Уул нь домогтой сүглийж, ус нь үлгэртэй мяралзадаг өншиг баялаг Зарууд хошуу бол өнө удаан түүх, соёлтой мөртөө үлгэрч хуурчын торгон өлгий мөн. Зарууд хошуу нь Өвөр монголын өөртөө засах районы Түн Ляо хотод харьяалагдах цул малжих хошуу болно. 1856-1995 он болтлох зуу дөчин жилийн хооронд, Зарууд нутгаас Цойвон, Паажай, Муу-Охин, Занаа, Саран-Мандлаа, Дорж, Цойжи-Каваа мэтийн алдарт хуурчид урьд хожид цолгорон гарч, "Дуурлагийн нутаг"-ийн долоон од гэж алдаршжээ. Тэдний аялж дуулсан үлэмж олон үлгэр туужис нь, хэлний ондоошил ба хилийн хязгаарлалын харш саадыг давж, эн дэлхийн элдэн хараа, дэлгэр сонорыг баясгаад, эрдэм шинжигээний эрхэм ховор судалгааны байгуулалтаар сүндрэлж байна. Тэдэн бол Зарууд нутгийн шилдэг хөвгүүд мөн, монгол үндэстэний омог бахадал мөн, өргөн олон утга урлагчдын өнөд суралцах хэв дууриал мөн. Тэдний хоцроосон содон сайхан зохиол бүтээл нь түүхийн хуудасанд балрашгүй барлагдаж, тэнгэр нартай мөнх сацуу орших юм. 1998 онд Хятадын дуурлаг урлагийн нийгэмлэгээс Өвөр монголын өөртөө засах районы Жирэм аймгийн Зарууд хошууг "Хятадын дуурлаг урлагийн өлгий" гэж нэрлэсэн байна. 2003 онд Хятадын Соёлын яамаас Зарууд хошууг "Хятадын ардын урлагийн нутаг" гэж нэрлэсэн байдаг.
"Ардын урлагийн нутаг"-Заруудын долоон од, мөн дархан хуурчдыг танилцуулбал, Цойвон бол 1856-1928 оны хооронд амьдарч байсан. Зүүн зарууд хошууны хүн юм. Тэр бол зарууд хуурчдын ойр үеийн гол төлөөлөх хуурч бөгөөд монгол үндэстэний ойр үеийн түүхэнд цолгорсон аврага хуурч болно. Паажай бол 1902-1962 оны хооронд амьдарч байжээ. Зарууд хошууны Мод сумын Өргөн-Тал гацааны хүн. Тэр бол Зарууд хуурчдын одоо үеийн гол төлөөлөгч болох бөгөөд монгол үндэстэний дархан хуурч болно. Муу-Охин 1906-1979 оны хооронд амьдарч байсан Зарууд хошууны Өлзий-Мөрөн сумын Шинэ айл гацааны хүн. Тэр бол зарууд хуурчдын гол төлөөлөгч болох бөгөөд монгол үндэстэний дархан хуурч юм. 2006 оны дэлгэр зуны цагт түүний мэндэлсэний 100 жилийн ойг Зарууд хошуунд далай ихээр хийсэн байна. Занаа 1903-1986 оны хооронд амьдарч байжээ. Зарууд хошууны Улаан-Хад гацааны хүн. Тэр бол бас ч зарууд хуурчдын гол болох төлөөлөгч болох бөгөөд монгол үндэстэний дархан үлгэрч болно. Саран-Мандлаа 1919-1962 оны хооронд амьдарч байсан Зарууд хошууны Гэрчулуу сумын Овоо гацааны хүн юм. Тэр бол зарууд хуурчдын чухал төлөөлөх хүн болох бөгөөд монгол үндэстэний алдарт хуурч болно. Дорж 1924-1986 оны хооронд амьдарч байжээ. Зарууд хошууны Мод сумын Өргөн-Тал гацааны хүн. Тэр бол бас ч зарууд хуурчдын одоо үеийн чухал болох төлөөлөгч бөгөөд монгол үндэстэний алдарт хуурч болно. Цойжи-Каваа 1933-1996 оны хооронд амьдарч байжээ. Зарууд хошууны Гэрчулуу сумын Цагаан-Эрэг гацааны хүн. Тэр бол зарууд хуурчдын одоо үеийн чухал төлөөлөх хүн болох бөгөөд монгол үндэстэний алдарт хуурч болно. Зарууд нутгийн 3-р үеийн хуурчдад Раш-Оцор, Лоосор зэрэг урлагчд байдаг.
|