Ятга, Магман, уран бичлэг болон уран зураг бол маш эрт дээр үеэсээ аваад Хятадын эртний сэхээтэдийн заавал сурч эзэмших шаардлагатай дөрвөн зүйлийн урлаг байсан юм. Тийм ч учраас Хятадын эртний яруу найрагчид, зохиолчид, хаад ноёд нь бүр уран бичээчид, уран зураачид байсны зэрэгцээ бас хуур хөгжимд нэвтэрхий, мягман сайн тоглодог байжээ. Жишээлбэл 10-р зууны үеийн их яруу найрагч Ван Вэй бол Хятадын уул усны зургийн үндэс суурийг тавьсан хүн бөгөөд 11-р зууны үеийн их зохиолч Сү Ши бол хуур хөгжимд нэвтэрхий мөртөө бас их уран бичээч байсан юм. Үүнээс гадна, 12-р зууны үеийн Сүн улсын хаан Жао Жигийн үлдээж хоцроосон уран бичиг зургууд нь өнөө олон улсын цуглуулгын салбарт хамгийн их үнэ өсч байгаа бүтээл болж байгаа юм. Гэхдээ энэ дөрвөн зүйлийн урлагийн дотор хамгийн өнө эртний түүхтэй нь эртний ятга болно.
НҮБ-ын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын байгуулага 2003 оны 11-р сард Парис дахь төв байрандаа дэлхийн "Хүн төрөлхтөний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай бүтээлүүд"-ийн хоёр дахь жагсаалтыг нийтэлсэнд Хятадын эртний ятгын урлаг уг жагсаалтанд орсон байна. Энэ бол Хятадын Күньчюй шийний дараагаар уг жагсаалтанд орсон Хятадын урлагийн хоёр дахь төрөл зүйл болно.
Хятадын эртний ятгын тухай манай тооллын өмнөх тавдугаар зууны үеийн яруу найргийн содон бүтээлүүдийн түүвэр эмхтгэл болох "Шүлэглэлт ном"-д хамгийн анх тэмдэглэгджээ. Хятадын төв нутгийн Хү бэй мужийн Зэн Хөү-и-гийн бунхнаас олдсон эртний ятга нь одоогоос 2400 гаруй жилийн тэртээ бий болсон зүйл юм. Түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, эртний ятга нь хамгийн эхэндээ таван чавхдастай байсан бөгөөд манай тооллын өмнөх 3-р зууны орчмоор долоон чавхдастай болж өөрчлөгдөн одоод хүртэл уламжлагдаж ирсэн аж.
Эртний ятга бол чавхдас болгоных нь урт богино нь адилхан, нэг чавхдасаар олон ая хөгжимддэг чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятгын нүүрэн талыг банзаар хийж, ар талд нь дуу гарах олон нүүх гаргасан болохоор хөгжимдэх үед нийдэмдээ хүнгэнэн дугардаг байна. Ийм ч учраас эртний ятгын хөгжмийн дуу нь маш өвөрмөц байж, нүсэр жавхаатай мөртөө бас яруу уянгалаг байдаг юм.
Эртний ятга нь анх эхэндээ хаад ноёдын тахил тайлга, төрийн ёслол зэрэгт голцуу хэрэглэгдэж байсан бөгөөд хожим нь иргэдийн дунд өргөнөөр дэлгэрсэн боловч бас зөвхөн сэхээтэдийн дунд л их дэлгэрсэн байжээ. Нийгмийн дээд давхаргын нэг зүйлийн урлаг болсны хувьд түүхийн уран бүтээлчдийн зохион бүтээсэн ятгын хөгжмийн ноот ч маш олон байдаг юм. Өнөөгийн байдлаар, ятгын хөгжмийн хэдэн зуун шилдэг ноот болон "Өндөр уул", "Урсгал ус", "Нарлаг хавар", "Цас" зэргийн 3000 гаруй хөгжим нь одоо хүртэл уламжлагдаж ирсэн бөгөөд Хятадын ардын урлагийн нандин бүтээл болсоор байна.
