"Өлсөхөд өл бугын эвэр зөөлөн"гэдэг, өлссөн цагт юу идсэн ч сайхан санагддаг нь зүйн хэрэг. Гэхдээ гэдэс өлсгөлөн байхдаа ямар хүнсний бүтээгдэхүүнийг идвэл хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг мэдэж авах хэрэгтэй юм. Үүнд доорх 10 зүйлийн хүнсний бүтээгдэхүүнийг өлөн байхдаа идэхээ цээрлэхийг эрдэмтэд сануулж байна.
1. Үнээний сүү, тараг, буурцгийн зутан:
Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдэд уураг элбэг агуулагдаж байдаг, өлнөөрөө уувал уураг нь "арга буюу" энерги болж шингээд шим тэжээл сэлбэх үүргээ гүйцэтгэж чаддаггүй юм. Зөв хэрэглэх арга нь жигнэмэг боорцогтой хамт ууж идэх юм уу хоол идсэнээс 2 цагийн дараа, эсвэл унтахаасаа өмнө уувал хамгийн тохиромжтой юм.
2. Архи:
Өлөндөө архи уувал ходоодонд хүчтэй сэдэлт өгч, алсдаа ходоодны үрэвсэл, ходоодны шархлаа зэрэг өвчин эмгэгт нэрвэгдэх аюултай юм. Үүнээс гадна, гэдэс өлсгөлөн байхад цусны чихэрлэг зүйл нэлээд багассан байдаг, ийм байдалд архи уух юм бол цусны чихэрлэг зүйл огцом буурч тархины эд эсэд ч муугаар нөлөөлдөг байна.
3. Цай:
Гэдэс өлсгөлөн байхад цай уувал ходоодны шүүсэнд хүчтэй сэдэлт өгч, шингээлтийн системийн чадавхийг бууруулж, бас толгой эргэх, сандарч бачимдах, толгой өвдөх, тамир сульдах, хөл дээрээ хүчтэй зогсож чадахгүй болох зэрэг хүнд байдлууд илэрдэг байна.
4. Чихэр:
Чихэр бол амархан шингэдэг хүнсний бүтээгдэхүүн юм, өлнөөрөө их олон чихэр идвэл богинохон хугацаанд үлэмж хэмжээний инсулин ялгаруулж цусны чихэрлэг зүйлийн ажиллагааг хэвийн байдалд нь хэвээр байлгаж чаддаггүй болохоор цусны чихэрлэг зүйл амархан нэмэгдэж бие махбодийн эрүүл мэндэд харш нөлөө үзүүлдэг байна.
5. Шавдал, улаан лооль:
Энэ хоёр хүнсний зүйлд элбэг байдаг пектин, таннин хүчил зэрэг нь ходоодны хүчилтэй нийлэхээрээ химийн урвал гарч уусч шингэхэд бэрх хатуу зүйл бий болгож, энэ нь алсдаа ходоодны чулуу болох нөхцөл бүрдүүлж байгаа юм.
6. Банан:
Бананд үлэмж хэмжээний магнийн элементүүд агуулагдаж байдаг, өлөндөө банан идвэл хүний бие дэх магнийн элементүүд олшроод цусанд байгаа магний кальцын тэнцвэрийг алдагдуулдаг, энэ нь зүрх судасны ажиллагаанд харшилж, хүний биеийн эрүүл мэндэд ашиггүй юм байна.
7. Долоогоно, жүрж:
Энэ хоёр зүйлийн жимсийг гэдэс өлсгөлөн байхдаа идвэл ходоодны хүчил огцом нэмэгдэж, ходоодны нялцгай хальсанд муу сэдэлт өгч, гэдэс дүүргэж, гашуунаар гулгиулж, улмаар ходоодны үрэвсэл, ходоодны шархлаад нэрвэгдэж болзошгүй юм.
8. Сармис:
Сэдэлт ихтэй сармисын эд нь ходоодны нялцгай хальсанд хүчтэй сэдэлт өгч, ходоод гэдэсний ажиллагаанд маш муугаар нөлөөлж, мушгиж өвдөхөд хүргэдэг байна.
9. Цагаан чихэр төмс:
Уг төмсний таннин хүчил болон наалдамхай чанар нь ходоодны хүчлийг огцом нэмэгдүүлж, дотор шатах, хэхэрдэс хүргэх зэрэг хэвийн бус илрэл үүсгэдэг байна.
10. хүйтэн ундаа уух:
Гэдэс өлсгөлөн байхдаа төрөл бүрийн хүйтэн үндаа болон хүнсний зүйлийг хэтрүүлэн хэрэглэбэл ходоодонд муу нөлөө үзүүлж, төрөл бүрийн энзимын хэвийн ажиллагааг алдагдуулж, янз бүрийн ходоодны өвчинд нэрвэгдүүлэх төдийгүй эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэх хэвийн зохицлыг алдагдуулдаг байна. \Л.Буянтогтох орчуулав\
|