Тэжээхүйн ухаан
Арга билгийн сургаал нь анагаах ухаанд туйлын өргөн нэвтэрчээ. Үүнд, хүний биеийн чадал тамирыг арга, шим бодисийг нь билиг гэх агаад билиг нь аргын дотор оршиж, "Аргыг тэтгэж", арга нь гадна оршиж, "Билгийг хамгаалж" байдаг ажээ.
Хүний бие махбодын доторх билиг болох шим бодис нь ямагт хүний чадлын гадаад илрэл болох хөдөлгөөн, үйлдлийн дунд зарцуулагдах бөгөөд үүнийг билиг арилж арга үүсэх гэнэ.
Аливаа шимт бодис шингэн шимээ тараахад зайлшгүй чадал зарцуулагдана. Үүнийг арга арилж билиг үүснэ гэх ажээ. Энэ үйл явц, тэнцвэртэй хэвийн байвал хүн эрүүл мэнд байж, харин энэ тэнцвэр алдагдвал өвчин эмгэг үүсдэг.
Билиг дийлэхэд арга нь өвчилж, арга дийлэхэд билиг өвчилнө.
Бие зүйн талаас үзэхүл, арьсны дотор тал, хэвлий, үе мөчний дотор тал нь билиг, арьсны гадна тал, нуруу, үе мөчийн гадна тал аргад орно. Гадаад орчны зургаан хүчин зүйл болох халуун, хүйтэн, салхи, чийг, хуурай огторгуй зэргээс шалтгаалж биеийн арга билгийн ажиллагаа хямарч, нэг нь нөгөөгөө давамгайлах, эсвэл аль нэгний үйл ажиллагаа нь сулрах, дутах зэргээс мөн өвчин эмгэг үүсдэг ажээ. Чингээд, арга сулрахад хөрөх шинж үүсч, билиг сулрахад дотор халуун үүсдэг байна. Арга давамгайлахад гадна талд арьсны халуун ихэсч, билиг давамгайлахад дотор хөрөх шинж ихэснэ.
Гэхдээ хэт их хөрвөл \даарах, осгоход\ халуун үүсч, хэт их халахад хөрөлт үүснэ. Эртээс нааш арга билгийн энэхүү харьцааг мэдэж байсан монгол эмч оточ нар халуун ерөндгөөр хүйтэн өвчнийг анагаах "монгол төөнүүр", мөн хүйтэн ерөндгөөр халуун өвчнийг анагаах "усан засал" хэрэглэж байжээ.
Хүний цусанд байх улаан бөөм аргад, цагаан бөөм нь билигт хамаарах бөгөөд Ⅵ сарын 22-ны шөнө билиг, ⅩⅡсарын 22-ны шөнөөс арга эхлэнэ.
Хавар зуны улирал аргад, намар өвөл нь билигт багтдаг. Шөнө өвчин хүндэрч билиг хүч дийлж, гэгээ ороход нар гарч арга хүч ялдаг.
Өвөрмонголын эмч, багш, дэд профессор Б.Жигмэд "Анагаах ухааны ололт" номондоо арга билгийн салшгүй, харилцан шилждэг, бие биенээ түшиглэдэг чанарыг хүний биеийн таван цул эрхтнээр жишээлэн тайлбарласан буй. Түүндээ өгүүлсэн нь:
Зүрх---таван цулын нэг бөгөөд цусыг бүх биед түгээх үйлдэлтэй тул аргад хамаарагдана. Гэтэл биеийн гурван махбодиос \хий, шар, бадган\ зүрхэнд хий орших тул арга билиг хоёрдмол чанартай болно.
Уушиг---цул эрхтэн бөгөөд аргад багтах боловч биеийн гурван махбодийн бадганд хамаарагдах тул билигт багтана. Гэтэл уушиг бас цаг ямагт амьсгалын хөдөлгөөн хийж солилцоог явуулах тул аргад хамаардаг эрхтэн. Элэг---цул эрхтэн бөгөөд биеийн гурван махбодийн шард хамаарагдаж идээний тунгалагийг цус болгон боловсруулж, цусны тунгалаг цөвийг ялгах тул аргад багтана. Гэтэл элгэнд оршиж буй идээний тунгалаг нь билигт багтана.
Бөөр---цул эрхтэн тул аргад багтах боловч биеийн гурван махбодийн бадганд хамаарагдаж усыг ялгах тул билигт хамаарагдана.
Дэлүү---цул эрхтэн бөгөөд аргад багтах боловч биеийн гурван махбодийн доторх бадган дийлэнх байдаг ажээ.
Арга билгийн онол нь таван махбодийн сургаалтай ч холбоотой.
Бөөр-элэг \ус-мод\ бие биеэ дэмжиж байдаг. Ус нь мод ургахад чухал үүрэгтэйн адил бөөрөнд хадгалагдах шингэн чанартай. Үүнд цус билигт харьяалагдана. Биед ус дутвал цус дутна.
Бөөр-дэлүү\мод-шороо\
Бөөрний арга гэсэг дэлүүний билигтэй харилцан шүтэлцээтэй. Учир нь бөөрний арга чанга байхад хоол боловсруулна. Хоол тэжээлийн нарийн шимт бодис дэлүүнд хадгалагдана. Өөрөөр хэлбэл амьдарлын эрчим хүч дэлүүнд оршино. Дэлүүний билиг бол хоол тэжээлийн бодисын солилцоог явуулна.
Морин хуурын чавхдсыг хоёр хэсэг багц хялгасаар хийж, нэгийг нь "арга", нөгөөг нь "билиг" хэмээн нэрлэдэг. Арга хөгийг эр, билиг хөгийг эм хөг гэнэ.
12 жилийн амьтны мөчлөг бүхий 60 жилийн он тооллыг анх манай өндөр өвөг хүн-нү нарын үед буюу түүнээс өмнө монголчууд зохиосон гэдэг. Жарны тооллыг нар сарны хөдөлгөөнийг давхар тооцоолж, зохиох тул арга билгийн хосолсон тоолол ч гэж нэрлэх ёсон бий.
Одон зурхайн ойлголтод цаг хугацаа бол арга билгийн их тохирол гэдэг. Түүнчлэн 12 жил нь 6 эр буюу Арга жил, 6 эм буюу Билиг жилд хуваагдах бөгөөд Арга жилд хулгана, бар, луу, морь, мич, нохой, Билиг жилд үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай хамаарна. Монгол гэрийн баруун талд эрэгтэй хуний эд, зүүн талд эмэгтэйн хэрэглэх эд юмс байрлуулж, түүнээ арга тал, билиг тал хэмээн нэрлэнэ. /Л.Буянтогтох орчуулав/
|