20-р зууны үед Хятадын Монгол үндэстний дотроос их олон нэрт эрдэмтэн мэргэжилтэн, соён гэгээрүүлэгчид төрөн гарсан юм. Са Бэньдүн бол тэдгээрийн доторхи нэг нь болно. Са Бэньдүн хэдийгээр 40 гаруйхан жил амьдарсан боловч, Хятадын шинжлэх ухааны салбарт асар их гавьяа зүтгэл үзүүлсэн юм. Ялангуяа физикийн судалгааны талаар "Я-дүнгийн хууль" гэгчийг тогтоосон ба тэр нь цахилгаан хэлхээний жам ёсыг судлах салбарт нийдмээр мөрдөх шинэ томьёолол болсон билээ. Түүний бичсэн хувьсах цахилгаан туйлын тухай сурах бичиг--"Бин ши сянь лү фэнь си" хэлээх бүтээл нь Их Британи, Америк зэрэг улс орны их олон сургуульд сурах бичгээр хэрэглэгдсэн байна. Са Бэньдүн 30 насны үедээ Шямэнь Их Сургуулийн захиралын тушаалд дэвшин ажиллажээ.
Са Бэньдүн 1902 оны 7-р сард Хятадын тэнгисийн эргийн хот Фү Жөү дэх Са овгийн жижиг хөрөнгөтний гэр бүлд мэндэлжээ. Тэрээр хүүхэд багын үеэсээ Хятадын "Гурван үсэгт ном", "Мянган үсэгт ном" зэргийг уншиж байссан бөгөөд бага өөлий болсныхоо дараа, эртний хятад бичиг, "Дөрвөн ном", "Таван судар", "Байлдаант улсын бодлого" зэргийг сурчээ. Са Бэньдүнгийн аав нь Сүнь Етсенийг дагаж, Японд суралцсан болохоор, Сүнь Етсений хувьсгалын дэвшилт үзэл санаа нь Са Бэньдүнд ч зохих нөлөө үзүүлсэн байжээ.
Са Бэньдүн багаасаа маш сайн боловсрол хүмүүжил хүртсэн бөгөөд сурахад бахтай, ачлал элбэрэл ихтэй хүн байсан аж. 1921 онд Бээжингийн Чинхуа Сургуулийг төгсгөөд, 1922 онд нэн их эрдэм сурахаар алс холыг зорин далай тэнгисээр аялаж Америкт хүрч, Stanford Их Сургуулийн механикийн ангид суралцаж, 1924 онд баклаврийн зэрэг хамгаалсныхаа дараа, Массачусетс Аж Үйлдвэрийн Дээд Сургуульд физикийн ухаан сурч, 2 жилийн дараа нь докторын зэрэг хамгаалжээ. 1927 онд Америкийн Сиу компанид инженерээр уригдан ажилласан байлаа. 1928 онд 26 насандаа эх орондоо буцаж, Чинхуа Их Сургуулийн физикийн салбарт профессороор ажилласан юм. Са Бэньдүн заан сургалтын явцдаа шинэ агуулгатай сурах бичиг—"Энгийн физикийн ухаан" хэлээх ном бичижээ. Энэ номыг нь Боловсролын Яамнаас сурах бичгээр тогтоож, бүх Хятадын их дээд суогуулиудад нийдмээр хэрэглүүлсэн байв.
1936 онд Са Бэньдүн дахин Америк орж, Америкийн нэрт их сургууль болох Ohio Их Сургуулийн цахилгаан, механикийн салбарт зочин профессороор 1 жил ажиллажээ. Америкт очихоосоо өмнө нь Са Бэньдүн Америкт "Цахилгаан хэлхээний шинжилгээний тооцооны арга" хэмээх номоо англиар хэвлүүлсэн байна. Энэ нь 30-аад оны үеийн Хятадын эрдэмтдийн хэмжээнд авч хэлсэн ч анхны үйл хэрэг байсан юм.
1936 онд Хятадын харьяат нарын нэрт удирдагч асан ноёон Чэнь Жя-гэн Шямэнь Их Сургуулийг улсын их сургууль хэмээн өөрчлөн байгуулжээ. 1937 онд Са Бэньдүн Америкаас буцаж ирснийхээ дараа, уг сургуулийн захирлаар ажиллав. 1937 онд Лү Гү-чяогийн хэрэг хувьсал гарч, Японы түрэмгийлэгчид Хятад улсыг өмнө хойт талаас нь зэргээр түрэмгийлснээр, Шямэнь хот ч түгшүүртэй байдалд орсон байлаа. Холбогдох байгууллагынхан судалж зөшилцний дүнд Шямэнь Их Сургуулийг Фүжянь мужийн баруун нутаг дахь Чан-дин сяньд нүүлгэж, Са Бэньдүн мөн захирлаар ажилласан байв. Тухайн үед дайны байдал ширүүн байж, амь насны аюул түгшүүр ихтэй байсан ч Са Бэньдүнгийн удирдлагатайгаар Шямэнь Их Сургууль хичээл сургалтаа тасалдуулсангүй хийсээр байжээ. Са Бэньдүн ч биеэрээ үлгэр шижээ болон шаргуу ажиллаж, заан сургалт болон шинжилгээ судлагааны ажлыг маш чухалд үзэж, улс үндэстний боловсролын үйлст ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
1944 онд Америкийн Төрийн департаментын урилгаар Са Бэньдүн Америкийн Массачутс Байгалийн Шинжлэх Ухаан Аж Үйлдвэрийн Дээд Сургууль, Stanford Их Сургууль зэрэг их дээд сургуулиудад лекци уншсан байна. 1945 онд Их Британиар дайран эх орондоо буцахад нь Их Британийн Засгийн газар болон эрдэм шинжилгээний салбарынхны хүсэлтээр тэнд лекци түр уншсан байжээ. Эх орондоо буцах гэж байсан үед түүний элгэний өмөн өвчин нь хүндэрч, 1948 онд Америкийн Лос-Анжелест хүрч Калифорни Их Сургуулийн эмнэлэгт эмчлүүлсэн боловч эмчилгээ нь үр дүнд хүрч чадсангүй, 1949 оны 1-р сарын 31-ны өдөр ертөнцөөс ангижирсан байлаа. Түүний цогцосыг амь сэрүүн байсан үедээ захиж үлдээсэн гэрээсийнх нь дагуу эх оронд нь авчирч, Шямэнь Их Сургуулийн хажуу дахь Ү Лаофэн хэмээх оргилын доор хэсэгт оршуулжээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|