Сайн байцгаана уу? Сайхан зусч байна уу?
Эрхэм хүндэт сүлжээ хэрэглэгч танд энэ өдрийн мэнд хүргэж байгааг хүлээн авна уу? Саяхан өнгөрсөн дээр сарын нэг халуун өдөр намайг ажил дээрээ байхад ширээн дээрэх утас хангинан дуугарч, хүрч очоод тосоход Монгол улсын Архангай аймгийн сонсогч Эрдэнэ-Болор маань ярьж байна. Хэдийгээр бид хоёр ерөөс нүүр учирч ярьж хэлж байгаагүй ч, "Би өөрөө Архангай аймаг дахь таны радиогийн сонсогч байна" гэж тэрээр маань надад өөрийгөө танилцуулахтай л зэрэг хэн болохыг нь би яахын аргагүй гадарласан нь одоо бодоход басч сонин юм аа.
Архангай аймгийн сонсогчдын клуб гэвэл манай радио сонсогч анддаггүй байдаг, энэ клуб байгуулагдаад арав гаруй жил болж байх бөгөөд, клубын ахлагч нь бидний хамгийн ойр дотонын харилцаатай, монгол хэлний редакцийнхны хүндэтгэл бишрэлийг гүүнээ хүлээсэн Содномын Лувсанцэрэн гэж өндөр настан байдаг.
Түүний удирдсан сонсогчдын клуб бидэнтэй харилцаа тогтоож ажиллаад 10 гаруй жил болж байгаа төдийгүй, тэрээр маань хичнэн жилийн турш бараг сар болгондоо монгол хэлний редакцийнханд захидал ирүүлж манай хамт олны ажилд урам хайрлаж, биднийг нэвтрүүлгээ улам сайн хийхэд зоригжуулж л байдаг. Та бүхэндээ энэ удаагийн "Захидлын тойм" булангаар танилцуулж байгаа сонсогч нь Содномын Лувсанцэрэн гуайн төрсөн охин, Архангай аймгийн "Хүмүүн цогцолбор" дунд сургуулийн багш Эрдэнэ-Болор байгаа юм.
Тэрээр ажлын урамшуулал авч энэ зуны амралтын хугацаандаа Хятадын Бээжин хотод аялал жуулчлалын шугамаар үзэн танилцаж явахдаа аавынхаа захисан ёсоор Архангай аймгийн сонсогчдын хамт олныхоо санал бодол, сайн сайхны мэндчилгээ тэрчлэн ахмад сонсогч Содномын Лувсанцэрэнгийн манай хамт олонд бичсэн захидал, манай радиогоос радио сонсогчдынхоо дунд зохион явуулж байгаа мэдлэгийн уралдааны хариулт, мөн түүний монгол редакцийн хамт олонд бэлэглэсэн дууны касет зэргийг хүргэж ирсэн байна. Энэ ялдамд онцгойлон дурдууштай нь энэ хоёр касет нь бүгд манай сонсогч Лувсанцэрэн гуайн бичлэг хийж түүвэрлэсэн Монгол улсын ард түмний хайр хүндэтгэлийг их хүлээсэн нэрт уран сайханч Түмэндэмбэрэл, Адарсүрэн гуай нарын дуулсан ардын дууны бичлэг байлаа. Хэдийгээр бичлэг нь тийм яруу тод биш байсан ч бидэнд үнэхээр үнэ цэнэтэй санагдаж үүрдийн дурсгал болж, манай редакцийн дууны санд хадгаладсан билээ. Сонсогч Эрдэнэ-Болорыг манай радиод байгаа богинохон хугацаанд нь "Захидлын тойм" нэвтрүүлгийн буландаа урьж оролцуулж ярилцлага авсан юм. Та бүхнийхээ сонорт хүргэж байгаа энэ ярилцлагаас та Монгол улсын сонсогч болон манай радиогийн хамт олны хоорондох сайн сайхан найрамдалт харилцаа, итгэлцэл энэ бүхнийг бие сэтгэлээрээ мэдэрч болох юм гэдэгт найдаж байна. \Номин бэлтгэв\
|