• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-30 17:09:58    
Хятадын цагаан сар ба хятад хүмүүсийн цагаан сараа тэмдэглэдэг зан зуршил

Хятадын Олон Улсын Радио

     Хятад хүмүүс билгийн улирлын 1-р сарын 1-нийг цагаан сарын шинийн нэгэн гэдэг юм. цагаан сар нь Хятадын ард иргэдийн хамгийн нижгэр, хамгийн хөөр наргиантай уламжлалт баяр болдог юм. Цагаан сарыг тэмдэглэдэг зуршил нь өнө удаан жилийн түүхтэй, түүнийг Хятадын эртний Инь Шан улсын үеийн тахилга тайлгын ажиллагаанаас үүсэлтэй гэж эрдэмтэд үздэг байна.

     Хятад улсад Хань үндэстнээс гадна, Манж, Монгол, Яо, Жуан, Бай, Гаошань, Хэжэ, Хани, Дагуур, Дүн, Ли зэрэг 10 хэдэн үндэстний цөөнх ч цагаан сарыг тэмдэглэдэг байна. Гэхдээ тэмдэглэх зан зуршил нь адилгүй, өөрийн онцлогтой байдаг юм.

     Урт удаан түүхийн явцад Хятад хүмүүс цагаан сараа баялаг агуулга хэлбэртэй тэмдэглэж ирсэн бөгөөд жил болгоны билгийн улирлын сүүл сарын 23-наас 30 хүртлэх цаг хугацааг "тоос гөвөх өдөр" гэж нэрлэдэг болсон юм. Цагаан сар болохоос өмнө, өрөө гэрийнхээ тоосыг гөвж цэврэлгээ хийдэг бөгөөд энэ нь Хятадын эртний Яо Шүнь хаадын үеэс бий болсон зуршил ёс гэдэг юм. Хятадын үгэнд "тоос" гэсэн утгатай "Чэнь" гэдэг үг нь "хуучин" гэсэн утгатай "Чэнь" гэдэг үгтэй аялгууны хувьд ойролцоо байдаг тул, цагаан сар болохоос өмнө завдаж, тоос гөвөх нь "хуучнаа үдэж шинийг авчирах" гэсэн санааг агуулсан юм. Энэ нь хуучин жилээ үдэж шинэ жилээ угдах сайн сайхан хүсэл мөрөөдлийг бэлэгдэж байдаг. Жил болгоны цагаан сар ойртож ирэхэд айл өрх болгон бүр гэр ахуй, хүрээ хашаагаа шүүрдэн, сав суулга, ор дэвсгэр зэргээ угаан цэвэрлэж, утаа тоос шороогоо гөвдөг болохоор, цагаан сараа угтаж байгаа баярт байдал газар сайгүй харагддаг байна.

     Цагаан сар болохоос өмнөх 10-аад хоногоос эхэлж хүмүүс мах, хүнсний ногоо, архи, чихэр, жя-юь цуу зэрэг хүнсний зүйлээс авхуулаад бэлэг сэлтийн зүйлүүд зэргийг худалдан авах ажилд яарч эхэлдэг юм. Хүүхдүүд шинэ хувцас бэлтгэж, цагаан сарын үед өмөсдэг байна.

     Энэ үеэр хот хөдөөгийн гэсэнгүй, айл өрх болгоны хийдэг бас нэгэн ажил нь үүд хаалган дээрээ хос уянга наах явдал юм. Ийм хос уянгыг улаан цаасан дээр шар үсгээр бичдэг байна. Хос уянгыг уран сайхан үг найруулгатай үгээр бичдэг бөгөөд тэр нь сайн сайхан хүсэл мөрөөдлийг илтгэн харуулдаг. Энэ нь Хятадын уран зохиолын нэг зүйлийн онцгой хэлбэр юм. Энэхүү зан зуршил нь Хятадын эртний Сүн улсын үеэс үүсч, Мин улсын үед ихээр дэлгэрэн, Манж Чин улсын үе гэхэд цагаан сарын хос уянгын үзэл санаат чанар болон урлагийн чанар нь маш их дээшилсэн байжээ.

