням 18-р зууны 70-аад онд Өвөр Монголын Их-зуугийн чуулганы Ордосын засаг хошуун (бас Ордос баруун гаран өмнөд адаг хошуу гэдэг)-ы Хоёр-ус (Хоёр-нуур ч гэх) хэмээх газарт Банзар-рашийнд мэндэлжээ. Багадаа уг хошууны Модтын сүм--Өлзий буян дэлгэрэгч хийд (түвдээр Рашсоднамдаржилин гэдэг)-эд 9-р дүрийн Улаан гэгээнээр тодлогдон залагдаж, монгол түвд бичиг, анагах ухаан, бурхны ном судар зэргийг суралцаж, 17-той жилдээ Хөх-нуурын Амдуу газрын Гүмбум хийдэд хүрч, чойрын расан (бурхны шашны гүн ухааны сургууль)-д бурхны шишны гүн ухааны олон эрдэм номыг гүнзгийрүүлэн сурч нэвтэрхий эзэмшсэн байлаа. Тэүүний дараагаар олон эрдэмтэн багш нарт шавь орж, хэл шинжлэл, яруу найраг, зурхай судлал, анагах ухаан зэрэг талын өргөн мэдлэг сурчээ. Хожим нь бас Гүмбум хийдийн Зодбарасан (бурхны шашны нууц тарнийн ухааны сургууль)-д орж нууц танийн ухааныг бүх талаар сурч мэргэшнээр, Гүмбум хийдийн Зодбарасанд ширээ ламаар залагдан ажиллажээ. Тэрээр Зодбарасанд ширээ лам байсан хугацаандаа Зодбарасангийн ёс дүрмийг чангатган төгөлдөржүүлж маш сайн амжилт гаргасан тул Амдуугийн нутаг даяарт Зодбагийн их багш очир дарь Улаан лам хэмээн алдаршсан байлаа. Тэр үеэр Агванбалданням бас Гүндэн гэгээний зохиосон "Милагийн намтр"-ыг түвд хэлнээс монголоор орчуулсан юм.

     Нутаг усандаа буцаж ирснийхээ дараа, Агванбалданням сүм хийдээ тэтгэн мандуулах буянтай үйлст хүчин зүтгэж байсан төдийгүй бас Ордос, Урад, Цахар зэрэг олон газруудаар явж эмчилгээний ажил хийсэн бөгөөд анагах ухаан, зурхай судлал, яруу найргийн ухаан зэрэг талаар судалгаа шинжилгээ хийгээд ихээхэн ололт амжилтанд хүрсэн байлаа. Тэрээр бас өөрийн орчуулсан "Милагийн намтр"-аа уул усныхаа үзэмж байдалтайгаа уялдуулан монголоор дуулах жүжиг болгон өөрчлөн найруулаад, сүм хийд дээрээ жил болгон тоглож байсан гэлцдэг.

     Эрдэмтэн Агванбалданнямын бүрэн зохиол нь Гүмбум хийдэд хадгалагдаж байсан боловч арван жилийн үймээний үед үрэгдэж алга болсон аж. Түүний бүрэн зохиол нь голцуу зурхайн ухаан, яруу найраг, анагах ухаан зэрэг талын агуулгыг хамарчээ. Агванбалданням хэдийгээр бурхны шашны зүтгэлтэн байсан хэдий ч насан туршдаа гүн ухаан, анагах ухаан, зурхай судлал, яруу найраг зэрэг эрдэм шинжилгээний ажил хийж, Монгол үндэстний шинжлэх ухаан, соёлын хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан юм.

    Эрдэмтэн Агванбалданням 19-р зууны 40-ээд оны үед 67 насандаа тааал төгссөн байна. /О.Дарамбазар найруулан орчуулав/