[Radio] Өнөөдөр бид та бүхэнтэйгээ хятадын ард түмний бас нэгэн сайхан баярын талаар ярилцах гэж байна. Өмнө нь бид билгийн улирлын 7-р сарын 7-ний өдрийн баяр буюу хосуудын баярын талаар ярилцсан. Харин өнөөдөр бас нэгэн уламжлалт баярын талаар ярихын өмнө Бээжингийн намрын талаар сэтгэгдлээ хуваалцъя Одоо Бээжинд намрын сэрүү орж өглөө, оройдоо сэрүүхэн хэрнээ өдөр нь нэлээд халж нутгийн минь намрыг санагдуулж байна Жишээ нь өглөө телевизээр өнөөдрийн цаг агаарыг 16-23 хэм гэж байхыг хараад ямар олон хэмээр зөрөөтэй юм бэ яагаад ийм байгаа юм бол гэж гайхаад ажилдаа явахаар гэрээсээ гарахад салхитай сэрүүвтэр байлаа.Харин удалгүй цонхоор намрын шар нар шарж үдийн цайнд явахаар гарахад нээрээ л хорин хэдэн хэмтэй зуны өдөр шиг л халуун болсон байлаа Манай намрын шаргал өдрүүд ч бас нэг иймэрхүү л байдаг даа.Өглөө зузаалаад гарахад удалгүй л халуу шатаад эхэлдэгсэн.Одоо ч хүүхэд багачууд цэцэрлэг сургууль оюутан залуус хичээл ном гээд бүх юм жигдэрсэн байгаа даа.Бээжинд ч ялгаагүй автобус, метрогоор явах хүмүүс улам нэмэгдээд хөл хөдөлгөөн ихтэй болчих юм.Хятадын ард түмний хувьд намрын улирал их онцлогтой байдаг юм байна.Товчхондоо их ажлын цаг гэж хэлж болохоор Манайд ч хөдөө гадаагүй өвлийн бэлтгэлээ базааж эхэлдэг дээ..Энд намар үр тариа ,жимс ногоо боловсорч арвин их ургац авдаг юм байна.Хавар газар хагалж үрээ суулгаснаас эхлээд хөдөлмөрлөсөн ажлынхаа үр шимийг үзэж жимс ногоо, үр тариагаа хураахдаа тэд маш их баярлацгаадаг.Тэгээд ч ургацын баяраа хийж үүнийгээ еэвэн баяр бас тэргэл сарны баяр ч гэж нэрлэдэг юм байна. Энэ баяр нь жил бүрийн билгийн улирлын 8-р сарын 15-нд тохиодог аж.
Яагаад тэргэл сарны баяр гэж нэрлэдэг талаар сонирхоход 15-ний сар бусад сарнаас хамгийн тунгалаг бас хамгийн тэргэл байдаг учраас гэж надад тайлбарлалаа Энэ баяр олон мянган жилийн уламжлалтай бөгөөд яруу найрагчид зохиолчид шүлэг найраг, зохиол бүтээлдээ тусгажээ.Бас энэ баярын талаар хүмүүсийн сэтгэлд хоногшсон олон сайхан домог үлгэрүүд ч байдаг юм байна.Тэдний нэгээс та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.Энэ өдөр эртнээс гэр бүлээрээ цугларч ургацаа хурааж баяраа тэмдэглэдэг уламжлалтай байжээ. Мөн жимс ногооныхоо дээжийг айл саахалтынхандаа харилцан бэлэглэж гуа жимснийхээ амтаар тэр жилийнхээ ургацынхаа амт шимтийг тодорхойлдог байна. Одоо ч энэ сайхан заншил уламжлал болон тариачин олон бие биендээ ургацынхаа дээжийг бэлэглэж хамтран баяраа тэмдэглэж жимсний баяраа хийж байна.Энэ баяртай холбоотой нэгэн домогт сарыг"саран ордон" гэж нэрлэдэг байж. Тэр ордон дотор хүн төдийгүй мал амьтан, ургамал байдаг гэнэ.Амьтных нь нэг нь алтан мэлхий нөгөө нь хаш туулай.Туулай нь хүн урт насалж мөнхрөх эм хийх гэж өдөржин зогсолтгүй эмийн үрэл нухаж суудаг аж. Гэтэл түүнийг нь нэгэн сувдаг сэтгэлтэй хүн хулгайлжээ.
Түүнд гавир модыг цавчих ял оноосон байна. Сонирхолтой нь Тэр мод нь цавчаад сүхээ сугалахаар л дахиж бүтэн болоод байдаг онцлогтой юм байж нөгөө сувдаг сэтгэлтэй хүн ч хийсэн муу зүйлдээ тийм л хатуу ял зэмлэл хүртсэн учиртай юм байна. Энэхүү домог нь ажил хөдөлмөр хийхгүй биеийн амрыг харж суудаг хүн хатуу цээрлэл хүртдэгийг ухааруулсан домог учраас энэ үр тарианы баяр тэмдэглэх үеэр хүмүүсийн ярьдаг домог болжээ.Үр тарианы баяр буюу сарны баярын талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Бид дараа дараагийн нэвтрүүлгээрээ хятадын нутаг нутагт энэ баярыг тэмдэглэдэг онцлог, газар газрын домгийн талаар яринаа. Дараа уулзатлаа баяртай.
|