     Хос уянгын төрөл зүйл нэлээд арвин, түүнийг хэрэглэгддэг газраар нь хаалганы голын, хаалганы хоёр талын хүрээний, хаалганы дээр талын хөндлөвч модны гэх зэргээр ангилж болдог байна.

     Хятад иргэд бас цагаан сарын үеэр орон сууцныхаа цонхон дээрээ янз бүрийн цаасан хайчилбар наадаг. Ийм цаасан хайчилбар нь чимэглэлийн болон хэрэглээний чанарыг уялдуулсан шинжтэй юм. Цаасан хайчилбар бол Хятадын ард иргэдийн дунд маш өргөн дэлгэрсэн нэг зүйлийн урлаг юм. Ийм цаасан хайчилбарын зонхилохыг нь цонхон дээр наадаг учраас "цонхны чимэглэл" гэж нэрлэгдсэн байна. Цаасан хайчилбар хайчлагчид нь хураангуйлах, хэтрүүлэх зэрэг арга барилаар өлзий бэлэгтэй үйл хэрэг, амьтан ургамалыг хайчилж, цагаан сарын баярт өнгө үзэмж нэмэрлэдэг юм.

     Хүмүүс үүд хаалган дээрээ хос уянга наахаас гадна, зарим айл өрх нь бас аз жаргалтай өөд эсрэг явахыг бэлэгшээж, хаалга, хана зэрэг дээрээ "Аз хийморь" гэсэн утгатай том жижиг "фү" үсэг наадаг байна. Сайн сайхныг хүсч мөрөөдсөн сэтгэлээ нэн бүрэн илтгэхийн тулд, зарим хүмүүс нь "фү" үсгээ тонгоруулж наагаад, "Аз жаргал, хийморь залран буусан" гэсэн санаагаа илэрхийлдэг юм. Ардын дунд бас "фү" үсгийг янз бүрээр хээ зураг болгон урлан зурах юм уу цоолж хайчилдаг байна.

     Цагаан сарын үед хот хөдөөгийн гэсэнгүй бүр цагаан сарын зураг өлгөх юм уу наадаг байна. Цагаан сарын зураг нь Хятадын өнө эртний түүхтэй ардын урлаг юм. Тэр нь ард иргэдийн зан ааль, шүтлэг бишрэлийг харуулж, ирээдүйн сайн сайхан хүсэл тэмүүллийг нь бэлэгдсэн онцлогтой байдаг. Цагаан сарын зураг зурдаг хамгийн нэртэй газрууд бол Сүжөү, Тяньжинь, Шаньдүн болох бөгөөд энэ 3 газар нь Хятадын цагаан сарын зургийн 3 том урсгал бүлгийг бүрдүүлсэн байгаа юм.

     Хятад улсад хадгаалагдаж байгаа хамгийн эртний цагаан сарын зураг бол Өмнөд Сүн улсын үед бүтээгдсэн Ван Жаожюнь, Жао Фэй-янь, Бань Жи, Люй Жү зэрэг эртний 4 гоё бүсгүйн модон сийлмэл зураг болно. Ардын дунд хамгийн өргөн уламжлагдсан нь "Хулгана гэрэлсэн нь" гэсэн шог зураг юм. Тэр зурагт хулгана хүний ертөнцийн зан ёсыг мөрдөж гэрий авч айл өрх босгоосон сонирхолтой үйл хэргийг зурагласан байдаг юм. Иргэн Улсын эхний үеэр, Шанхай хотын Жэн Маньтүө гэдэг хүн цаг улирлын бичиг болон цагаан сарын зураг хоёрыг нэгэтгэснээр цагаан сарын зургийн шинэ нэгэн хэлбэр бий болжээ. Энэ нь аажмаар хөгжсөөр калиндар болсон байна.