Эртний ятгын хөгжимдэх хэлбэрт ятгын дуулал, гоцлол хөгжим гэсэн хоёр төрөл байдаг. Түүний дотор, ятгын дуулал нь эртний ятгын хөгжмийн чухал нэгэн хэлбэр болно. Эрт дээр үед Хятадын олонхи хөгжимчид нь хөгжим хөгжимдэх бүр заавал дуулдаг байжээ. Ятгын дуулал бол ятгын хөгжмийн дагуу дуу тааруулан дуулахад зориулсан дуулал байдаг юм. Ийм учраас эртний ятгын урлаг нь байнга яруу найрагтай нягт уялдаа холбоотой байсан билээ.
Хятадын эрт дээр үед голцуу хуур хуурдаж хэлдэг сонсголон сайхан үлгэрүүд байжээ. Түүний дотроос нийт олны дунд хамгийн их алдаршсан нь "Сэтгэлийг мэдэгч" гэсэн үлгэр юм. Эртний түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, манай тооллын өмнөх зургадугаар зууны үед дуу хөгжимд нэвтэрхий, чавхдах хуурдахдаа авьяаслаг Юй Бай-я гэсэг хүн байжээ. Нэг удаа гэнэтийн тохиолоор Юй Бай-я эртний ятгын урлагийг сонирхогч Жүн Зи-чи-тэй уулзсан аж. Юй Бай-я түүнд ятгын хөгжим хөгжимдөн сонортуулсан бөгөөд өөрийн аугаа их хүсэл зорилтоо хөгжимдээ илтгэсэн байлаа. Жүн Зи-чи түүний хөгжмийг сонсоод, "Таны хөгжимдсэн ятгын хөгжмөөс өндөр уулс шиг сүр жавхаатай аясыг сонслоо" гэж сайшаан өгүүлсэн байжээ.
Бай-я дахин нэг хөгжим хөгжимдөж, уужуу тайвуу сэтгэлээ илтгэсэнд, Зи-чи бас: "Таны хөгжимдсөн ятгын хөгжмөөс гол мөрөн шиг идлэг дайчин хөг аяс сонстож байна" гэж магтан хэлсэн байлаа. Юй Бай-я маш их баярлаж Зи-чийг сэтгэлийг мэдэгч хэмээн найз болцгоожээ. Хоёр жилийн дараа мөн өдөр мөн газарт дахин уулзаж, ятгын урлагийг судлан хэлэлцэхээр тэр хоёр тохиролцож салж явсан аж. Хоёр жилийн дараа, Юй Бай-я мөн газартаа ирсэн боловч, Жүн Зи-чи ирсэнгүй тул сураглаж явсаар түүний нас барсныг мэдээд, Юй Бай-я маш их гашуудаж, ятганыхаа чавхдасыг тасдан, ятгаа балав цохиж, насан эцэс болтлоо дахиж ятгаа бариагүй юм гэнэ. Ингээд "Сэтгэлийг мэдэгч" гэсэн сайхан яриа ардын дунд уламжлагдаж, мянган галавд мөнхөрөх урлагийн содон бүтээл бий болсон байлаа.
Эртний ятга нь Хятадын хамгийн онцлон хөгжмийн зэмсгүүдийн нэг болох бөгөөд түүний ач холбогдол болон үнэ өртөг нь энгийн хөгжмийн зэмсгээс хол давсан байгаа юм. Эртний ятгын урлагийн соёлын агуулга нь ч хөгжмийн хүрээ хэмжээнээс тэлэн гарч, Хятадын эртний сэхээтэдийн гоо сайхны үзэл сэтгэлгээ болон үнэт зүйлийн тухай ойлголт танилтын чиглэл урсгалыг агуулсан байна гэж хүмүүс үздэг байна.
|