Энхээ: "Хятад орны эрт эдүгээгийн сонин сайхнаас..." цуврал ярилцлага эхэлж байна. Манай нэвтрүүлэх танхимд Чука хүрэлцэн ирээд байна. Ингээд бид та бүхэнд амалсан ёсоор Бээжин хотын зам харилцааны хөгжлийн тухай ярилцахал бэлэн болоод байна.
Чука: Өнөөдрийн Хятад орон болоод тэр дундаа Бээжин хотын зам харилцааг хараад өөрийн эрхгүй гайхан бишрэх сэтгэл төрдөг юм. Магадгүй зарим хүмүүс өнө эртний түүхэн дурсгалт зүйлсээр элбэг баян хятад орноос гайхах юмаа оловоо гэж бодож магадгүй. Зуун зууны тэртээгээс хүн ардынхаа бүтээж туурвиж, урлаж босгож ирсэн бүхнийг бараг л тэр аяар нь шахуу өнөөг хүртэл хадгалж чадсан нь хятад орны гайхамшиг мөнөөс мөн. Гэвч асар богино хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгдэж буй хятад орны зам харилцааны хөгжлийг би хувьдаа гайхамшиг гэж хэлмээр байна. Би анх 80-аад оны сүүлээр Бээжинд ирж байсан юм. Тэр үед Бээжин хотын төв өргөн сайхан замтай, олон чиглэлгүй ч гэлээ метротой байсан. Бас одоогийн 3-р тойрог зам байсан. Дугуйн тусгай замтай болохоор Бээжингийн төвөөр дугуйгаар давхих ямар сайхан байдаг гээч. Өглөө, оройдоо дугуй хөлөглөсөн хүмүүс замаар нэг. Тэр дугуйтай хүн урсгалыг өндөр дээрээс харахад их сонин байдагсан.
-Тэр үед хүн бүр дугуйтай байсан байх даа?
-Бараг тийм дээ. Бээжин хүмүүс битгий хэл Бээжинд амьдардаг гадаадынхан, тэр дундаа бидний оюутнууд хүртэл дугуйтай байлаа шүү дээ. Саяхныг хүртэл Бээжин хүний гол унаа болж байсан дугуй өнөөдөр моторт хөлөгт зайгаа тавьж өгчээ. Өнгөрсөн жилийн сүүлчээр гарсан тоо баримтаар бол Бээжин хотод нийт З сая гаруй авто машин байгаагаас 1 сая 400 гаруй мянга нь хувийн машин байгаа юм байна.Үүнээс үзэхэд 90-ээд онд хувийн машинтай хүн бараг байдаггүй байсан гэвэл өнөөдөр 10 хүн дутмын нэг нь машинтай болсноос гадна зарим өрх айлын хувьд 2-З машинтай болсон байгаа биз дээ. За тэгээд цаана нь машинтай болох гэж зэхэж байгаа болон машин мөрөөдөгчид тун олон байна.
-Нээрэн, наад захын жишээ гэхэд л одоо энэ Олон улсын радиогийн хүрээнд дүүрэн машин байна. Гэтэл "нэг жилийн өмнө ийм байгаагүй юм шүү" гэж эндхийн нэг ажилтан хэлж байсан.
-Тийм шүү. Энэ оны 1-р сар гэхэд л дунд зэргийн айл өрхийн машин бүр олон болсон гэнэ. Ийнхүү Бээжин хүний аж амьдрал дээшилж машин тэрэгтэй болохын хирээр замын ачаалал их болж, ямартаа л онцын ажилгүй буюу аялж жуулчилж яваа хүмүүс "замын түгжрэлээс өмнө амжиж зорисон газраа хүрэхгүй бол балрана шүү" гэж ярих вэ дээ.
-Тэгвэл Бээжин хотын зам харилцааны хөгжил тааруухан юм биш үү.
-Үүнд яаран дүгнэлт хийж болохгүй байхаа. Бээжин хот хичнээн хүн амтай билээ дээ?
-Бээжин хотын хүн ам 15 сая гаруй бөгөөд жил бүр 300 мянгаар нэмэгдэж байдаг гэж дуулсан юм байна.
