Бээжинд намар боллоо.Зунаа бодвол өдөр нь тэнгэр цэлмэг, шөнө нь сар тунгалаг харагдах юм. Өдөр нь нэлээд халах хэрнээ өглөө,оройдоо жаахан сэрүүхэн болж байна Сая амралтын хэд хоног учиргүй бүгчим халуун байлаа. Бас салхитай зэврүүн бороо ч хоёр гурав хоног орлоо.Тэгсэн хэрнээ манайхтай харьцуулахад бараг л зунаараа байна.
Өглөө босоод за өнөөдөр ч зэврүүхэн болох нь дээ гэтэл өдөр нь халчих юм.Бээжингийн намар үнэхээр урт болдог юм байна.Тэд 10-р сардаа дуртай байдаг нь аргагүй юм байна гэж бодогдохоор.Өнөөдөр л гэхэд богинохон ханцуйтай цамц өмссөн хүмүүс даарахгүй байна гэлцэж байнаНээрээ ч гадаа их хурц нартай байгаа болохоор даарах юм ч алга .
Хятадын ард түмний хувьд өнгөрсөн 7 хоног онцгой сайхан долоо хоног болж өнгөрлөө.Тэдний хувьд энэ өдрүүд баярын бас амралтын өдрүүд байлаа.Бээжингийнхэн 10-р сарыг хамгийн сайхан цаг гэдэг юм билээ.Цаг агаарын хувьд онцгой сайхан үе бас тэдний хамгийн дуртай хоёр сайхан баяр давхацдаг болоод тэр энэ сардаа их дуртай тэсэн ядан хүлээдэг бололтой.
Өнгөрсөн 7 хоногт тэмдэглэсэн эхний баяр нь БНХАУ тунхагласны баяр буюу хятадын ард түмний үндэсний баяр.Тэд энэ баяртаа их дуртай их ч өргөн дэлгэр тэмдэглэдэг юм байна.Энэ үеэр Бээжин хот бүхэлдээ тэр дундаа Тэнь-миний талбай ёстой түм түжигнэж бум бужигнасан олон хөлийн газар болдог юм байна.Улсынхаа нийслэлийг үзэх гэсэн, аав, ээж, ах дүүтэйгээ уулзах гэсэн,хурим найранд уригдсан, гадаад дотоодыг зорих гэсэн олон олон хүн Бээжинд ирдэг бололтой.Гудамж талбай олны хөлд дарагдаж,автобус, метрогоор зорчих хүмүүс эрс нэмэгдэж ёстой олны урсгал үдэш орой болтол тасрахгүй юмаа.Хятад улс энэ жил үндэсний баяраа 57 дахь жилээ тэмдэглэн өнгөрүүллээ.Хятадын ард түмэн угаасаа ч ажилсаг хөдөлмөрч улс энэ баяраа угтаад өшөө олон ажил амжуулж, бүр ихийг бүтээж байгаа нь сайхан юм.Айл өрхөөсөө авахуулаад албан байгууллага, гудамж талбайгаа цэцгийн мандлаар чимж Бээжин хот тэр аяараа цэцэрлэгт хүрээлэн болчих нь үнэхээр сэтгэл хөдлөм сайхан санагдсан.Баярын өдрийн орой Тэнь-миний талбайд очлоо.Хүн ч гэж жигтэйхэн талбайг үнэхээр гоё чимэглэжээ.Төвдөд галт тэрэг нэвтэрснийг бэлэгшээсэн сүрлэг сайхан чимэглэлийг харах гэсэн хүн маш олон. Үнэхээр гайхмаар сайхан урлажээ. Түүний өмнө зогсож зургаа татуулах гэсэн хүний дараалал их олон.Ер нь талбайн энд тэнд хаа саагүй гоё гоё гэрлэн чимэглэлүүд асч гэр бүлээрээ,ах дүүгээрээ төв талбайнхаа тэрхүү гоё сайхан чимэглэлийн дэргэд зуургаа татуулах гэсэн хүний хөлд дарагджээ.
Манайд улсын наадам болохоор наадмын талбай ямар олон хүний хөлд дарагддаг билээ түүнээс ч олон хүн цугласан байлаа. Бас хятадын үндэсний баярыг үзэх гэсэн гадаадын хүмүүс ч олон ирсэн байсан.Ер нь 10-р сар цаг агаарын хувьд халуун, сэрүүн нь яг таарсан байдаг болохоор гадаадын жуулчид энэ сард хамгийн олноороо ирдэг нь Бээжингийн гудамжинд хаа л бол хаа олноороо явах тэднээс харж болно.
Энэ баярын үеэр бас нэг зүйлтэй хамгийн их тааралдана.Энэ бол залуу хосуудын хурим. Энэ өдрүүдэд .хаана л бол хуримын гоёлоо өмсч тансаг машин хөлөглөсөн залуу хосуудтай тааралдана.Бүсгүйчүүд нь цагаан даашинз өмсөж,харчуул нь костюм өмсөөд урт урт лимузин хөлөглөсөн тэднийг харахад хятадын ард түмний амьдрал ямар их дээшилж, залуучууд нь хэрхэн европжсоныг харж болно.
Энэ баярын үеэр дэлгүүр хоршоо энгийн үеэс бас их хүнтэй болдог юм байна.Арга ч үгүй юм. Энэ баярт зориулсан баярын хямдралууд хаа саагүй явагдана.Тэр бүхнээс хэрэгтэй зүйлээ авах гэсэн хүмүүс зах зээлийн газар, дэлгүүр хоршоогоор их явцгаана.Энд нэг сонин нь дэлгүүрүүд еэвэн их зарж хүмүүс их авч байгаа харагдах юм Тэд нар нь их гоё хайрцаг савтай.Энэ баяртай давхцаад еэвэн баяр болдог болоод тэр гэнэ. Еэвэн баяраар хүмүүс бие биендээ, найз нөхөддөө, ах дүүдээ хамгийн амттай, хамгийн гоё еэвэн авч бэлэглэдэг болоод тэр юм байна. Еэвэн баяр гэдэг нь билгийн улирлын 8-р сарын 15 буюу аргын улирлын 10-р сарын 6-нд болдог юм байна.Энэ баяраа тэргэл сарны баяр буюу еэвэн баяр гэж нэрлэдэг.Яагаад энэ өдрийг сарны баяр гэж нэрлэдэг вэ гэхээр энэ өдөр нь намрын дунд сарын дундах өдөр бөгөөд энэ өдөр сар хамгийн тунгалаг хамгийн дугариг харагддаг болоод тэр гэнэ.Энэ өдөр хүмүүс бие биедээ гуа жимс бэлэглэж сарыг тахидаг уламжлалтай юм байна.Энэ өдөр хүмүүс гэр бүлээрээ цуглаж хоол идэж сарыг ажиглаж тахидаг юм байна. Ингэхдээ эмэгтэйчүүд нь гоёлоо өмсч эхэлж сарыг тахиад эрэгтэйчүүд нь тэдний дараа тахидаг юм байна.Ингэхдээ тэд сарыг сарны дагина Чан-эгийн домгоос сэдэвлэж эмэгтэй хүнтэй зүйрлэн тахидаг нь сонин юм байна.Ийнхүү өнгөрсөн 7 хоног бүхэлдээ хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр дүүрэн, хөөр баяраар бялхсан,баярлаж цэнгэсэн, амарч зугаалсан, айлчилж зорчсон амьдрал буцалсан 7 хоног болж өнгөрлөө.
|