• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-12 15:18:34    
Хаврын тухай бодрол

Хятадын Олон Улсын Радио

    Нэвт-Эрхэм сонсогчид та бүхнийхээ энэ оройн амгаланг айлтгая Жилийн дөрвөн улиралтай улс орнуудын хувьд намрын улиралыг буцаж байгаа,хаврын улиралыг ирж байгаа цаг гэдэг .Тийнхүү хуучин дэлхий солигдож,хамаг юм шинэдэж,өвсний соёо ногоорч,энх улирал ханхалахад хүний сэтгэл тэнийдэг билээ л Холхи нар ойртон ирж,хасын цас хайлахад хээрийн галуу айлчлан ирж, гангар гунгар дуугарана хөхөрсөн мод цэцэглэж,хүүхэд багачууд наадахад хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана ... Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар...Энэ жил би эртний түүхэт Бээжин хотноо аж төрж мөнх тэнгэрийн доорхи мянга мянган хаврын нь нэгийг үзэж бие сэтгэл уяранхан суухуй дор Бээжингийн хаварын талаар хэдэн үг бичмээр санагдлаа.

    Монголын хавар гэдэг шиг,Хятадын хавар гэвэл их өргөн дэлгэр цар хүрээтэй ярих хэрэг гарна Учир юун гэвэл 56 үндэстэн ястанаас бүрдсэн нэг тэрбум ЗОО сая хүн амтай 9,6 сая хавтгай дөрвөлжин км асар уудам газар нутагтай,дэлхийд газар нутгаараа Орос,Канадын дараа гуравт ордог Азийн том гүрний ,далайтай тэнгистэй,уултай,устай ,талтай говьтой уудам дэлгэр нутгийн нь хаварыг тэр чигээр нь хамруулан ярих боломжгүй ажгуу.Тэгээд л Бээжин хотын хавар гэж багахан хүрээнд өгүүлэх нь зүйд нийцэх биз. Гэхдээ бас 11,5 сая байнгын оршин суугчидтай,дөрвөн сая орчим шилжин суугчидтай,өдөрт гадаад дотоодын гурван сая орчим хүн орж гардаг Бээжин хэмээх энэ том хотын хаврын дүр төрхийг гүйцэд дүрсэлэнэ гэвэл бас бүтэхгүй. Зөвхөн өөрийнхөө оршин суудаг хороолол,гэрээсээ гараад Хятадын олон улсын радиогийн байранд ирж очдог замынхаа дагуу л харсан үзсэнээ яривал илүү бодитой үнэмшилтэй санагдана. Миний оршин суудаг газар нь Бээжингийн баруун захад сүүлийн хорь орчим жилд бий болсон шинэхэн хороолол бололтой. Дээхнэ бишээ бүүр хэдхэн жилийн өмнө тариалангийн талбай байсан газар гэж надад хамт ажилладаг нөхөд хуучилсан. Бабаошин гэдэг нэртэй метроны ойролцоо байдаг юм Бабаошин гэдэг нь монголчилвол найман эрдэнийн уул гэсэн утгатай үг гэсэн.Манай гэрийн цонхоор тэнгэр сайхан цэлмэг үед бол алсад уул цэнхэртэн харагддаг.Тэр уулыг миний эхнэр,ач хоёр хааяа ихээхэн сэтгэл хөдөлсөн байдалтай харж зогсох дуртай байдаг нь Монголынхоо уул усыг санагалзсан хэрэг юм болов уу гэж бодогддог шүү Хаяанд уул харагдаж байгаа болохоор манайх яах арга л өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа Бээжин хотын баруун захад байгаа юм.

    Өвөл нь дулаахан цасгүй орсон болохоор Бээжин хотод хавар нь цас мөс хайлж,гутал хувцас норгох юм уу эсвэл цасан доороос элдэв төрлийн хог хаягдал хөглөрөн гарч гудамж талбай бохирдуулна гэж байхгүй. Тийм болохоор хаврын салхи сэвэлзэхэд тоос шороо,гялгар хүүдий тэргүүтэй цаасны хаягдал хийсэн ирж хацар нүүрийг "үнсээд" байхгүй нь сайхан. Зарим өглөөгүүр төв замынхаа тоос шороог дарах гэж ус шүршдэг том том машинууд ус шүршээд л нэг ёсондоо бороо оруулчихдаг болохоор эгээл шинэхэн борооны үнэр ханхлах аятай болох нь нэн таатай ажаам.