-Тиймээ. Хэрвээ Бээжин хотын зам харилцаа муу байсан бол өглөө ажилдаа гарсан хүн оройдоо, магадгүй маргааш нь ажилдаа хүрэх биз. Өнөөдөр Бээжин хот урьд байсан метроны шугамаас гадна 5-р тойргоос гадагш чиглэсэн хэд хэдэн ил метроны шугамтай болжээ. Арваад жилийн өмнө 3,4-р тойрог гэж байсан бол өнөөдөр 5,6-р тойрог зам бий болсон төдийгүй 7-р тойрог зам баригдаж байна. Би бүх замыг тодорхой сайн хэлж мэдэхгүй ч өөрийн амьдардаг зүүн захын Тун-жоу дүүргийн жишээн дээр сонихуулъя.
Тунжоу буюу Бээжин хүмүүсийн хэлж заншнаар Тун-сянь дүүрэг нь 5-р тойргийн гадна буюу Бээжин хотын төвөөс 20 гаруй км зайтай байдаг юм. Тун-сяны чиглэл нь Бээжин хотдоо зам харилцаа нэлээд сайтай газрын нэгд орно. Энэ чиглэлд газар доогуур болон газар дээгүүрх метроноос гадна өндөр хурдны болоод энгийн хэд хэдэн замууд бий. Яарч сандарсан хүн хурдны замаар явдаг нийтийн тээврийн хөсөгт суухад ердөө 20-30 минутны дотор хотын төвд ороод ирнэ. Хурдны зам дээр түгжрэл бараг үүсдэггүй болохоор их удаандаа л 35 минутны дотор төвд орж ирнэ. Харин метро хурдны замаас арай удаан ч гэлээ түгжрэхийн зовлон үзэхгүй 40-45 минутны дотор л төвд ороод ирдэг юм. Бодоод үздээ, 20 гаруй км-ийн зайтай газраас шүү дээ. Би нэг удаа хэрэг болгож зүүн барууныг холбосон метроны шугамаар явж үзэхэд 1цаг 30 минут болж байсан юмдаг. Энэ бол барагцаагаар 50 шахам км газар шүү дээ. Гэвч энэ байдал өнөөдрийн Бээжин хүний шаардлагыг хангаж чадахгүй, зам улам сайн, улам хуртай байх ёстой гэж үзэж байна.
-Зүүн чиглэл өнөөдрийн байдлаар Бээжин хотдоо зам харилцааны талаар давуу шүү дээ. Тэгэхлээр бусад чиглэл ч дор хаяж ийм байх ёстой гэсэн асуудал гарч ирж байнаа даа?
-Тэгэлгүй яахав.Чухам энэ л Бээжин хотын зам харилцааны хөгжлийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Би сонин хэвлэл дээрээс үзэж харснаасаа сонирхуулъя.
Өнөөдөр Бээжин хотын метроны зам сүлжээ 2008 хүртэл төлөвлөгөөний дагуу хөгжиж байгаа юм байна. 2008 он гэхэд Бээжин хотын нийт метроны замын урт 300 км-т хүрэх бөгөөд энэ нь зорчигч тээврийн 30 илүү хувийг эзлэх юм байна. Бээжин хот өнөөдөр метроны З замтай бөгөөд нийт урт нь 96 км. Хот төлөвлөлтийн дагуу энэ зууны хагас гэхэд метроны 15 шугам, 7 ил метроны зам тавигдаж нийт замын урт нь 1000 гаруй км болж, зорчигч тээврийн 50 шахам хувийг эзлэх юм байна.
Үүнээс гадна Бээжин хот хурдны замаа хөгжүүлэх ажилд гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулахад онцгой анхаарч байна. Төлөвлөлт ёсоор бол Бээжин хотын хурдны замын сүлжээ 13 гол зам, 2 салбар замаас бүтэх бөгөөд нийт урт нь 408 км байх юм байна. Өнөөдрийн байдлаар 3 гол зам ашиглагдаж байна. Хожмын Бээжин хотын зам харилцаа дэлгэсэн бин адил биш нарны цацраг лугаа хэлбэртэй болох гэнэ.
Бээжингийн зам харилцааны гол бэрхшээл бол замын ачаалал гэж дээр хэлсэн шүү дээ. Бээжин хотод авто машин хийгээд авто хөсгийн тоо асар хурдтай нэмэгдэж, 2000 оноос хойших 10 жилийн хугацаанд нийт авто машины тоо З сая 500 мянгад хүрч, хот дүүргийн замын ачаалал 1,5 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо байдаг юм билээ. Иймд Бээжин хотын засгийн газар нийтийн тээврийн хөсөг буюу метроны сүлжээг эрчимтэй хөгжүүлснээр энэ бэрхшээлийг шийдэж чадна гэж үзэж байгаа юм.