     Битүний орой унтахгүй суух нь цагаан сарын хамгийн гол чухал ажиллагаануудын нэг нь юм. Битүүний орой гэр бүлийн бүгдээрээ хуран цугларч, битүүний хоолоо идэж, лаа юм уу тосон дэнлүү асаан, зухаа тойрон зоогдож, шинийн нэгэн болтол хүлээж суудаг байна. Энэ нь аливаа муу муухай зүйлийг хөөн зайлуулж, шинэ нэгэн жилийн өлзий дэмбэрэл, санаж сэтгэсэн зүйл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн хувь ерөөлөө угтан авчирах гэсэн санаа сэтгэлийг бэлэгшээж харуулдаг байна.

     Эрт дээр үед битүүний орой ингэж унтахгүй судаг нь хоёр зүйлийн утга агуулгатай байжээ: Ахмад хүн унтахгүй суух нь "хуучин насаа үдэж", цаг хугацааг эрхэмд үзэж байгаа санааг илтгэж, залуу хүн унтахгүй суух нь эцэг эхийн насан хутгийг уртгахын төлөө байсан гэдэг.

     Цагаан сар болж байгаа үеэр айл өрх болгоны хийдэг анхны ажиллуудын нэг нь цаасан пуужин тавьж, цаасан пуужингийн дууны дунд хуучин жилээ үдэж шинэ жилээ угтдаг явдал юм. Цаасан пуужин бол Хятадын өвөрмөц бүтээгдэхүүн болох бөгөөд өнөөг хүртэл 2000 гаруй жилийн хөгжлийн түүхтэй болоод байна. Цаасан пуужин тавих нь баяр баясгалант уур амьсгал бий болгодог болохоор, баяр наадмын үеийн зугаа цэнгээний чухал нэгэн ажиллагаа болдог юм. Цаг эрин орчиж, нийгэм соёл хөгжихийн хирээр, цаасан пуужинийн хэрэглээ улмаар өргөжиж, төрөл зүйл нь ч явах тусмаа олширч, баяр наадам болох, гэрлэх, шинэ орон сууцанд орох, ажил үйлс эхлүүлэх зэрэг чухал чухал үйл хэрэг болох үеэр бүр цаасан пуужин тавьж баярлан тэмдэглэж, бэлэг дэмбэрэлтэй байхыг хүссэн санаа сэтгэлээ илэрхийлэх болсон байна.

     Шинэ жилийн шинийн нэгэнд хүмүүс эртлэн босчгоож, хамгийн гоё хувцасаа өмсөн, дэрий тэгш гоёж чимцгэж, төрөл садныхаар явж, шинийн золголт хийдэг байна. Шинийн золголт нь ахимаг насны хүн нь хэдэн хүн дагуулж айл өрх дараалан шинийн золголт хийх, нэг албанд ажилладаг хэдүүл нийлж цугтаа золголт хийхээр явах, олуул цугларан золголт хийх зэрэг олон янзын хэлбэртэй байдаг. Шинийн золголт хийхдээ өсвөр насныхан нь ахмад хүмүүстээ ёслон золгож, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлдэг бөгөөд ахмад хүмүүс нь урьдаас бэлтгэсэн шинэ жилийн хишгийн мөнгөө өсвөр хүүхэдүүдэд шагнадаг байна. Энэ нь гажууг дарж амар тайвныг бэлэгдсэн утга санааг агуулсан байдаг. Ийм мөнгийг ахмад хүн нь өсвөр насны хүн золгосны дараа олны өмнө гардуулж болох бөгөөд битүүний орой хүүхэд нь унтсаны дараа, аав ээж нь хүүхдийн дэрний доор нь сэмээрхэн нууж тавьж ч болдог байна. Ахмад хүн нь өсвөр насны хүнд цагаан сарын үед мөнгө өгөх зан зуршил өнөө ч мөн хэвээр уламжлагдсаар байна.

     Цагаан сарын идээний хувьд "Няь-гао" гэдэг боорсог бэлтгэдэг бөгөөд битүүний орой гэр бүлээрээ банш хийж идцгээдэг юм. / О.Дарамбазар найруулан орчуулав/