"Дэлхий нийтийн өрсөлдөөн сорилтод хамтаар хандъя" гол уриан дор болсон Ази, Европын тэргүүн нарын 6-р бага хурал 11-ний өдөр Хельсинкид өндөрлөсөн байна. Шинэ гишүүн элсэж, Ази, Европын тэргүүн нарын бага хурлын цар хүрээг өргөтгөсөн, энэ механизмийн хэтийн төлвийг тогтоосон нь энэ бага хурлын гол амжилт юм. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао энэ бага хуралд оролцож, Ази, Европийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ зорилт, уг бага хурлын хөгжлийн зорилтыг дэвшүүлж, хуралд оролцсон олон талынхны дэмжлэгийг хүлээсэн байна.
2 хоног болсон энэ бага хурлаар өнгөрсөн 10 жилийн хугацаан дахь Ази, Европийн тэргүүн нарын бага хурлын туршлага, ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, хөгжлийн ирээдүйн төлвийг боловсруулан тогтоосон байна. Болгар, Румын, Энэтхэг, Пакистан, Монгол, АСЕАН-ны нарийн бичгийн дарга нарын газрыг Ази, Европын тэргүүн нарын бага хурлын шинэ гишүүнээр элсэнэ гэж уг бага хурлаас мэдэгджээ. Европийн Холбооны ээлжит дарга орон Финландын Ерөнхий сайд Матти Ванханен хаалтын ёслол дээр, энэ бага хурлын ололт амжилт болон түүний алс хэтийн ач холбогдлыг хураангуйлан өгүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Хельсинкийн дээд уулзалт нь Ази, Европын хамтын ажиллагааны замыг цаашид өргөтгөхөд тус дөхөм үзүүлсэн байна. Бид Ази, Европын тэргүүн нарын бага хурлыг өргөтгөх асуудлаар чухал шийдвэр гаргасан, шинэ гишүүд элссэн нь Ази, Европын тэргүүн нарын бага хурлын амьжиргааны хүч дүүрэн байж, нэн олон орон байгууллагын сонирхлыг татаж элсэх болно гэдгийг харуулж байна. Энэ удаагийн бага хурлаар Ази, Европын 6-р дээд уулзалтын даргын мэдэгдэл болон хоёр чухал тунхгийг баталлаа. Үүний дотор, цаг уурын өөрчлөлтийн тухай тунхаг нь дэлхий нийтэд хүчтэй дохио өгсөн юм. Тэр нь тухайлбал цаг уурын өөрчлөлтөөс тогтвортой хөгжилд үзүүлж байгаа гаж нөлөөний асуудлыг Ази, Европын тэргүүн нарын бага хурлын гишүүд хамтаар зохицуулах гэсэн болно. Ази, Европын тэргүүн нарын бага хурлын ирээдүйн хөгжлийн тухай Хельсинкийн тунхаг нь энэ бага хурлын цаашид хөгжих болон Ази, Европын нэн нягт харилцааны хөгжлийг ахиулахад ерөнхий зарчим тогтоож өгсөн юм" гэжээ. Хятад улсын хувьд авч хэлбэл, энэ бага хурлын ололт амжилтад бас Хятадын дэвшүүлсэн байр суурь, зорилтыг өргөнөөр хүлээн авсан явдал багтаж байна.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао уг хурал дээр хэлэлцсэн олон сэдвийн асуудлаар Хятадын байр суурийг илэрхийлжээ. Шинэ өрсөлдөөн, шинэ сорилтыг зохицуулах талаархи НҮБ-ын хүчин чадавхыг эрчимжүүлж, дэлхийн хэмжээний аюулгүйн заналхийллийг арилган, яриа хэлэлцээгээр олон улсын санал зөрөлдөөнийг зохицуулж, дур зоригоороо хүч хэрэглэх юм үү хүчээр сүрдүүлэхийг эсэргүүцэж, терроризмийн эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ бас хоёрдмол баримжаа хэрэглэхийг эсэргүүцэж, зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх экспортын ажлын удирдлагын системийг тогтоож, хууль хэрэгжилтийн арга хэмжээгээ эрчимжүүлж, халдварт өвчнөөс сэргийлэх хамтын ажиллагааг зохион явуулах ёстой гэж Ерөнхий сайд вэнь Жябао үзжээ.
Ази, Европын шинэ хэлбэрийн түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэхийн тулд, Тэрээр бас жижиг дунд оврын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шувууны ханиад зэрэг дэлхийн чанартай өвчнөөс хамтаар сэргийлэх, хөдөө нутгийг хөгжүүлэх ерөнхий стратеги боловсруулан тогтоох зэрэг санал дэвшүүлсэн байна.
Энэ он нь Ази, Европын тэргүүн нарын бага хурлыг хуралдуулсны 10 жилийн ойд тохиож байгаа юм. Энэ механизмийн цаашдын хөгжлийн тухай Вэнь Жябао хэлэхдээ, олон улсын асуудлыг зохицуулах талаархи Ази, Европын тэргүүн нарын бага хурлын нөлөөлөх хүчнийг нэмэгдүүлэхээр хүчин чармайлт гаргаж, дэлхийн соёл иргэншил болон соёлын олон талт хөгжилд тус дөхөм үзүүлэн, хамтын ажиллагааг зохион явуулахад ашигтай холбогдох тогтолцоог зохих цаг хугацаанд тогтоох хэрэгтэй гэжээ.
Дараачийн ээлжийн, тухайлбал Ази, Европын тэргүүн нарын 7-р бага хурлыг 2008 оны 10-р сард Бээжинд зохион явуулах гэж байна. 2 жилийн дараа болох энэ өргөн их чуулга уулзалтыг хүсэн хүлээж байгаагаа Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ: "олон удирдагчтай хамтаар хүчин чармайлт гаргаж, Ази, Европын стратегийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэн, эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, соёлын солилцоо, соёл иргэншлийн асуудлаархи хэлэлцээг цаашид эрчимжүүлж, Ази, Европын шинэ хэлбэрийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн тулд нэн их хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна" гэжээ. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|