Нэлээд урт хугацааны турш, хүмүүс Хятад улсыг үйлдвэрлэгч том орон гэж үзсээр ирсэн юм. Гэвч Хятад улсад үйлдвэрлэн борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн юм уу экспоротоор гадаадад гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний зонхилоход нь бүр гадаадын үндсэн дамнасан пүүс компанийн барааны маркийг хэрэглэж ирсэн бөгөөд Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй нэрт маркийн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нэлээд бага мөртөө өрсөлдөх хүч нь ч сайн биш байсан юм. Өнөө, энэхүү байдалд нэлээд өөрчлөлт гарч, Хятадын пүүс компаниуд гол чухал технологи болон бие даасан нэрт марк эзэмшиж бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх хүчин чадлыг нь нэмэгдүүлж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн ерөнхий хүчин эрчимжин нэмэгдэхийн хирээр, зарим салбарт Хятадын дотоодын пүүс компанийн технологийн түвшин нь үндсэн дамнасан пүүс компанийнхаас давсан байна. 5 жилийн өмнө, Хятадын Карбон цаасны захыг Герман, Япон, Америкийн бүтээгдэхүүн монополчилж байсан бөгөөд гол чухал технологийг үндсэн дамнасан пүүс компаниуд эзэмшиж, Хятадын пүүс компаниудын өрсөлдөх хүчин нь тун хязгаарлагдмал байдалд байсан билээ. 1997 онд Хятадын төв нутгийн Хэ-нань мужийн Шинь Шян хотын Рүй Фэн Химийн Аж Үйлдвэрийн ХХК шинэ хэлбэрийн будгийг бие даан судлан үйлдвэрлэж патентын эрх авсан юм. Уг компанийн ерөнхиий инженер Лю Зүн-лай хэлэхдээ: "Бидний судлан үйлдвэрлэсэн давирхайн будаг нь гадаадын бүтээгдэхүүний өнгө суух нь удаан, гэрэлд муу байдаг зэрэг доголдлоос зайласхийж чадсан байна" гэжээ.
Энэхүү технологи нь аж ахуйн нэгжид асар их ашиг хүртээсэн юм. Чанар сайн, үнэ хямд байдаг учраас Рүй Фэн компанийн бүтээгдэхүүн нь маш түргэнээр Хятадын зах зээлийн 90%-ийг эзэлж, жил тутмын борлуулалтын хэмжээ нь 100 сая шахам юаньд хүрч, үндсэн дамнасан пүүс компанийн карбон цаас нь аажмаар Хятадын зах зээлээс татан гарч байна.
Дотооддоо амжилтанд хүрсний дараа, Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадад хөгжлийн орон зай хайх стратеги хэрэгжүүлж эхэлсэн байна. Контейнерт аюулгүйн шалгалт хийх тоног төхөөрөмжөө 38 улс орон, газар нутагт экспортоор гаргаж, дэлхийн энэ салбарын зах зээлийн 57%-ийг эзэлсэн Хятадын Чин Хуа Тун Фан Вэй Ши ХХК-ийн зөвлөлийн дарга Кан Кэ-жюнь хэлэхдээ, бараа бүтээгдэхүүний гол чухал технологийг эзэмших нь аж ахуйн нэгжийн амжилтанд хүрэхийн зангилаа юм гэлээ.
"Контейнерт аюулгүйн шалгалт хийх хөдөлгөөнт системийг судлан бүтээснээр бид дэлхийд тэргүүлэх байранд орж чадсан юм. Бидний технологи өнөө дэлхийд цорын ганц нээлт болсон учраас бид дэлхийн энэ салбарт хошууч болж байна гэж хэлж болох юм" гэж Кан Кэ-жюнь тэмдэглэжээ.
Өөрөө гол чухал технологийг эзэмшсэнийхээ дараа, Хятадын пүүс компаниуд өөрийн гэсэн нэрт марк буй болгох ажлыг шуурхай сайн хийж байна. Өнгөрсөнд Хятадын аж ахуйн нэгж нь үндсэн дамнасан нэрт пүүс компанийн бүтээгдэхүүн боловсруулах бааз болж, бүтээгдэхүүндээ гадаадын пүүс компанийн марк хадаж борлуулга сайтай байсан боловч, жил болгон марк хэрэглэсний хариуд үлэмжхэн хэмжээний төлбөр өгдөг байсан болохоор, борлуулалтын ашиг орлогын ихээнхийг нь үндсэн дамнасан пүүс компани авдаг байжээ. Энэхүү байдлыг өөрчлөхийн төлөө, технологийн ур түвшин, хүчин чадал нь зохих хэмжээгээр дээшилсэн Хятадын аж ахуйн нэгжүүд өөрийн гэсэн бараа бүтээгдэхүүний нэрт маркийг зохион бүтээж эхэлсэн юм. 1997 онд байгуулагдсан Хятадын Чи Рүй Авто Машины Компани бол авто машин үйлдвэрлэдэг бие даасан марктай аж ахуйн нэгж юм. 2005 оны эхний хагас жилд уг компанийн үйлдвэрлэсэн авто машины экспортын хэмжээ нь Хятадын авто машины экспортын нийт хэмжээний гурваны нэг хувийг эзэлж, экспортын хэмжээ болон орлого нь 2004 оны мөн үеийнхээсээ 2 дахинаар нэмэгдсэн байна. Чи Рүй Авто Машины Компанийн зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий захирал Инь Тун-яо хэлэхдээ, бие даасан маркийн бүтээгдэхүүнтэй болж чадвал сая дэлхийн зах зээлд өөрийн ул хөлөө олж хамгийн их ашиг хүртэх болно гэжээ.
"Бие даасан марктай болж чадвал сая манай бүтээгдэхүүн гадаадад борлуулагдах болно. Гадаадын хөрөнгө оруулалтай нэрт марк эзэмшигчид Хятадын хамтран ажиллагчидтайгаа олз ашгаа дэгшхэн хуваалцахгүй юм. Энэ бол бид бүтээгдэхүүнээ гадаадад борлуулж байгаа атлаа бусад компани ингэж хийж чадаагүйн хамгийн үндсэн шалтгаан юм" гэж Инь Тун-яо хэллээ.
Хятадын пүүс компанийн амжилтанд хүрч байгаа нь бас Засгийн газраас аж ахуйн нэгжийн шинийг үүдэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байгаатай салшгүй холбоотой юм. Хятадын төв баруун нутгийн Шань-ши мужийн Бао-жи хотын дарга Яо Инь-лян хэлэхдээ: "Технологийн талаархи хөрөнгө оруулалтаа өргөтгөж, нэрт марк буй болгох гэсэн аж ахуйн нэгжийн хүчин чармайлтыг бид шуурхай дэмждэг юм. Бид шагналын дүрэм хэрэгжүүлж, технологийн шинэчлэлт хийж, шинэ шинэ бүтээгдэхүүн судлан үйлдвэрлэсэн пүүс компаниуд болон техникчдыг шагнах бодлого авч байна" гэлээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|