• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-01 17:31:08    
Бээжин хотын нийтийн тээврийн үйлчилгээ

Хятадын Олон Улсын Радио

     Энхээ: Чука бид хоёр түрүүчийн нэвтрүүлгээр Бээжин хотын зам харилцааны хөгжлийн тухай ярилцсан.Тэр нэвтрүүлгийг сонссон хүмүүс бид хоёр замаа дагаад Бээжингээс гараад явчихсныг ч санаж байгаа байхаа.

     Харин одоо Бээжин хотдоо эргээд ирчихсэн, хотын нийтийн тээврийн үйлчилгээний тухай ярих гээд сууж байна.

     -Чука, ингэхэд чи Бээжин хотын нийтийн тээврийн үйлчилгээний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Үүнийг хамгийн гайхалтай нь гэж хэлмээр байна. Бээжин хотод хятад бичиг мэддэг л бол нийтийн тээврийн хэрэгслээр хаа ч хүрч болно. Ер нь аливаа юм эмх цэгцтэй байна гэдэг чинь хүний ажлыг хөнгөвчлөхөөс гадна элдэв бухимдал үүсгэдэггүй юм байна шүү дээ. Бухимдал гэдэг чинь алив эмх цэгцгүй, эх толгой нь олдохгүй замбараагүй зүйлээс л үүддэг аж. Бээжин хотын автобусны зогсоол бүр дээр тухайн автобус хаанаас хаа хүрэх бүх зогсоолыг нарийн чамбай бичсэн байдаг юм. Ямар урамтай гээч. Бээжин хот том болохоор бээжин хүн хүртэл энэ бичгийг л харна. Манайхан шиг, Нисэх, яармаг уу, Амгалан, Улаанхуаран явах уу гээд асуугаад байхгүй. Тэр бүү хэл Бээжин хотын бүх тээврийн хөсгийн чиглэл болоод зогсоол бүрийг нарийвчлан бичсэн жижиг ном хүртэл бий. Бичиг мэддэг л бол маш хямд зардалтайгаар Бээжин хотыг бүхэлд нь тойрон аялж болно доо.

     -Хүн ам олонтой газар орон ийм байхаас ч аргагүй юмаа даа?

     -Нэг талаас тийм юм. Нөгөө талаас хотын хөгжилтэй холбоотой гэж хэлж болно. Ер нь энэ бол хүнд хүрсэн том үйлчилгээ юм. Энэ зуур хэлэхэд ийм лавлах үйлчилгээ бол зөвхөн хот дотор төдийгүй хот хооронд байдаг юм. Хэрэв та нэг хотоос нөгөөд очно гэвэл галт тэрэгний буудлаас тухайн оны лавлах бяцхан номыг авсан байхад л очих газар хүртэл чинь ямар ямар хот тосгоныг дайрч өнгөрөх, хэдий хэмжээтэй зам туулах, хэдийд хүрэх гээд бүгдийг бичсэн байна шүү дээ.

     -Өнөөдөр Бээжин хотод хичнээн нийтийн тээврийн хөсөг байдаг юм бол?

     -14 мянган автобус үйлчилгээнд явдаг гэсэн. За тэгээд та автобусанд суулаа гэхэд кондуктор нь тосож аваад үдэж буулгах хүртэл үйлчилнэ. Чи хэл мэдэхгүй байлаа гэхэд очих газраа хэлээд юм уу, бичгээр үзүүлсэн байхад л хичнээн хол газар явсан ч тэд чамайг мартана л гэж байхгүй. Наана буучихвий, өнгөрөөд явчихвий гэж санаа зоволтгүй. Буух газар чинь хүрүүт л чамд хэлээд өгнө.