2000-2010 он гэхэд хот төлөвлөлтийн дагуу Бээжин хотын зам харилцааг хөгжүүлэхэд 180 тэрбум юань зарцуулж, жил бүр 30 км ил метро шинээр тавигдаж, хүмүүс 5-р тойрог дотор зорчиход 55 минутаас илүүгүй хугацаа зарцуулдаг болох гэнэ. Мөн Бээжин хотын зам тээврийн газраас оргил цагуудад зам бөглөрдөг асуудлыг шийдвэрлэх үүднээс өндөр багтаамжтай нийтийн тээврийн хэрэгслийг дүүрэг дотор явуулж эхлээд байна.
-Тэгэхлээр Бээжингийнхэн зүг бүртээ өнөөдрийн зүүн зүгийн Тун-жоу дүүрэг рүү явдаг шиг болохнээ дээ? -За даа, бараг тийм юм уу даа. Ирээдүйн Бээжин хотын зам харилцаа дэлгэсэн бин адил биш, нарны цацраг лугаа адил болно гэсэн шүү дээ.
-Тэгэхлээр Бээжин хотын зам харилцааны нэг гол хэсэг олимпийн өмнө хийгдэх юм байна. Хоёулаа олимпийн замыг онцолж ярьвал яасан юм?
-Тийм шүү. 2008 оны олимп Бээжингийн зам харилцааны хөгжилд том түлхэц болох нь мэдээж. Хэвлэл дээрээс үзэж харж байхад тийм ч бололтой юм билээ. Энэ талаар сонсож дуулж байснаасаа сонирхуулбал, Бээжин ирэх оноос олимпийн замын ажилдаа нэлээд эрчимтэй орох юм байна. Үүнд метроны 10-р шугам, 2-р тойргийн Дун-жи мэнээс нисэх буудал хүртэлх авто зам, метроны 4, 9-р шугам болон бусад замууд орж байна. Мөн үүнд 2010 гэхэд хэд хэдэн хурдны зам болоод нийтийн ачаа тээврийг орчин үеийн жишигт нийцүүлэн шинээр байгуулах буюу сэргээн завсарлах ажлууд орж байна. Түүнчлэн метроны Ба-тун сяний шугам болоод 5-р шугамыг тавьж дууснаар 2008 он буюу олимпийн жил гэхэд Бээжин хотод 2003 онд эхэлж тавьсан замтайгаа нийлээд 156,7 км болж, нийт замын урт 251,7 км-т хүрэх юм байна. Зөвхөн өндөр хурдтай замын урт гэхэд л 60 км-ээр нэмэгдэнэ. Мөн Бээжингээс хойш орших цагаан хэрмийн зүгт байдаг Чан-пин дүүрэг болон бусад дагуул хот, тосгод руу тавих төмөр зам, авто замын уртыг нэмж тооцвол 300 км болно. Олимпийн хотхон, олимпийн цэцэрлэгээс эхлээд өмнө зүгт буй хулсны баавгайн хүрээлэн хүртэлх метроны 10-р чиглэл болон олон зам шугамын ажил эхлэж, зарим замын эхний ээлж ашиглалтанд ороод байна. Эдгээр замууд болоод бусад олон замын ажлыг хийж гүйцэтгэхэд нийтдээ 63,8 тэрбум юань буюу жилдээ дунджаар 10 тэрбум юань зарцуулах юм байна.
-Ер нь зам тавих ажил амаргүй шүү дээ. Чи энэ ажлыг үзэж харав уу?
-Хэрэг болгож үзэж танилцаагүй ч зам зуураа ажиглаж харж явлаа. Тун-сяны чиглэл буюу Жин-тун гэх хурдны замын үргэлжлэл болох км гаруй давхар зам бүхий ажил миний амьдардаг Тун-жоу дүүргийн Ба-ли чиогын орчим өнгөрсөн оны 5-р сард эхэлж байсан юм. Гэтэл 11-р сар гэхэд ашиглалтанд орж байсан. Энэ бол дан зам биш, 9-10 давхар байшинтай дүйцэхүйц өндөр гүүр бүхий зам гээд бод доо.
