Цагийн эргэлт амьдарлын хэмнэл түргэсхийн хэрээр хүмүүсийн толгой өвдөх өвчин их олширч байна. Толгой өвдөх нь орчин ахуйтайгаа шууд холбоотой байдаг бөгөөд үймээн шуугиан, утаа униар, агаарын бохирдол тэрчлэн удаан цагаар зурагт сонирхох, компьютер дээр удаан ажиллах нь цөмөөрөө толгой өвдөхийн үндсэн шалтгаан болж байгаа юм байна. Үүнээс гадна уурлаж бухимдах, тамхи татах, архи уух, өөх тос ихтэй хүнсний зүйлийг хэтэртэл идэх, халах хөрөх, гал нарны илчинд удаан шарагдах, нойр хулжих, хүйтэнд жиндэх цаашилбал сав цулын өвчний илрэл нь ч толгойн мэдрэлийг хөндөж толгой өвдүүлдэг байна.
Эмч Тогтохын зөвлөж байгаагаар:
1. Нүдний ухархай шанаагаар хатгалан өвдөх, заримдаа толгой эргэн чих шуугиж нойр хулжих, ямагт ядаргаатай байдалд байж, салхинд гарч хоол ундаа идэж уусны дараа намдах шиг болдог бол хий мэдрэлийн гэмээр толгой өвдөж байгаа илрэл юм.
Ингэж өвдөхийг эмчлэх арга нь гэвэл, түүний туршлагаар, өвчсөн эрүүгүй хонины толгойн тархинд нэг тун\3 грамм\ хиртэй шингүүн—5 гэдэг монгол эмийг чихэж оруулаад сайтар бөглөж, 3 цаг чанааад эмтэй тархийг гүйцэд идэж, шөлийг нь уувал толгой өвдөхийг тун сайн зогсоож чаддаг байна.
2. Ам хатах, заримдаа дур булгиж, архи дарс, халуун ногоо идэж уусаны дараа толгой нэн илүү өвдөөд байвал элэг цөсний халуунаар толгой өвдөж байгаагийн илрэл юм.
Элэг цөсний халуунаар толгой өвдөж байгаа бол Хурц—6, гүргэм—13 гэдэг монгол эмийг уухын дагуу мөсөн чихэртэй усыг хөргөж ууна. Үүний зэрэгцээ, архи, чинжүү, сармис зэрэг өдөөлт ихтэй юм идэхгүй байж, хурц наранд шарагдах ба халуун бөгчим орчинд удаан байхыг цээрлэнэ.
3. Толгой лэнтийн залхуу хүрч, толгойн орой дээрээс дарж байгаа мэт өвдөх, хоолны дуршил муудан, тэнгэр бүрхийн бүгчим халуун болох үе их өвдөж байгаа бол цус өтгөрч, артер судас хатуурч байгаагийн илрэл мөн.
Ийм байдалд, өөх тос ихтэй хүнсний зүйл идэхээ багасгаж, лууван, түвд хаш зэрэг хүнсний ногоог илүүхэн идэх чухал, бас хуруу хиртэй тохой урт 4 ширхэг сухайг нийлүүлж багцлаад нэг үзүүрийг нь буцалж байгаа шар тосонд дүрж гаргаад шатмааргүй халуун байх үед нь толгойн оройн бэлчрийг 2—3 удаа төөнүүрдвэл толгой өвдөхгүй болно.
4. Хүзүү дал мөрөөр хөших, нүд харангуйлах, алхаж гишгэх тэнцвэрээ алдах мэт болох, гэртээ дээш харж хэвтээд гэрийн тааз эргэлдэх мэт санагдах буюу гавалын хэсэг өвдөж байвал хүзүү сээрний үед мөгөөрс ургасаны илрэл болно.
Ийм шалтгаанаар толгой өвдхөд туршлагатай бариачаар массаж хийлгэж, зүү төөнүүрээр эмчилж, нянч—25 гэдэг эмийг хэргэлж болох юм.
5. Цусны даралтын улмаас толгой өвдөх нь ч бий. Цусны даралт өндөр байх тохиолдолд, нүдний судас гүрвэйж улайх, бөхийхэд нүд эрээлжлэн толгой дүйрэх, ам хатах, хоолны дуршил муудах зэрэг илрэл гардаг. Даралт дор болоход, шанаа өвдөх, тамирдах, амархан ядрах, сууж байгаад босоход нүд харанхуйлан унамаар болох, заримдаа чих шуугих, үс гэзэг унах зэрэг илрэл гардаг байна.
Цусны даралт өндөр болсоны улмаас толгой өвдөж байвал, даралт бууруулах эм уух юм уу эрдэнэ—7 гэдэг танг удаан хугацаагаар уувал илүү тустай болох юм. Цусны даралт дор болсоны улмаас толгой өвдөж байвал, хатуу ширүүн хөдөлгөөн хийх, өөх тос элбэгтэй идээ ундаа болон шим тэжээлээр тааруухан хүнсний зүйлийг удаан хугацаагаар идхийг цээрлэж, хоол хүнснийхээ шим тэжээлийг сайтар тохируулан, хонины шөл зэрэг хүнсний зүйлээр эмчлэх нь чухал. Цусны даралт дор болох нь зүрх, бөөр, дэлүү зэрэг дотор эрхтэний ажиллагаанд муугаар нөлөөлдөг болохоор эмчид хандан сайтар шинжилгээ хийлгэх шаардлагатай юм.
Эмэгтэйчүүдийн тасгийн өвчиний улмаас толгой өвдөж байгаад Эрдэнэтунгалаг гэдэг эмийг хэрэглээд эмчилгээний сайн үр дүнд хүрсэнийг түүний туршлага бас гэрчилж байна. /Л.Буянтогтох орчуулав/
|