     Өнөөдрийн Бээжин хотын нийтийн тээврийн үйлчилгээ хэдэн жилийн өмнөхөөс танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байна билээ. Автобусанд халуунд сэрүүцүүлэгчтэй, хүйтэнд дулаацуулагчтай, телевизтэй, за тэгээд буудал бүрийг чанга яригчаар зарлана, хэдэн сарын хэдэн, хэддэх өдөр, хэдэн цаг болж байгаа болон цаг агаар хэдэн хэм байгаа гэх зэрэг олон зүйлийг автобусан дотроо харж мэдээд явж болно. Зорчигчид нь хүртэл урьд үеийнхээс их өөр болсон. Хэдэн жилийн өмнө гэхэд л Бээжингийн автобусанд хүмүүсийн шуугианаас нь залхдаг байлаа шүү дээ. Тэдний чанга ярих гэж дэндүү байсан. Одоо бол амыг нь барьчихсан юм шиг болсон байна лээ. Чанга ярих, гар утсаар гэртээ байгаа юм шиг ярьдаг хүмүүс харин содон харагддаг болсон шүү. Нийтийн тээврийн хөсөгт "хаан" үйлчилгээтэй хүн бол хүүхэд байдаг юм. Зогсож яваа хүүхэд юм уу, хүүхдээ тэвэрсэн хүнийг та л лав олж харахгүй. Ялангуяа хурдны замаар явдаг нийтийн тээврийн кондуктор, жолооч нарыг яана гээч. Балчир хүүхэд уйлбал гэрлээ асаагаад л яав ийв, юу нь болохгүй байна гээд сүйд болно. Эгээтэй л хурдны зам дээр автобусаа зогсоочих шахна даа. Нийтийн тээврийн үйлчилгээ, үгүй ер нь бүх үйлчилгээнийн хүмүүсээс хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн хүн бол кондуктор гэж хэлж болно доо. Тэднийг харахаар аливаа үйлчилгээний хүмүүс ийм л байх ёстой юм байна шүү гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм.

     -Олимп дөхөх тусам л Бээжингийн нийтийн тээврийн үйлчилгээ улам л сайн болно доо?

     -Мэдээж шүү дээ. Би бас "Нийтийн тээврийн мөнгө хураагчид 2 хэлээр буудлаа зарлаж байна" гэсэн мэдээ үзэж байсан юм байна шүү.

     -Тэр тухайгаа сонирхуулаач?

     -Бээжин хотын нэг автобусанд мөнгө хураагч бүсгүй "Та тавтай морилно уу, дараагийн зогсоол тэр...гээд англиар хэлсэн гэнэ. Тэгтэл сурвалжлагч түүнээс: "Та яагаад англиар хэлэв" гэхэд, өнөө бүсгүй: "Өнгөрсөн жил автобус баазаас зохион байгуулсан англи хэлний сургалтанд хамрагдсан юм. Одоогоор зөвхөн зогсоолын нэрүүдийг ангилаар хэлж сурсан боловч бусад зүйлийг хэлж ярьж сураагүй байгаа. Эхэн үедээ англиар хэлэхээс ичдэг байсан, гэхдээ одоо дассан. Нэг удаа намайг англиар зогсоол зарлахыг сонссон гадаадын хүн надаас ямар нэг зүйл тодруулж асуухад би ойлгохгүй их тэвдсэн шүү. Гэсэн хэдий ч олимп болох үед зохих хэмжээнд ярьдаг болсон байна" гэж хариулжээ.

     -Өө, Бээжин хотын нийтийн тээврийнхэн олимпод их бэлтгэлтэй байгаа юм байна шүү.

     -Тийм шүү. Бээжин хотын нийтийн тээврийн корпораци нийтийн тээвэрт хэрэглэх англи хэлний 100 үг бүхий толь бичиг эрхлэн гаргасан гэнэ. Мөн бүх автобус баазуудаас хүмүүсийг сонгон сургалтанд хамруулж 2008 он гэхэд хос хэлээр автобусны зогсоол зарлах зорилт тавьж, энэ оны 3-р сараас эхлэн нийтийн тээвэрт мөрдөх үйлчилгээний шинэ журам гаргажээ. Энэ журам ёсоор бол баяр ёслолын үе буюу шинэ жил, цагаан сар, үндэсний баяраар мөнгө хураагч нар зорчигчдод англи хэлээр баярын мэнд хүргээд, буудлуудыг бас англиар хэлэх ёстой юм байна.

     -Сонин юм байна. Сая 10-р сарын 1-нд Хятадын үндэсний баяр болж өнгөрлөө шүү. Чи ийм үйлчилгээтэй таарав уу?

     -Таарсангүй ээ. Мэдээж эхлэл ажил болохоор төдийлөн дэлгэрээгүй байх л даа. Харин одоо шинэ жилийн баяраар ажиглаж явъя.