-Хн...бараг л зун намрын 6 сард барьчихаж байна шүү дээ. Хятад орон зам тавих гэж ёстой үзүүлж өгдөг юм байна даа?
-Тийм шүү. Сая би зөвхөн Бээжин хотын зам харилцааны талаар ярилаа л даа. Гэтэл бүх Хятад орны замын сүлжээ ямар гайхамшигтай гэж бодно. Хурдны болоод дардан замаар холбогдсон олон муж хотууд байна. Үүнийг аялагчдад зориулсан газрын зурган дээрээс тодорхой харж болно. Би сүүлийн хэдэн жил Шар мөрөн буюу Хатан голын эх Чин-хай мужаас эхлээд мөрний дагуух олон муж хот, мөн Бээжингээс-Тянжин-Нанжин-Шанхай хүртэл, өмнө зүгийн Сян-ань хотоос Гань-су муж хүртэл бүхий л тээврийн хэрэгслээр явж үзсэн. Энэ бүгдийн дундаас хурдны зам мөн ч урамтай даа. Хурдны зам дагуулж байрлуулсан танилцуулгыг хараад явахад эгээ л уртын урт ном унших шиг болдог юм. Уйдна гэж байхгүй шүү, их сонирхолтой. За тэгээд хятад орны уулын зам жинхэнэ гайхамшиг даа. Тэнгэрт яваа юм шиг л санагддаг юм. Тээр доор гол мөрөн харагдаад бас ч эвгүй шүү. Ёстой өнөө "Бахармаар ч, аймаар ч" гэдэг чинь болно шүү дээ. Шань-си мужийн нутагт буй 3 мянга шахам метр өндөр Утайн уулсын замаар явж байхад нэг аялагч: "Хятадын цагаан хэрмийг ертөнцийн нэг гайхамшиг л гэдэг. Харин өндөр уулын хормойноос оргил хүртэл ороож тавьсан энэ дардан сайхан зам чинь ёстой гайхамшиг юм биш үү" гэж дуу алдаж байсан юм. Үнэхээр уулын дардан замаар явсан хэн бүхэнд хятад ардын үлгэрт гардаг шиг үүл хөлөглөн хурмастад очих шиг сэтгэгдэл төрдөг юм даа.
-Нээрэн Утай руу мөргөл хийхээр явсан хүн бүр л хятад орны уулын зам ёстой гайхмаар гээд ярьдаг юм шүү.
-Үнэхээр л айдас, бахархал хоёрыг зэрэгцүүлж явдаг юм даа. Эрт цагт өвгөд маань мөргөл хийх гэж тал нутгаасаа олон сар жилээр морьтой морьгүй, явган нүцгэн, бүр өлсөж цангахын эрхэнд гутлын зулгаа хүртэл идэн байж хүрдэг их мөргөлийн газар өнөө цагийн хүмүүс шулуун дардан замаар өдөртөө очдог болж дээ.
-Монгол ардын үлгэрт гардаг жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчлон нисдэг хүлэг морийг орлох замууд хятад оронд олон байна гэж ойлгож болохнээ дээ?
-Өнөөгийн хүмүүс бид үлгэр үнэн болсон цагт үед амьдарч байна. За тэгээд хятад оронд үүлнээс дээгүүр уулын оргилоор тавьсан замаас гадна томоос том уул нүхэлж тавьсан зам бүр ч олон. Ийм нүхэн замыг галт тэргээр бараг хагас цаг шахуу туулдаг газар цөөн биш шүү.
-Ёстой л газар доогуур ч, үүлэн дээгүүр ч зам тавьдаг хүмүүс юм даа. Бас усан доогуур байдаг биз?
-Явж үзээгүй болохоор мэдэхгүй юм даа. Усан дээгүүр байдаг юм чинь бодвол доогуур нь байдаг байлгүй дээ. Хоёулаа замаа дагаад Бээжингээс гараад явчихсан байна шүү дээ. Одоо хот руугаа эргэж орох уу даа?
Энхээ: Тэгье, гэхдээ нэвтрүүлгийн цаг маань өндөрлөж байгаа болохоор ярилцлагаа түр завсарлаж, Бээжин хотын нийтийн тээврийн үйлчилгээний тухай яриагаа дараа үргэлжлүүлье.
|