Одоогоос гучин жилийн тэртээ 1976 оны 7-р сарын 28-ний шөнө Хятадын умард нутгийн Хэ Бэй мужийн Тан Шань гэдэг хотын хүмүүс урьдынхаа адилхан дуг нойрондоо амарцгааж байсан юм. Тэгэж байтал гэнэт аянга цахилгаан мэт гэрэл цацарж, аянгын дуу мэт нүргэлсэн нүсэр дуу гарч, нойрондоо байсан хүмүүс юу болсныг нь мэдэж амжаагүй байтал бүхэл бүтэн хот үнсэн товрог болтлоо сүйдэж, 240 мянган хүн эндэж,160 мянган бэртэж, дөрвөн мянга гаруй хүүхэд өнөчирсэн байна. Байгаль эх маань хүмүүн биднийг өгөөмөр хайраараа энэрэн өсөгдөг байтлаа бас ингэж хатуу тоглодог юм шүү дэ. Гэнэт ирсэн энэ аюулын өмнө хүн бүгд цочирдож, нуранги болсон хотын бууринд энэлэн шаналангийн дуу тасрахгүй байсан юм. Энэ их аюулаас азаар үлдсэн хүмүүс одоо эрэгцүүлэн бодоход тухайн үеийн байдал яг л саяхны юм шиг бодогдож байлаа. Тэтэгвэртээ гарсан багш Ван энэ тухай эрэгцүүлэн бодоход үнэхээр хэцүү байлаа. Газар хөдлөлтийн дараа Хятадын засгийн газар Хятадын ардын чөлөөлөх армийг илгээж яаралтай авран тусалсан бөгөөд Хятадын бусад муж хотын ард түмэн даруй түргэн хөдлөлцөж, авран туслах ажилд оролцсон байна.
Өнөөдөр та хэрэв Тан Шань хотоор дайран өнгөрөх юм бол орчин үеийн цэцэрлэгжсэн том хот таны үдэнд өртөх болно. Энэ бол Тан Шань хотын ард түмний олон жил шаргуу хатуужилтай бүтээн байгуулалтын үр дүн юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Тан Шань хотын эдийн засаг асар хурдаар нэмэгдэж, олон улсын худалдаа үзэсгэлэнгийн төв, эдийн засаг худалдааны нээлттэй бүс зэрэг бүтээн байгуулалт хийгдэж, гадаад дотоодын худалдаачдыг урин ажиллуулж байна. Тан Шань нь Бээжинд Тяньжинь зэрэг том том хотодтой ойр зэргэлдээ байдаг давуу талаа ашиглаж, Хятадын бүсчилсэн хөгжлийн эгнээнд хамрагдан хөгжиж байна. Хятадад тэрчлэн дэлхийд ч ховор тохиолдох энэ газар хөдлөлийн гамшигийн дараа гамшгаас яаж урьдчилан сэргийлэх, түүний нөлөөг хэрхэн хамгийн бага хэмжээнд тогтоон барих, гамшгийг эсэргүүцэх чадлаа хэрхэн дээшлүүлэх зэрэг талаар бидэнд их сургамж үлдээсэн юм.
|