• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-17 16:11:41    
Цахар монголчууд

Хятадын Олон Улсын Радио

     Цахар монголчуудын дунд "Цахаргүйгээр цэрэг босохгүй, цаазгүйгээр улс босохгүй" гэдэг зүйр цэцэн үг өргөн яригддаг. Энэ нь Цахар бол хаан ордны шадар хамгаалах цэргээс үүсэл гаралтай гэдгийг ардын аман зохиолын хэлбэрээр уламжлан хадгалсан гэрч юм. Цахар бол Монголын хаант төрийг байгуулахад "Цавчих илдний ир, цархи дуулганы тал" болж байсан төдийгүй 1368 онд Тогоонтөмөр хаан Дайдү Бээжингээс ухран гарснаас хойших зуу гаруй жилд монголын нэгдлийг дахин биелүүлэх их үйлст зүтгэж, дотоод гадаадын дайсантай "Уулын толгойгоос утаа гаргаж, улсын толгойгоос цус гаргаж" байлдан тэмцсэн түүхтэй билээ.

     Манжыг эсэргүүцсэн Лигдэн хааны тэмцэл ялагдсаны дараа түүний үр хойчис тэмцлээ үргэлжлүүлж байсан нь ардын аман зохиолд тусгагдсан байдаг. Жишээлбэл "Манхан шаргын хатирааг нь мянган агт ч гүйцэхгүй шүү дээ. Мэргэн бодлоготой Авнай тайж нь манай л цахартаа одон шүү дээ" гэж Лигдэн хааны хөвүүн Авнай Чин вангийн тэмцлийг харуулж байдаг бол "Хар л морийгоо, хаяандаа сойлоо шүү. Хаашаа мордохыг та минь мэдээрэй. Хадан л зэвсгээ гартаа атгалаа шүү, хаагуур нь доёхыг та минь айлдаарай" гэж Энх Амгалангийн 14-р он өөрөөр хэлбэл 1675 оны 3-р сард цахар Борнай ван бослогын их тугийг өргөж, зэвсэгт хүчнээр Манж Чингийн харгис ноёрхол, хядлага дарангуйллыг эсэргүүцсэнийг тусгасан байна.

     Борнай вангийн бослого ялагдсаны дараа Чин Улсаас Цахрыг 8 хошуу 4 сүрэг болгон хувааж, дайны талбар, хил хязгаарын харуулд цөлж, хэсэглэн захирах аргыг авчээ. "Цахар найман хошуу" гэдэг дуу бол даруй энэ үеийн түүхт байдлыг тусгасан дуу болох юм. Шинжянгийн бор тал нутагтай оюутадын дуулсан "Дайхын талаас гарсан юм хөө, дайны талбарт мордсон юм хөө... Дайчин гүрний алба даанч хатуу байлаа даа" гэдэг болон "Эзний цааз хатуу юм, өдрөөс зөрчвөл ялдах юм" гэдэг үгүүд нь Цахар найман хошууны цэрэг ард өдөр хугацаалан хил хязгаар районд нүүдлэн аялсан тэр үеийн байдлыг нэлээд тодорхой өгүүлсэн байв. Хожим нь тэд Бор талд нутагшиж, одоо бас "Манай нутаг Цахар найман хошуу эндээс хэдүй хол бэ" гэж дуулсаар байна.

     Цахар монголчууд монголын өндөрлөгийн баруун захын "Цаст цагаан уул"-аас зүүн захын "Алтан хянган даваа" хүртлэх өргөн уудам нутаг дэвсгэр дээр нүүдлэн малжиж, монголын нэгдэл хөгжлийн төлөө "Хатан баатар Лигдэний халуун цусаараа хамгаалсан хайрт өлгий нутгаа харийн дайсанд гишгүүлэхгүй" хэмээн байлдан тэмцэж явахдаа үзэсгэлэн сайхан уул усныхаа "Хайлаас бургасны найгааг халуун зүрхний цохилого" болгон хайрлаж хамгаалж дуулж явсан түүхтэй билээ.