Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы монгол анагах ухааны анхны профессор Бай Чин-юнь бол монгол анагах ухааны үйлсийн хөгжлийн төлөө гавьяа зүтгэлтэй ажилласан, ард иргэдийн талархалыг гүнээ хүлээсэн, "бурхан эмч" хэмээн нийтэд алдаршсан хүн юм.
Бай Чин-юнь эмч 1913 оны 10-р сард Хятадын Ляо-нин мужийн Фү-шиний монгол үндэстний өөртөө засах сяньд төржээ. Түүний гэрийнхэн анагах ухааны уламжлалтай сурвалжит өрх байсан бөгөөд өвөг, эцэг зэрэг нь бүр хол ойрд нэрд гарсан монгол эмч нар байжээ. Бай Чин-юнь 8 наснаасаа эхлэн эмчийн мэргэжилд суралцсан байлаа. Аав нь түүнийг багад нь сүмд шавь оруулж, монгол, түвд бичиг болон анагах ухааны үндсэн мэдлэг суралцуулав.
16 насны тэр жилд нь газар тариаг нь эрх сүртэн булаан эзэлсэн тул, аав нь аргагүйн эрхээр гэр бүлийнхнээ дагуулан харь нутагт цагаачилж, одоогийн Хянган аймгийн Тү-чуань сяний хөдөө нутагт хүрч нутаглан амьдарчээ. Тэр үеэс Бай Чин-юнь аав юм уу ахаа дагаж эмчийн ажил хийж амь жуух болсон юм.
1945 онд Хятадын умард нутаг чөлөөлөгдсөн явдал нь түүнийг шинэ амвдралтай болгосон билээ. Тэр үед хот хөдөөд эмч нар болон эмнэлэг маш их дутагдаж байсан асуудлыг зохицуулахын төлөө, Засгийн газраас эмчилгээний ажилтдыг зохион байгуулж социализмын байгуулалтад үйлчлэхийг зоригжуулж байжээ. 1947 онд Улаан-хот районд хулганы хижиг дэлгэрсэнд Бай Чин-юнь Засгийн газрын уриалгыг угтан дагаж сайн дураасаа эмчилгээний ангид оролцож, олонтой хамтаар өдөржин шөнөжин шаргуу ажиллаад, хулганы хижгийн тархан дэргэхийг үр ашигтай тогтоон барьсан байлаа.
1947 оны 8-р сард Бай Чин-юнь Улаан-хотын монгол анагах ухааны сургуулийн харьяа эмнэлэгийн газарт ажил шилжиж, амбулаторид өвчин үзэх болсон юм. 1950 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы монгол анагах ухааны анхны нэгдсэн эмнэлэг албан ёсоор байгуулагдаж, Бай Чин-юнь захирлаар ажилласан байна. Үүний үндсэн дээр, Өвөр Монголын Өөртөө Засах Районы анхны монгол эмнэлэг болох Улаан-хотын монгол эмнэлэг байгуулагджээ. Энэ нь одоо тухайн орон нутгийн эмчилгээний төв болон хөгжөөд, орон нутгийн ард иргэдийн өвчнөө үзүүлж эмчлүүлэхэд улмаар чухал үүрэг гүйцэтгэх болсон юм.
1958 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газар монгол анагах ухааны боловсролын үйлсийг хөгжүүлэхийн тулд, Өвөр Монголын Анагах Ухааны Дээд Сургуульд монгол анагах ухааны үндсэн анги нэмж 5 жилийн хугацаатай заан сургалт хийлгэсэн байна. Бай Чин-юнь хятад—монгол анагах ухааны судалгааны газрын монгол анагах ухааны салааны анхны даргаар ажиллаж, заан сургалт, эрдэм шинжилгээ болон клиникийн зэрэг ажил хийсэн байлаа. 1959 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Эрүүл Мэндийн Тэнхим нь Бай Чин-юнийг Эрүүл Мэндийн Танхимд ажил шилжүүлж, монгол анагах ухааны сонгодог зохиол бүтээлүүдлийг найруулах, орчуулах, эмхтгэн цэгцлэх ажил хийлгэсэн байжээ. Бай Чин-юнь болон бусад нэрт эмч нарын гар бие оролцсон тэрхүү ажлын хүрээнд "Анагах ухааны дөрвөн үндэс" ч хамрагдсан байна.
"Соёлын хувьсгал"-ын үед Бай Чин-юнь эмч оюун санааны болон бие махбодын асар их хохирол амссан боловч, монгол анагах ухааны хөгжлийн төлөө хүчин зүтгэх гэсэн шийдвэр зориг нь ерөөс өөрчлөгдөөгүй юм. "Дөрвөн хүний бүлг"-ийг бут ниргэсний дараа, Бай Чин-юнь эмч оюун санааны хүлээслэлээс ангижирч, монгол анагах ухааны ажлаа сэргээн хийсэн юм. Бай Чин-юнь эмч монгол эмийн чанар онцлогт үндэслэн, "бөөрний үрэвсэл", "бөөрний өвчний нийтлэг шинж", "шээсний хордлого" зэрэг эмчилгээ авахад төвөгтэй архаг өвчнүүдийг тусгайлан судалсан байв. Хэдэн жилийн практик туршлагынхаа үндсэн дээр, "бөөрний өвчний тухай" хэмээх судалгааны өгүүлэл бичиж, Өөртөө Засах Районы монгол анагах ухааны судлалын эрдэм шинжилгээний хурал дээр уншиж, эрдэмтэн судлаачдын анхаарлыг маш их татсан байлаа. Энэхүү ажлыг цаашид боловсронгуй болгохын тулд, Өвөр Монголын Эрүүл Мэндийн Танхим, Өвөр Монголын Анагах Ухааны Дээд Сургууль нь Бай Чин-юний сонгож авсан судалгааны сэдвийг шинжлэх ухааны ажлынхаа төлөвлөгөөнд оруулсан байна. Монгол анагах ухааны аргаар бөөрний өвчнийг эмчилвэл ил тод сайн үр дүнд хүрч чадна гэснийг Бай Чин-юнь эмчийн хийсэн клиникийн практик гэрчилсэн юм.
Бай Чин-юнь эмч бол анагах ухааны өндөр ур мэргэшилтэй төдийгүй бас маш сайхан зан сурталтай хүн юм. Тэрээр мөнгө дөгрөггүй хүмүүст ч гэсэн халуун сэтгэлээр байнга төлбөргүй үйлчилдэг байна.
1979 онд Бай Чин-юнь эмчийн ажлын гарамгай ололт амжилт болон эрдэм шинжилгээний үр бүтээлийг нь үнэлэн тэмдэглэж, Өөртөө Засах Районы эрдмийн зөвлөлөөс профессорын цол олгожээ. 1979 онд Бээжинд болсон Хятадын анагах ухааны нэвтэрхий толийг найруулан бичих асуудлаархи хурал дээр, Бай Чин-юнь эмчийг найруулах комиссын гишүүн бөгөөд "Монгол анагах ухааны бот"-ийг найруулан бичих ажлыг хариуцагч гол редактороор сонгосон байв.
Бай Чин-юнь эмч өнөө Хятадын Эрүүл Мэндийн Яамны анагах ухааны эрдмийн зөвлөлийн гишүүн, Бүх Хятадын Хятад Анагах Ухааны Судалгааны Нийгэмлэгийн байнгын эрхлэгч, Өвөр Монголын Монгол Анагах Ухааны Судалгааны Нийгэмлэгийн орлогч дарга зэрэг тушаалд ажиллаж байна.
О.Дарамбазар найруулан орчуулав
|