Хятадын Засгийн газрын ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар Японы шинэ ерөнхий сайд Абе Шинзо 8-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирж, Хятадад албан ёсны айлчлал хийсэн байна. Мөн өдөр ерөнхий сайд Вэнь Жябао болон Хятад улсын дарга Хү Жиньтао нарын зэрэг Хятадын удирдагчид Абе Шинзотой тус тус уулзалт хэлэлцээ хийсэн байна. Эдгээр уулзалт хэлэлцээ дууссаны дараа Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао хэвлэлийнхэнд танилцуулж хэлэхдээ, Хятад хоорондын харилцаанд нааштай хандаж байгаа Абе Шинзогийн байр суурийг Хятадын удирдагчид үнэлэн сайшааж байна гэжээ.
8-ны үдээс хойш Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Бээжин дэх ардын их хурлын ордны зүүн хаалганы гадна Абе Шинзог угтах ёслол хийлгэсэн бөгөөд Абе Шинзотой 1 цаг хагасын хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээ эхлэх үед Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Япон хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн үед Хятад Япон хоёр орон хамтаар чармайж, хоёр орны харилцааны хөгжлийг харшилж байгаа хүчин зүйлийг ялан тэвчих болон хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх асуудлаар тохиролцоонд хүрснээр, эрхэмсэг ноён таны айлчлал ялгам урагштай явагдлаа. Хятад Япон хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх юм. Бид Хятад Япон хоёр орны харилцааны их талыг гол болгож, дэлхийн чиг хандлагыг дагаж, ард түмний хэрэгцээ шаардлагад нийцүүлж, Хятад Япон хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлэх ёстой юм гэжээ.
Хэлэлцээний явцад Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Япон хоёр орны харилцааны урт хугацааны эрүүл тогтвортой хөгжлийг баталгаажуулахад Ясукүни сүмийн асуудлыг эрхбиш зүй зохистой зохицуулах хэрэгтэй юм гэжээ. Тэрээр ирээдүйд Хятад Японы харилцааг хөгжүүлэх талаар таван санал дэвшүүлсэн байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао Абе Шинзотой уулзахдаа хэлэхдээ, хоёр орны харилцааг Хятад Япон хоёр тал эрхбиш стратегийн өндөрлөг болон алс хэтийн үзлээр харж зохицуулах хэрэгтэй. Энх тайван улс орны замаараа үргэлжлэн замнаж, бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал Японд хүсэж байна гэж онцолжээ.
Абе Шинзо Ерөнхий сайд Вэнь Жябаотой хэлэлцээ хийхдээ болон Хятад улсын дарга Хү Жиньтаотой уулзахдаа, Японы тал болон миний бие хоёр орны харилцааг харшилж байгаа улс төрийн хүндрэл бэрхшээлийг ялан тэвчиж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх гэсэн хоёр орны нийтлэг ойлголтын дагуу түүхэн асуудлыг зүй зохистой зохицуулах болно гэж илэрхийлсэн байна.
Абе Шинзо хэлэхдээ, Хятад хоорондын харилцааг Япон дээд хэмжээнд чухалчлан үздэг. Япон Хятад хоёр орон эдийн засгийн хөгжлийн талаар харилцан түшилцдэг бөгөөд энэ нь хоёр талд бүр их ашиг хүртээж байгаа тул үүнийг эрхэмлэх хэрэгтэй юм гэжээ.
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 8-ны орой болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хоёр талын удирдагчдын уулзалт хэлэлцээнд хамрагдсан агуулга их өргөн, хоёр тал бүр тун ч шууд шулуун ярилцсан гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Абе Шинзогийн ерөнхий сайд болмогцоо Хятадад албан ёсны айлчлал хийснийг Хятадын удирдагчид ихэд сайшаасан бөгөөд Хятад хоорондын харилцаанд идэвхтэй хандаж байгаа түүний байр суурийг нааштай үнэлэн сайшаасан байна гэжээ.
Хятад Япон хоёр тал мөн өдөр Бээжинд хамтарсан албан мэдээ нийтэлсэн байна. Улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, нийгэм, соёлын зэрэг салбар дахь олон давхаргын солилцоо хамтын ажиллагаагаа ахиулахыг хоёр тал зөвшөөрсөн байна.\Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\
|