18-р зууны үеийн Өвөр Монголд шашин номын үйлст зохиол бүтээлээрээ товойж гарсан гарамгай эрдэмтэн лам нарын нэг бол нэрт түүч, хэлмэрч, яруу найрагч, хэл шинжлэлийн эрдэмтэн Урдын Мэргэн хийдийн 3-р дүрийн гэгээн Лувсандамбизалсан юм. Мэргэн гэгээн Лувсандамбизалсан Манж Чин улсын Энх амгалан хааны 56-р онд тухайлбал 1717 онд тэр үеийн Улаанцавын чуулганы Баруун гүнгийн хошуун (одоогийн Урдын өмнөд хошуун)-д гийжээ. 1721 онд Мэргэн хийдийн гэгээнээр тодлогдон залагдаж ширээнд суусан байв. Түвд, Энэтхэг, Балб зэрэг улс орнуудын бурхны шашны сүм хийдүүдэд хүрч, буддын шашны их бага 5 ухаан тэргүүтэн олон төрлийн эрдэм ухаан сурсан бөгөөд бас монгол түвд манж зэрэг хэлнийг нэвтэрхий сайн сурчээ. Мэргэн гэгээн мөн ч авьяаслаг яруу найрагч, нэрт түүхч, хэлмэрч хүн байжээ.
Энх амгалан хааны үед зарлигар нийслэл Бээжинд ирж 9 жил суусан ба нутагтаа буцсныхаа дараа голцуу ном судар найруулж орчуулах, хэвлүүлэх ажил хийсэн байлаа. "Их монгол улсын үндсэн алтан товч тууж оршив", "Мэргэн хийдийн шар түүх", "Мэргэн хийдийн хүрэн түүх", "Наадмын шүлэг хэмээх алтан сургал", "Усан булаг хэмээх алтан сургал", "Зунхавын магтаал", "Эзэн Чингисийн сан", "Галын ерөөл", "Цагаан толгойн хувлгал", "А анх" зэрэг түүх, яруу найраг, хэл шинжлэлийн учир холбогдолтой олон ном зохиол туурвиж, түвд хэлнээс ч олон ном судар орчуулан хэвлүүлжээ. 17—18-р зууны үеийн монгол утга зохиолын хэлэнд түвд хэл, санкрит хэл хүчтэй түрэн орж ирсний нөлөөгөөр тэр үеийн зонхилох монгол сударч лам гэгээнтэн нар бүр сүмбумээ гол төлөв түвдээр туурвин бичиж байсан боловч, монголоор сүмбумээ бичсэн тоотой хэдхэн эрдэмтдийн нэг нь Урдын мэргэн гэгээн Лувсандамбизалсан байсныг онцлон тэмдэглүүштэй юм. Түүний бүрэн зохиол болох сүмбум нь "Очир дар мэргэн Тянч ламын гэгээний зохиосон зарлиг номууд оршвай" гэсэн гарцагтай нийтлэгджээ. Үүнээс гадна, мэргэн гэгээн Лувсандамбизалсан бас бурхны ном зохиолыг монгол хэлээрээ урьж байсан эртний уламжлалыг тууштай хэрэгжүүлэхэд авьяас мэдлэгээ зориулж байсан аж. Иймээс ч учраас Мэргэн хийдийн бусад газрын сүм хийдүүдээс ялгарах өвөрмөц онцлог нь буддын шашны ном судрыг монгол хэлээр системтэй сурч урьж байсан явдал бөгөөд түүний үндэс суурийг нь мэргэн гэгээн Лувсандамбизалсан тавьсан байна. Тэнгэр тэгтгэгч хааны 31-р онд тухайлдбал 1766 оны зуны дунд сард мэргэн гэгээн Лувсандамбизалсан таалал төгсчээ.
Мэргэн гэгээн Лувсандамбизалсаны зохиосон магтаал шүлэг тэргүүтнийг Гал-луу, Жарантай нар эмхтгэж, 1986 онд Бээжинд "Мэргэн гэгээн Лувсандамбизалсаны бум зарлиг хэмээгдэх оршив" гэсэн нэрээр хэвлүүлж олны хүртээл болгосон байна. О.Дарамбазар найруулан орчуулав
|