    Харин энэ хаврын хувьд бол Бээжинд нилээд салхи шуургатай байна гэж нутгийн хүмүүс ярьж байна.Зарим өдрийн их шороон шуурга нь Монголоос тэр дундаа манай Улаанбатараас хаялгатай гэж Ус цаг уурын нь мэдээгээр нэг биш удаа ярьсан гэнэлээ.Ер нь манай Монголд ихээхэн хүйтэрч,салхи шуурга болвол тэр нь Бээжинд нэг хоёр өдрийн дараа нөлөөлдөг бололтой Ер нь жилийн дөрвөн улирал нь яг л хугацаандаа болдог юм байна.Өөрөөр хэлбэл зун нь зун шиг,намар нь намар шиг,өвөл нь өвөл шиг,хавар нь хавар шиг болох юмаа.

    Манайд бол хавар болохоор л өвөл нь амарч тухлаж байсан аятай бүх ажил нь эхлэж байгаа аятай хаврын ажил,хаврын цэвэрлэгээ гээд л үймэж эхэлдэг шиг үйл ажил энд өрнөхгүй .Учир нь гэвэл Бээжин хотын бүтээн байгуулалт өвөлжин үргэлжлэнэ өөрөөр хэлбэл ажил төрөл тасралтгүй үргэлжлэнэ Хятад хүмүүс багаж амраадаггүй,бас цаг алддаггүй ,өөрсдөө ядрахгүйгээр бүх зүйлээ хийж чаддаг гэж Бээжинд олон жил болсон нэг нөхөр маань хуучилсан нь тун зөв соргог ажсан ажиглалт болой.

    Харин жил болгоны 3-р сарын 12-нд Хятад улс даяар мод тарьдаг өдөр юм билээ.Тэр өдөр хэдэн зуунсая суулгацыг Хятадын том бага хотууд,тосгонд тарьж байгааг телевизээр ихээхэн харуулж байна лээ. Манай гудамжны хажууд ноднин намар замын засвар хийгээд жаахан хөндсөн байсан замын хажуугийн талбайнууд нэг өглөө болоход л нов ногоон мод суулгачихсан байсан шүү. Зүлэг ногоо ургаж ногоороно гэж тэнгэрийн аясыг харж хур бороо хүсэхгүй.Таримал ногоон зүлэгийг дөрвөлжинөөр хуйлж авчраад хивс дэлгэж байгаа мэт дэлгэхэд л өчигдөрхөн гандуу байсан талбай нов ногоон болно.Түүнийг өглөө бүр тордон услана. Хүүхэдүүдээ салхинд гаргангаа хөгшид нь эрүүл мэндийн дасгал хийх газрууд зөндөө Үүнийг манайханаар бол хүүхдийн тоглоомын талбай гэхээсээ илүү хөгшидийн чийрэгжих эрүүлжих талбай гэвэл зохилтой юм Одоо ийм газруудад хавар болсон учраас хөгшил,хүүхдүүдийн инээд хөөрөөр дүүрч байна.

    Энэ долоо хоногийн Даваа гаригт Хятадын филармонийн найрал хөгжимийн тоглолтыг Бээжинд ажиллаж байгаа гадаадын мэрэгжилтэнүүдэд зориулан Найрамдал хэмээх зочид буудлын концертын танхимд сонсголоо. Бизе,Шопен,Чайковский нарын зэрэг дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчидын бүтээлээс уг найрал хөгжим эгшиглүүлж,хятадын дуучин эмэгтэй сонгодог дуурь дуулахыг сонсон баясанаа бас хэлмээр байна. Хүний сэтгэлийг уярааж чаддаг,хөгжим дуунд орчуулага хэрэггүй гэж бага залуудаа шүлэглэж явсанаа эргэн санаж,нэгэн оройг олон орны ,олон хэлийн нөхөдтэй мөр зэрэгцэн сууж сонссон нь хаврын дулаахан салхитай өдрүүдэд сэтгэл зөөллөсөөр авай.