Хятадын засгийн газар орчуулгын зардлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч олон орны ном хэвлэлийн байгууллага нэгжүүдийн Хятадын номыг орчуулж хэвлэхийг зоригжуулан дэмжиж байна. "Хятадын ном хэвлэлийг гадаадад нэвтрүүлэх төлөвлөгөө"-г ноднин жилийн сүүлчийн хагасаас албан ёсоор хэрэгжүүлснээс хойш энэ нь дотоод гадаадын ном хэвлэлийн салбарын анхаарлыг маш их татсан байна.
Ноднины 7-р сарын сүүлийн 10 хоногт Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба болон хэвлэл мэдээллийн хэрэг эрхэлсэн ерөнхий газар хамтран "Хятадын ном хэвлэлийг гадаадад нэвтрүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга"-ыг нийтэлж, Хятадын ном хэвлэлийн байгууллага нэгжээс хэвлэлийн эрхийг худалдаж авсан юм уу бэлэг болгож олсон гадаадын ном хэвлэлийн байгууллагуудад орчуулгын тусламж үзүүлнэ гэж Хятадын засгийн газар тодорхой дэвшүүлсэн бөгөөд гадаадын ном хэвлэлийн аралжаачидад хандаж Хятадын ном хэвлэлийн 20 гаруй байгууллага нэгжийн 1200 гаруй төрлийн хятад номыг танилцуулсан байна.
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албын өндөр албаны хүн хатагтай Ү Вэй хэлэхдээ, голцуу Хятадын гадаад орнуудтай хийж байгаа ном хэвлэлийн талын аралжаанд маш их алдагдал гарч байна. Бүртгэлийн тоо баримтаас үзэхэд 2004 онд Хятад улс гадаадын 10 мянга 40 төрлийн ном хэвлэлийн эрхийг оруулж, 1314 төрлийн ном хэвлэлийн эрхийг л гадаадад зарсан болохоор худалдааны алдагдал нь 1:8 хувьд хүрсэн байна.
Хэдийгээр гадаадын 20 гаруй орон Хятадтай ном хэвлэлийн эрхийн аралжаа хийж байна гэдэг боловч үүний 70% гаруй нь зүүн Азийн бүс нутагийн зах зээлд гарч, энэ дотроо бас Хятадын Шянган, Аомэнь, Тайвань нь голыг нь эзэлж байна. Европ Америкийн орнуудад маш бага хэмжээтэй гарч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын соёлын бүтээгдэхүүний худалдаа олон жилийн турш алдагдалтай байсаар ирсэн бөгөөд энэ нь ихэсэх хандаштай байна. Ном хэвлэлийн орчуулгад мөнгөөр туслах явдал олон оронд бүр байдаг юм. Англи, Франц, Ирланд зэрэг оронд бүр засгийн газраас тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй юм. Бид тэднээс сурч байгаа. Манай ном хэвлэл гадаадад борлуулга тааруухан байгаа нь олон зүйлийн шалтгаанаас болсон юм. Үүнд хамгийн гол нь хэлний шалтгаанаас болсон байна гэжээ.
Ү Вэй хэлэхдээ, Хятадын соёлын бүтээгдэхүүний худалдааны асар их алдагдал нь дэлхий нийтийн Хятадыг ойлгохыг харшилсан байна. Энэ их зөрөө нь эдийн засгийн талаар нөлөөлж байгаагаас гадна бас бусад талаар гаж нөлөө үзүүлсэн байна. Жишээлбэл зарим орны засгийн газар болон ард иргэд Хятад оронтой харьцах, хамтын ажиллагаа хийхдээ нэн их тойруу замаар замнасан байна. Ноднины 9-р сард болсон Бээжингийн олон улсын номын яармаг дээр Хятад улс ном хэвлэлийг гадаадад нэвтрүүлэх төлөвлөгөөг дэлхий дахинд нийтэлсэн юм. Хятадын ном хэвлэлийн импорт экспортын ерөнхий компанийн хэвлэлийн эрхийн газрын дарга Ли Инчин хэлэхдээ, тус яармаг дээр Хятадын эртний нэрт бүтээл болох "Сүнь Зийн цэргийн эрдэм", Хятадын нэрт зохиолч Лү Шюйний "А Q-гийн жинхэнэ намтар", нэрт эрдэмтэн Ян Жянгийн "Бид гурав", нэрт сагсачин Яо Мингийн "Миний ертөнц миний зүүд" гэдэг намтар зохиол зэрэг ном бичиг гадаадынхны анхаарлыг их татсан байна гэжээ.
Ли Инчин хэлэхдээ, манай ном хэвлэлийн салбарынхан үүнд их идэвхтэй оролцсон. Америк, Англи, Франц, Герман, Польш, Пилиппин, Энэтхэг зэрэг орны төлөөлөгч бүр Хятадын ном хэвлэлийг өөр өөрийн оронд яаж нэвтрүүлэх тухай бидэнтэй зөвдөж, 70 гаруй санамж байгуулсан. Өнөө 11 төрлийн номын гэрээ хийгээд орчуулгын зардлын тусламж олгох ажлыг зохицуулж байна гэжээ.
|