• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-14 15:34:18    
Монголчуудын малын ясны цээр

Хятадын Олон Улсын Радио

     Тойгийн ясыг мөлжилгүй хаяхыг цээрэлдэг. "тойг сайхан засвал морь хурдан болно" гэж тойгийн ясыг гөлийтөл сайхан мөлждөг байна.

     Бүдэрхий, богино хавиргын ясыг энд тэнд хаяхыг цээрэлдэг. Ердөө галдаа өргөдөг ёстой.

     Малын толгойны ясыг бүсгүй хүн хагалахыг цээрлэж заавал бүстэй хүн хагалдаг байна. бас толгойны ясыг ухархайтай нь хаяхыг цээрэлдэг.

     Дал, чөмөг, сүүжийг бүтнээр нь хаяхыг цээрлэнэ.

     Малын шагаа бол буян хишиг хурсан хатуу яс болохоор хаяж орхихыг цээрэлж, сайхан засч чимээд надааж тоглодог.

     Монголчуудын шөл уух цээр монголчууд шөл уухыг мах идэхээс илүү эрхэмд үздэг болохоор мах идсэний дараа шөл амсалгүйгээр явахыг цээрэлдэг.

     Амны хишиг зайлна хэмээн үзээд тэвшинд үлдсэн шөлийг асгахыг цээрлэнэ.

     Зочин дайлахдаа "мах ид" гэх нь чоно нохойтой адилаар үзсэнд орох тул ердөө "шөл зоогол", "шөл уу" гэдэг байна.

     Ангийн махыг чанахад шөл нь багадвал шууд ус нэмдэггүй, харин шөлнөөс нь бага аваад дээр нь ус нэмээд дахин тогоо руугаа хийдэг байна.

     Монголчуудын мах идэх цээр "толгой хазана" гэвэл маш муухай сонсдох тул толгойны махыг шууд хазаж идэхийг цээрэлж заавал огтолж иддэг байна. Нүд чихийг нь заавал хосоор нь иддэг, ганц өрөөснийг нь идвэл "өрөөсөн нүд чихтэй болно" гэж маш цээрэлдэг байна.

     "далыг ганцаараа идвэл, дайсанд дарагдана" гэж далны махыг даяараа хуваалцаж иддэг. Хээр гадна ганцаараа байвал далны хуудсыг тогоо юм уу эмээлийн бүүрэгэд наадаг байна.

     "Тэнэг хүн тэг дундуур, тэмээ ямаа усан дундуур" гэж чөмөг ташихдаа тэг дундуур нь ташихыг цээрэлж, бас ясаар нь ясыг ташихыг цээрэлдэг. Чөмгийг настай томоотой хүнд өргөн баридаг бөгөөд хуваалцаж идэхийг цээрэлдэг.

     Мах чанахдаа бөөрний өөхийг салгахыг цээрлэж, салгавал төл малд муу гэдэг.

     Газар унасан махыг шүүрэн авахыг цээрлэж, жижиг мах бол холхон гэгч чулуудаж, том хэсэг мах бол жаахан тастан авч шидээд үлдсэнийг нь сая авдаг байна.

     Мал төхөөрөхдөө өрцөн дээр нь цагаан дэрс юм уу хялгана тавьж, "чамайг огтолсонгүй, цагаан дэрсийг огтоллоо" гэдэг байна.