     -Нийтийн тээврийн үйлчилгээ гэснээс, таксины үйлчилгээний талаар яриач?

     -За би таксинд ховорхон суудаг болохоор ярих зүйл маруухан даа.Лавтай л 60 мянган такси үйлчилгээнд явдаг гэсэн.

     -Ингэхэд монголоос ирсэн хүмүүс Бээжингийн таксины жолооч нар хэл мэдэхгүйг далимдуулаад "мөнгө саах" гээд хот тойруулаад давхичдаг гээд байх юм?

    -Ингэж бодож болохгүй байхаа. Хамгийн гол нь очих газраа зөв хэлж, сайн ойлгуулсан байхад бээжин хүнд итгэж болно.

     Гадаадынхан яахав дээ, хятадаар сайн ярихгүй, мөн таксины жолооч нар гадаадаар ярьдаггүй болохоор ойлголцоогүйгээс болоод буруу замаар орох тохиолдол бий байх л даа. Хотын төвд эхлээд л буруу хөдөлбөл замын хөдөлгөөний дүрмийн дагуу дотор бачуурмаар алсуур тойрно шүү дээ. Тиймээс такси барихдаа хүрэх газрынхаа зүгийг зөв сонгож, очих газраа сайн хэлж ойлгуулсан байхад та алзахгүй ээ. Нийтийн тээврийнхэн олимп угтаад англи хэлтэй болж байхад, мэдээж таксины жолооч нар хаанаас зүгээр суув гэж дээ, тиймүү?

     -Хэл мэдэхгүй хүн таксины жолоочтой ойлголцох ч амаргүй.Хамгийн сонгодог арга гэвэл буруу зөрүү хэлж байснаас хятад ханзаар бичсэн хаягаа үзүүлэх нь дээр юм билээ шүү.

     -Тийм шүү. Очих газраа, хэл мэддэг хүнээр бичүүлсэн байхад бүх юм "окей" ...

     -Чука бид хоёр сая хятад орны хөгжлийн зөвхөн нэг хэсэг болох зам харилцаа болон нийтийн тээврийн үйлчилгээний талаар ярилцлаа.

     -Эцэст нь нэмж сонирхуулахад, хятад улс жилдээ 5 сая гаруй машин үйлдвэрлэж, машин үйлдвэрлэлээрээ дэлхийд З-т ордог юм байна. Зөвхөн 2005 онд 5 сая 700 гаруй машиныг дотооддоо борлуулжээ. Өнөөдөр Бээжин хотын зам дээр зөвхөн хятадад үйлдвэрлэсэн машин явдаг гэвэл том эндүүрэл болно. Энд дэлхийд нэрд гарсан бүх машин бий. 2006 оны эхээр хятад улс импортоор орж ирэх машины гаалийн татварыг 28 хувиар бууруулсан байна. Ер нь хятад орны эдийн засаг асар хурдацтай хөгжиж байгааг хэн бүхэн сайн мэдэж байгаа. Зөвхөн сүүлийн 4 жил гэхэд Хятад улс дэлхийн эдийн засаг өндөр хөгжсөн улс орны жагсаалтын 4-т бичигдэж, Англи улсын өмнө орсон байна.

     Баярлалаа. Дараа удаа хоёулаа хятад орны хөгжлийн юуг ярих вэ?

     -Ном...

     -Номоо...яагаад ном гэж...?

     -Аливаа улс орны хөгжлийн эх үндэс боловсрол гэдэг шүү дээ. Тэгвэл боловсролын эх үндэс ном биз дээ. Өнөөдрийн цэцэглэн хөгжиж байгаа хятад орны боловсролын асуудлыг бүхэлд нь ярина гэвэл маш өргөн, том сэдэв. Тиймээс хятад орны хөгжлийн хөгжлийн үндэс болсон ном, ном хэвлэлийн талаар яръя гэсэн юм.

     -Тун сайхан санаа байна. Эрхэм сонсогчид оо, Чука бид хоёр дараа удаа "Хятад орны хөгжлийн хөгжлийн үндэс-ном" гэсэн сэдвээр ярилцах боллоо. Дараа уулзатлаа баяртай.

                                                                 2006 оны 10-р сарын 20
                                                                            Бээжин хот