 Голомт Банкнаас Бээжинд суугаа төлөөлөгч, хятад судлаач эрдэмтэн Ш.Эгшиг
| Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны олон салбар дахь харилцаа, ялангуяа эдийн засаг, худалдааны харилцаа холбоо явах тусмаа эрчимжиж байгаагийг хирээр, хоёр орны банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа, солилцоо улмаар тэлэн өргөжих хандлагатай болж байна. Монгол улсын Голомт Банк бол Хятад улсын банктай мөнгөн гүйлгээ, үйлчилгээний хамтын ажиллагааг анх эхлүүлэн хийсэн банк юм. Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар уг банкнаас Бээжинд суугаа төлөөлөгч Шагдарсүрэнгийн Эгшигтэй саяхан уулзаж, Хятад улсад хийж байгаа банк санхүүгийн үйлчилгээний ажил байдлынх нь талаар сонирхож ярилцсан юм.
Сурвалжлагч: Та Бээжинд ирээд хэдэн жил болж байгаа вэ?
Ш.Эгшиг: Энд ирж ажиллаад 5 жил шахаж байна.
Сурвалжлагч: Таны банкнаас Хятад улсад банк санхүүгийн талаар ямар ямар ажлуудыг хийж байгаа вэ? Энэ талаар танилцуулах уу?
Ш.Эгшиг: Юуны өмнө, Голомт Банкныхаа талаар товч танилцуулъя. Манай банк бол 1995 онд байгуулагдсан хувийн аралжааны банк юм. Тэр үеэс эхлэн, дүрмийн сангийн хувьд ч гэсэн, хөрөнгийн хэмжээний хувьд ч гэсэн байнга өсч ирсэн, Монгол улстаа 1, 2-т ордог том банк байгаа юм. Манай банкны захирлууд одоогоос 6, 7 жилийн өмнөөс эхлэн, Хятад улсыг гадаад дахь ирээдүйн том түнш болно гэдэг утгаар Хятад улстай харилцах бодлогыг төлөвлөж боловсруулсан. Тэгээд Хятад улсад өөрийн төлөөлөгчийн газраа байгуулах, цаашлаад банкны салбар байгуулах гэсэн ийм зорилготойгоор бид анх Хятад улсын банктай харилцаа эхлүүлсэн юм. 1999 оноос бид энэ ажлаа эхлүүлсэн, тэгээд энэ хооронд судалгаа шинжилгээ хийж, 2003 онд Хятадын Ардын Банканд Төлөөлөгчийн газар байгуулах өргөдлөө өгсөн. 2004 оны 6-р сард Хятад Улсын Банкны Хяналт, Удирдлагын Хорооноос манай төлөөлөгчийн газрыг албан ёсоор бүртгэснээс нааш, бид энд үйл ажиллагаагаа эхлээд жил хагас болж байна. Ер нь манай банк Хятад улсын томоохон банкуутай, өөрөөр хэлбэл Хятад улсын 4 том банк гэж ярьдаг тэдгээр банкуудтай аль алинтай нь ч харилцаа холбоо тогтоож ажиллах сонирхолтой байдаг. Тэдгээрийн дотроос бид Хятад Улсын Тариалангийн Банктай хамгийн нягт холбоотой ажиллаж байгаа. Тариалангийн Банкны Хөххот дахь салбар банк болон Эрээн хот дахь салбар банк нь Монгол улс дахь банктай харилцах бүх үйл ажиллагааг шууд харилцаатайгаар явуулж байна. Монгол улсад юаний үйлчилгээг манай банк, мөн бусад банкууд ч бас хийж байгаа, гэхдээ манай банк бол юаний үйлчилгээний клиринг хийдэг, өөрөөр хэлбэл Монгол улсад хийж байгаа юаний үйлчилгээ гүйлгээний тооцоог бид бүрэн хэмжээгээр хянадаг гэж ойлгож болно. Мэдээж, бид банкны хувийн гуйвуулга юм уу эсвэл албан байгууллага хоорондын харилцах данс хооронд явж байгаа ийм бүх гүйлгээг хийхээс гадна, бас өөр ямар ажил хийх вэ гэдэг дээр анхаарч ажиллаж ирсэн. 2003 оноос эхэлж, бид банк хоорондоо ярилцаад, Хятад Улсын Тариалангийн Банкны "Алтан түрүү" картыг Монгол улсад тарааж эхэлсэн юм. Ер нь Голомт Банкны хувьд олон улсад хэрэглэдэг зээлийн картыг Монгол улсад анх нэвтрүүлсэн.
1 2 3
|