Монгол түүхийн бичигт Үзэмчиний тухай баримт материал тун цөөн байдаг. Дайчин Улсын үе дэх монгол хятад сурвалж бичигт Үзэмчиний тухай тэмдэглэл байдаг боловч эдгээр материалын уг сурвалж нь тодорхойгүй байна.
"Үзэмчин бол цахар түмэнд багтах найман отгийн нэг юм. Даян хааны үед хамаг монголыг нэгтгэсний дараа баруун гурван түмэн, зүүн гурван түмэн хувааж, цахар нь зүүн гурван түмэнд багтах болжээ. Цахар түмний дотор нийт найман отог байв. Үүнд Уухан, Найман, Сүнид, Үзэмчин дөрвийг Өлхийн зүүн дөрвөн отог гэж, Зүйд, Борууд, Алаг, Алагчууд дөрвийг арын баруун дөрвөн отог гэдэг. Зүүн баруун гэдэг нь Хянган нуруугаар зааглаж, уулын урд хойт талыг хэлж байна" хэмээн монгол сурвалж бичигт тэмдгэлсэн байна.
Барагцаалахад Үзэмчин нь Их Монгол Улсын үе болон Юань Улсын үе дэх цахарын харьяанд байсан аж. Цахарын харьяанд байсан Үзэмчинүүд Алтай ууланд үзэм түүж, мөн тэр хавийн нутагт оршин амьдарч байжээ хэмээн үзэмчин нутгийн мэргэд үзэж бий. Иймээс "Алтан хүрдэн мянган хээст" зэрэг эртний сурвалж бичигт "Үзэмчин" гэх нэрийг бас "Үзмэн" гэж бичдэг байна.
Умарт юань Улсын үе өөрөөр хэлбэл Монголын Тодбух Арагтай Чинсан хааны үед Үзэмчинүүд Хянган нурууны баруун биеэр урсч байдаг Улгай голын дагуу оршин амьдарч байжээ.
Үзэмчиний ван ноёд нь Даян хааны хойчис юм. Даян хааны хөвүүн Төрболдын ач хүү Боди алаг хааны хөвүүн Онгон турал ноёны үеэс өөрийн харьяан дахь аймгаа "Үзэмчин" хэмээн нэрэлж эхэлжээ.
Онгон турал ноёны отгон хөвүүн Торж цэцэн жинүнгийн үед Үзэмчинүүд Цахараас сүрдэж, умарш нүүн Халхыг түшжээ. 1635 онд Умарт юань Улсын Лигдэн хаан Манжид ялагдан төр мөхсний дараа 1637 онд Торж цэцэн жинүн Хойт алтан улстай найрамдаж, Манжид бууж өгчээ. Ингээд Дайчин Улсаас Үзэмчинг баруун зүүн хоёр засаг хошуу болгон хуваажээ. Тодруулбал баруун Үзэмчин хошуу 1633 онд байгуулагдаж, зүүн Үзэмчин хошуу 1646 онд байгуулагджээ. Ингээд баруун зүүн Үзэмчин нь Иргэн улсын үе болтол Шилийн голын арван засаг хошуунд багтаж байжээ.
|