Ван Юн-фү бол ард иргэдийн хайр хүндэтгэлийг гүнээ хүлээсэн, эрдэм мэдлэг ихтэй монгол эмч юм. Тэрээр багаасаа монгол анагах ухааны эрдэм мэдлэгт шимдэн суралцахын зэрэгцээ бас хятад анагах ухаан, европ анагах ухаан болон түвд анагах ухааны суурь онол болон үндсэн мэдлэгийг чармайн сурч, уламжлалт монгол анагах ухааны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Ийм учраас Ван Юн-фү "Бүх Хятадын хөдөлмөрийн сайчуул" хэмээх алдар цол хүртсэн байна.
Ван Юн-фүгийн монгол нэр нь Соном гэдэг. 1912 онд Их зуу аймаг одоогийн Ордос хотын Отогийн өмнөд хошууны Мугайт сумын ядуу малчин Чулуугийн гэрт мэндэлжээ.
Гэр нь тун ядуу байсан болохоор, Ван Юн-фү 14 насандаа Отогийн өмнөд хошууны Мугайт сүмд шавилан сууснаас хойш, багш ламдаа үйлчлэн түүнээс монгол, түвд бичиг сурчээ. Тэрээр цэцэн сэргэлэн, сурахад бахтай байсан тул, 18 наснаасаа эхэлж багшаасаа монгол анагах ухааны онол сурч, эм найрах, эм таних арга зэргийг сурсан байжээ. 21 наснаасаа эхлэн биеэ даан эмчлэх ажил хийж, ядуу зүдүү хүмүүсийг тэтгэж явсан байлаа.
1937 онд орон нутгийн феодлын дээд давхаргатан нар хуувилдаж, Отогийн өмнөд хошууны нэг сүмд суулган, Гоминьдангийн цэрэгт үйлчлэх эмч болгожээ. 1940 онд Хөх-нуурын Гүмбум хийдэд хүргэгдэж, сүмийн хамаарагч болжээ. Ван Юн-фү ажлын чөлөөт цагаараа түвд хэл сурч, орчуулга хийж байснаас гадна бас монгол түвд анагах ухааны болон философийн сонгодог ном зохиолыг уншин судалж байлаа. 1946 онд нутагтаа буцан ирж, монгол анагах ухааны ажлаа үргэлжлүүлэн хийжээ. 1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Район чөлөөгдсөнд Ван Юн-фү Отог хошууны эрүүл мэндийн газарт ажиллах болсон байв. 1958—1959 онд Ван Юн-фү бүх районы монгол анагах ухааны сурвалж бичгийн бэлтгэл сургалтын ангид суралцаж, "Анагах ухааны дөрвөн үндэс", "Латав" зэрэг анагах ухааны сонгодог зохиолыг системтэй сурсан байлаа. 1960—1961 онд Өвөр Монголын Мэргэжил Дээшлүүлэх Дээд Сургуулийн монгол анагах ухааны багш нар бэлтгэх ангид суралцжээ. 1958 онд Их зуу аймгийн эрүүл мэндийн боловсон хүчний бэлтгэл сургалтын газарт ажил шилжин багшаар ажилласан байна.
1958—1963 онд заан сургалтын ажил хийхийн зэрэгцээ бас "Монгол анагах ухааны зүү төөнүүр", "Монгол анагах ухааны цус тавих эмчилгээ", "Хятад анагах ухааны зүү төөнүүр" зэрэг гарын авлагын ном зохиож, сурагчиддаа сурах бичгийн нөхвөр болгосон ба түвд анагах ухааны сонгодог бүтээл болох "Тунвагажид" хэмээх номыг орчуулан, сурагчиддаа лавлагааны ном болгон ашиглуулсан байжээ. Ван Юн-фү хошууны монгол эмнэлгийн дарга зэрэг тушаалд ажиллаж өнгөрсөн бөгөөд их олон нэрт эмчийг бэлтгэн хүмүүжүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд монгол анагах ухааны үндсэн дээр, хэдэн арван зүйлийн шинэ эмийг найруулан гаргаж, бүсгүйчүүдийн өвчин, уусги зүрхний өвчин, цусан даралт өндөр өвчин, мэдэрлийн өвчин, үе гишүүний үрэвсэл зэргийг эмчлэн засах талаар маш сайн ололт амжилтанд хүрчээ.
Ван Юн-фү эмчийн эмчилгээний хамгийн ил тод онцлог бол оношилго зөв, өвчин илэрших хэмжээ өндөр байдаг явдал юм.
1979—1985 онд Ван Юн-фү эмч эмчилгээний олон жилийн туршлагаа дүгнэн, "Рашнамжилаар бүсгүйчүүдийн өвчнийг анагах ёсон", "Цус дутах өвчний тухай", "Уусгины үрэвслийг эмчлэн зассан туршлага", "Монгол анагах ухааны таван махбодын онол", "Шар өвчний тухай" зэрэг 9 өгүүлэл бичжээ. Сүүлийн жилүүдэд бас туслах нарын туслалцаатайгаар "Ван Юн-фүгийн эмчилгээний архив"-ын нэгдүгээр эмхтгэл, хоёрдугаар эмхтгэлийг найруулан бичснийг нь 1985, 1986 онд Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооноос хэвлэн гаргажээ. 1986 оноос эхлэн Ван Юн-фү болон түүний туслах нар нь элгэний үрэвслийн тухай судалгаа шинжилгээ хийж, тусгай ном зохиол бичсэн бөгөөд бас арван хэдэн төрлийн шинэ эм найруулан үйлдч, монгол анагах ухааны хөгжилд, мөн монгол анагах ухааны боловсрол сургалт, эрдэм шинжилгээний ажилд чухал хувь нэмэр оруулсан байна.
Ван Юн-фү эмч өнөө Өвөр Монголын Өөртөө Засах Районы монгол анагах ухааны нийгэмлэгийн дарга, Ордос хотын монгол анагах ухааны нийгэмлэгийн дарга, Ордосын монгол анагах ухааны судалгааны газрын зөвлөхөөр ажиллаж байна. /О.Дармбазар найруулан орчуулав/
|