Бахаргүл Хятадын баруун хойт нутгийн Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районд 25 жил багшийн ажил хийсэн юм. Тэтгэвэртээ гарсныхаа дараа, Бахаргүл гэр бүлийн тохилог амьдралдаа сэтгэл ханаж аялан жуулчлалаар явж сэтгэл сэргээж суусангүй, харин хөрөнгө мөнгөө хуралтуулан техникум эрхлэж ажиллуулсан байна.
3 жилийн өмнө, 55 настайдаа Бахаргүл тэтгэвэртээ гарчээ. Боловсролын ажлыг олон жил хийсэн тэрээр Шиньжянгийн мэргэжлийн боловсролын сургалт маш тааруухан байдгийн улмаас их олон хүн тохиромжтой ажил хайж олоход бэрхтэй байдгийг сайн ойлгодог юм. Ингээд Бахаргүл дахин давтан тунган бодсны дүнд хөрөнгө мөнгөө хурамтуулан Өрөмчи хотод техникум байгуулж, техник сурах хүсэлтэй үндэстний цөөнийн амьдрал нь ядуу сурагчдыг ажлын байраар хангах боломж бүрдүүлэх мэргэжлийн бэтгэл сургалтын дамжаанд хамруулахаар шийдчээ.
Техникум нь эхлэнгүүтээ ажилгүйдсэн хэдэн арван сурагч элссэн байлаа. Тэднийн доторхи зонхилох нь амьдрал ядуу хүмүүс байв. Тэдний дарамтыг хөнгөлөхийн тулд, Бахаргүл тэдний сурлатын төлбөрийг нь багасгах юм уу сурлатын төлбөр төлөхөөс чөлөөлсөн байна. Бахаргүл хэлэхдээ, нийгэм нийтэд ач тустай явдал хийх нь хүний амьдралын чухал агуулга байх ёстой гэжээ.
"Хүн энэ дэлхий дээр зүгээр сул сэлүүн амьдарч болохгүй, зөвхөн сайныг идэж сайныг өмсч жаргаж цэнгэх юм бол амьд явсны утга агуулга юу билээ? Хүн амьдарч л байвал нийгэм нийтэд ач тустай ажил хийх ёстой. Манай бэлтгэн хүмүүжүүлсэн сурагчид ажлын байртай болж байгааг харах болгон би сэтгэл баясч явдаг юм" гэж Бахаргүл хэллээ.
Сайркан бол Бахаргүлийн техникумд суралцаж өнгөрсөн хүн юм. Хоёр хүүхдийн аав болсон Сайркан техникумд суралцахаасаа өмнө, ажилгүйдсан байдалд байж гэр бүлийн төрөвүүлээ орон нутгийн Засгийн газраас сар бүр олгодог 150 юаний тусламжинд түшиглэн амьдарч байжээ. Юу ч гэсэн очиж сурч үзье гэж тэр Бахаргүлийн техникумд очиж гэр ахуйн цахилгаан барааны засварын мэргэжил сурсан байлаа. Мөнгө төгрөгөө хэмнэхийн тулд тэр байнга хоол идэхгүйгээр хичээл сонсдог байлаа.
Бахаргүл Сайрканы амьдрал ахуйн бэрхшээлтэй байдлыг ойлгож мэднсний дараа, түүнийг сурлатын төлбөрөөс бүрөмсөн чөлөөлсөн төдийгүй бас байнга мөнгө төгрөгөөр туслдаг болсон юм. Бахаргүл болон бусад багш нарын туслалцаа дэмжлэгтэйгээр Сайркан сурлагаа амжилттай төгсгөж, гэр ахуйн цахилгаан барааны засварын газар ажиллуулсан байна. Өнөө, түүний засварын ажил нь нэлээд сайн орлоготой болсон болохоор амьдрал нь ч сайжирсан байлаа.
2005 оны 8-р сард Бахаргүл Шиньжянгийн өмнөд нутагт хүрч хичээл зааж байсан хугацаандаа, газар хөдлөлтөд аав ээжээ алдсан 20 өнчин хүүхэд дунд сургуулиа төгсгөөд цаашид залгаж суралцаж чадсангүй байгааг ойлгож мэдээд, тэднийг өөрийн сургуульдаа авч суралцуулахаар шийдчээ.
Тэдгээр хүүхдүүд Өрөмчид суралцах завшаантай болсноо маш эрхэмнэн үзэж, лавтай сайн сурна гэж Бахаргүлд хандан илэрхийлцгээсэн байлаа. Үүнд нь Бахаргүл маш сэтгэл хөдөлсөн юм.
"Би галт тэргэний буудалд тэдгээр хүүхдүүдийг тосч авахад тэд нэг нэгээрээ намайг дэврэн уйлж, лавтай сайн суралцана гэж илэрхийлцгээж байсан. Тухайн үед хүүхдүүдийн юмыг ойлгож ухаарч байсанд нь би сэтгэл хөдлөхийн зэрэгцээ бас маш сэтгэл эмзэглэж байсан юм. Би тэднийг нийгэм нийтэд хэрэгтэй хүн болгон хүмүүжүүлнэ гэж шийдсэн" гэж Бахаргүл тэмдэглэжээ.
Тэдгээр хүүхдүүдэд Бахаргүл сайн суралцахыг хатуу шаардахын хамт бас эх хүн шигээр амьдралд нь тусладаг байжээ. 18-тай Уйгар хүү Маулан хэлэхдээ: "Нэг удаа миний эмчилгээний шалгалтад цус дутагдсан дүн гарсан тул, гурав хоног амрах хэрэгтэй болсонд, захирал Бахаргүл хийж байсан ажлаа орхиж, шим дэжээлийн зүйл худалдан авч, эмнэлэгт ирж намайг гурван хоног өдөржин шөнөжин харж харгалзсан юм. Захирлынхаа энэ мэт ядарч зүдэрч явааг хараад би олон удаа сэтгэл уярч нумлас унагасан" гэжээ.
Бахаргүл хүүхдүүдийн төлөө нүр их хүч хөдөлмөр зарцуулсныг нь хүүхдүүд ч сэтгэл зүрхэндээ талархан тогтоож явдаг байна. 17-тай Уйгар охин Асиа тусгайлан нэг шүлэг бичиж, багш Бахаргүлээ хүндэтгэн биширдэг сэтгэлээ илэрхийлсэн юм.
"Бидний дотно хайртай хүмүүс газар хөдлөлтөд эндэж, бид энэ дэлхий дээр хамгийн аз бус өнчин хүүхэд болсон. Гэхдээ манай амьдралд дари эх шиг Бахаргүл багштай бид ерөөлөөрөө учирч, тэр бидэнд хайр ивээл хүртээж эрдэм мэдлэг сургалаа. Бид багш тандаа чин сэтгэлийн баяр талархалаа илэрхийлж байна" гэж тэр шүлэгт бичсэн байдаг юм.
Гурван жилийн хугацаанд Бахаргүлийн техникумээс 3600 гаруй сурагч төгссөн байжээ. Техникумийн зөвлөх Майматкан хэлэхдээ: "Дахиж ажлын байртай болсон тэдгээр хүмүүс байнга бэлэг сэлт авч Бахаргүл захирал болон бусад багш нараа эргэн үздэг. Тэрхүү байдлыг харах болгон би маш сэтгэл хөдөлдөг юм. Энэ бүхэн нь нийгмийн дорой буурай байдалд байгаа хүмүүст анхаарлаа хандуулж туслах гэсэн нийт багш нарын шийдвэр зоригийг нэн нэмэгдүүлсэн байна" гэлээ. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/
|