Хятадын төв нутгийн Хүнань мужийн баруун хэсэгт Ли-е гэж сэтгэл хорогдом сайхан газар байдаг.
Жүнфү гудамж бол эртний хотынхоо төв тэнхэлэг нь болох юм. Жүнфүгийн умард гудамжны барилгууд нь Түжя үндэстний барилгын онцлогоо нэн их хадгалсан байдаг. Үүнд Ян овогтоны даавуу будах газар гэдэг барилга нь хамгийн их нэртэй билээ. Үүнийг тухайн нутгийнхан "Жяннань газрын тэргүүн том байшин" гэж алдаршуулжээ. Жяннань гэж Хөх-мөрнөөс өмнөших нутгийг заадаг болохоор даавуу будах энэ газар нь тухайн үедээ Хятад оронд маш их нэртэй байсан нь гарцаагүй юм. Энэ нь хоёр давхартай модон байшин байж, цонх хаалганых нь хээ угалз сийлбэрээс нь харсан ч тухайн үедээ маш их тансаг сайхан ордон харш байсан нь тодорхой юм. Тэр үед Ян овогтоны ах дүү гурав нүр их хүч хөдөлмөрөөрөө амьдрал ахуйгаа баян тансаг цогцлон байгуулж, аралжаа наймаа нь Хятадын өмнөд нутгийн газар болгонд түгэж байжээ. Өнөө энэ гудамжинд мөн л Ян овогтоныхон аж төрөн амьдарч байна. Энэ жил 83 насан сүүдэр зооглож яваа Пэн Гүйжю настаны танилцуулснаар бол тухайн үед Ян овогтоны ан дүү гурав нь гурав гурван өрөөтэй гурван давхар байшинд нэг нь нэг давхарыг эзлэн амьдарч байсан болохоор хүмүүс энэ байшингийг нь есөн өрөөт гэж нэрэлдэг байсан юм гэнэ. Эднийх нь даавуу буддаг төдийгүй бас хувцас эсгэдэг байжээ.
Түүхэндээ энэ Ли-ег Хятадынхан "Бага Наньжин хот" гэж нэрэлдэг байсан юм. Ю-шюй гол энэ газраар урсан өнгөрдгөөрөө энэ нутгийг аралжаа наймааны хөл хөдөлгөөн ихтэй газар болгосон байлаа. Эндэхийн гудамж болгон нь тэнгисийн гарам зогсоолд нэвтэрч, зам болгоны хоёр хажуугаар дэлгүүр хоршоо жигдэрч, гудамж дагсан барилгын олонхи нь бүр модон байшин байж, цонх хаалгандаа бүр өлзий дэмбэрлийг зөгнөсөн уран сайхан сийлбэр хээ уугалз, цэцэг навч, амьтан араатантай. Бас хэдэн байшин алслаад галаас сэргийлэх нэг том хэрэмтэй. Эдгээр хэрэм нь оройгоороо бүр саравчтай бөгөөд саравчиндаа бас цэцэг навч загас жараахайн хээ угалзтай болохоор маш хээнцэр сайхан мөртөө сүр жавхаатай харагддаг.
Энэ суурьны хажуугаар урсдаг Ю-шюй голыг бас Байхэ гол гэдэг. Энэ гол асха хадны дундуур урсдаг боловч голын хэвлий нь өргөн болохоор үүгээр сал сэлүүрдэн аялах нь тун ч аятай сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм.
|