Энэ жилийн Хятадын билгийн улиралын ла сар буюу хөхөө сарын 23-ны галын тахилга нь 2006 оны 1-р сарын 22-ны өдөр, өөрөөр хэлбэл өнгөрөгч бүтэн сайнд тохиосон юм. Хятадын цагаан сар нь ердийн байдалд хөхөө сарын 23-ны өдрийн галын тахилга хийснээр эхлэл болгодог юм. Ийм учраас зарим нутагт хөхөө сарын 23-ныг бас "Бага цагаан сар" гэдэг байна.
Галын тахилга бол Хятадын иргэдийн дунд өргөнөөр уламжлагдан дэлгэрсэн маш их нөлөөтэй зан зуршил юм. Эрт дээр үед айл өрх болгон бүр Галын бурхны хөрөг зургийг тахиж байжээ. Ардын дунд уламжлагдсан үлгэр домогт галын бурхдыг хурмаст тэнгэрийн зарлигаар айл өрх болгоны гал голомтыг сахихаар тэнгэрээс буусан гэлцдэг юм. Галын бурхны гүнгэрваа нь их төлөв гал тогооны өрөөний умард, зүүн талд байрлаж байдаг. Галын бурхны гүнгэрваагүй айл нь Галын бурхны хөргийг шууд ханан дээрээ наадаг байв. Их төлөв айл болгон өөр өөрийн тахидаг Галын бурхантай бөгөөд зарим нь бас Галын бурхан болон галын хан эх хоёрыг хамтад нь тахидаг. Галын бурхны хөрөг зургийн хоёр талаар нь "Дээд тэнгэрт сайныг айлтгаж, доот ертөнцөд амгалан соёрхомуу" гэсэн бичээстэй хос уянга наадаг.
Галын бурхан нь өнгөрөн одож байгаа жилийнх нь битүүний өдөр тухайн айл өрхөд буцан заларч, тэдний бүх гэрийн амар амгалан байдлыг хамгаалан саатдаг бөгөөд дараа жилийнх нь хөдөө сарын 23-ны өдөр тэнгэрт гарч, хурмаст тэнгэрт тухайн айл өрхийн сайн муу явдал үйлдсэн байдлын талаар айлтган мэдүүлдэг гэж ардын уламжлалт үлгэр домогт өгүүлдэг юм. Галын бурхныг тэнгэрт үдэж гаргах ёслолыг "Галын тахилга" гэдэг. Хурмаст тэнгэр Галын бурхны мэдүүлэгийн дагуу, шинэ нэг жилд тэр айл өрхийн хүртэх ёстой сайн муу хувь заяаны эрхийг Галын бурханд нь олгодог гэлцдэг байна. Иймээс айл өрхүүдэд авч хэлбэл, Галын бурхны тэнгэрт өгөх мэдүүлэг нь тэдний "ашиг сонирхолтой шууд холбоотой, чухал их ач холбогдол"-той үйл явдал болдог байна.
Галын тахилга нь олонхидоо бүрий болох үеэр явагддаг юм. Айл гэрийн ахас захас нь гал тогооны өрөөндөө ширээ засаж Галын бурхандаа хүж зул барьдаг бөгөөд өргөл барьц өргөж, хурмаст тэнгэрт сайн зүйлсийг нь айлтгаж, саар зүйлийг нь хэлэхгүй байхыг хүсэн даатгадаг байна.
Хөхөө сарын 23-ны галын тахилга нь цагаан сартай нягт холбоотой байдаг. Нэг долоон хоногийн дараах битүүний орой Галын бурхан нь тухайн айл бүлийнхээ энэ нэгэн жилд эдлэх ёстой сайн муу хувь заяаны ерөөл тавьланг авч, бусад олон бурхан сахиулсантай хамтаар хүний ертөнцөд залран буудаг гэнэ. Энэ үеэр бурхан сахиулсан нарыг угтах тахилга болдог юм. Гэхдээ тахилгын ёс журам нь дөхөмхөн байж, гал тогооны өрөөндөө Галын бурхны шинэ хөрөг зураг наах юм уу гүнгэрвааныхаа өмнө нь хүж зул барьснаар дуусдаг байна.
Галын бурхны үүсэл гарлын тухай Хятадын иргэдийн дунд олон зүйлийн үлгэр домог байдаг. Түүний доторхи нэг үлгэр домогт Галын бурхан бол Хятадын эртний домогт гардаг галыг нээсэн "Сүй рэньши" болно гэжээ.
Хятадын түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, Хятад улсад аль эрт 3000 шахам жилийн тэртээх Жөү улсын үед галын тахилгын ёслол үйлдэж байсан бөгөөд тэр нь цагаан сарын бэлтгэл ажиллагаатай уялдаа холбоотой явагдаж байсан ажээ. Өнөөдөр гэхэд Хятадын зонхилох айл өрхүүд нь гал тахихаа больсон боловч, хөхөө сарын 23-ны өдөр нь цагаан сарын эхлэл болсон хэвээр байна. 23-ны өдөр гэхэд хот хөдөөгийн гэсэнгүй, дэлгүүр болгон нь бүр уламжлалт идээний төрөл зүйл болох чихир жимс зэргийг зардаг бөгөөд маш олон хүн бас "24-ний өдөр гэр өрөөгөө цэвэрлэдэг" заншлаа хадгалсаар байна. 23-ны өдөр болоход дэлгүүрүүд ч цагаан сарын бараагаар дүүрдэг болохоор цагаан сарын байдал бүрдэж эхэлдэг юм.
|