Инээд тодорсон хөрслөг бор царайтай, харсаар л бөх хүн болохыг нь мэдэх хүдэр том биетэй, намуухан зан, намжуухан яриатай Хүүхэнбор гэж баруун Үзэмчин хошууны Жийрийн балгасны Алтад гацааны сайн малчин, дархан бөх юм. Тэр 1951 оны 8-р сард уулын Шилийн гол чуулганы зүүн Хуучид хошууны Харьяат сумны 3-р багийн малчин Цоймцогийн ууган хөвүүн болж заяажээ. Хар багаасаа хал үзэж халуун чулуу долиосон Хүүхэнбор амьдралын нугарал бөдрөлийг туулж, бөхчин эрийн шандас зааж сөхөрч биш, сөрч явсаар одоо Үзэмчин нутагдаа баян чинээлэг амьдрал, халуун дулаан гэр бүльтэй хялруулж явана.
Хүүхэнбор хори хүрч, зодог шүүрэн, хошуу нутгийн найр наадмаар хиймортой барилдаж явахдаа "Жийрийн голын Хүүхэнбор" гэж даяарт алдаршан, нутаг усныхаа нэр алдрыг өргөж явжээ. 1971 оны 5-р сард зүүн Үзэмчин хошуунд болсон бүх Шилийн гол аймгийн залуу багачуудын бөхийн шагналт тэмцээнд Хүүхэнбор дэсдээ түрүүлж, мөн 8-р сард нь бүх Өвөр монголын хэвчээнд болсон Хятад маягийн бөхийн тэмцээнд 2-р байр эзэлсэн байна. Тэр 128 бөхтэй найр наадамд 4 удаа түрүүлж, 5 удаа 2-р байр эзлэн Үзэмчин нутгийн сайн бөхчүүдийн эгнээнд жагсаагдсан байна. 1980 онд уулын Жийрийн гол сумны малчидын их найрт Хүүхэнбор алдарт бөх Донров-Ванжилын дархан зангиаг залгамжлан авч, дархан аврагаас бөхийн од хиймор хүртэж билээ. 54 насандаа Хүүхэнбор 2004 онд болсон уулын Хуучид хошуу овоо болох Баянцагаан овооны дахилагын найрт өвгөн бөх П.Донровтой хамт дархлагдаж, дархан зангиагаа Баянгол сумны залуу бөх Сөмбөрт уламжлан өгчээ.
"Хан уулыг цас дарж, хайран биейг нас дарав" гэдэгчилэн дархан бөх Хүүхэнбор маань хэдүйгээр өтөлсөн ч монгол бөх түүний зүрх сэтгэлээс уяатай байдгийн учир хаа нэг найр наадам болж байна гэж дуулбал өвгөнийн чихэнд бөхийн уриа сонсдох шиг болж, өөрийн эрхгүй зодог туухуугаа гарган өмсч, дэмбэлзтэл алхалдаг сан. Залуу бөхчүүд Хүүхэнбор гуайнд зочилон буувал, өвгөн барилдаж явсан домог шиг өнгөрөөлтөө хуучилан тэдэнтэй хөөрөлдөж, залуу бөхчүүддээ өөрийн мэдэж чадахын хэрээр ур авьяас, мэрэгжил чадвараа уламжилдаг юм. Аврага бөх маань хөдөлмөрийн жишээч цолтой, нутаг усныхаа хүндэтгэлийг хүлээж, өтлөө насныхаа аз жаргалыг эдэлж явана.
|