Уулзалт нь Ху Жиньтаогийн буусан зочид буудлын гаднах зүлгэн дээр болсон байна. Хоёр орны цог жавхаатай залуучуудыг хараад Ху Жиньтао 22 жилийн өмнө Бүх Хятадын Залуучуудын Холбооны даргын хувиар Хятадын залуучуудын төлөөлөгчдийг дагуулан Энэтхэгт найрсаг айлчлал хийснээ эргэн дурссан байна. Тэрээр хэлэхдээ, хоёр орны залуучуудын найрсаг харилцаанд тус дөхөм үзүүлж, хоёр ард түмний найрамдлыг үеийн үед уламжлахын төлөө ирэх таван жилд Энэтхэгийн 500 залууг Хятад улсад урьж айлчлуулахаар Хятадын засгийн газар шийдвэрлэсэн байна гэжээ. Тэрээр мөн Энэтхэгийн нэрт яруу найрагч Тайгорын шүлгийн мөрөөс иш татаж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмэр оруулаарай гэж хоёр орны залуучуудыг урамшуулсан байна. Тэрээр хэлэхдээ,
Залуучууд цог жавхаа бадрангуй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, улс орон төдийгүй хүн төрөлхтөний ирээдүй юм. 1924 онд Энэтхэгийн суут яруу найрагч Тайгор Хятадад айлчлахдаа, залуучууд үрийн цолмон адил, эх орны ирээдүйн хүсэл мөрөөдлийг харуулж байна гэж хэлсэн юм. Хятад, Энэтхэг хоёр орны хөгжлийн ирээдүйн төлөө та нар чармайх ёстой, Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн ирээдүйг та нар үүдэн бүтээх учиртай юм. Хятад, Энэтхэг хоёр орны залуучууд харилцаагаа эрчимжүүлж, найрамдлаа зузаатган, харилцан суралцаж, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, Хятад Энэтхэгийн найрсаг харилцааны шинэ хуудсыг хамтаар бичихийг би чин сэтгэлээсээ хүсч байна, Азийн болон дэлхийн нэн сайн сайхан ирээдүйг хамтаар цолцлон байгуулахыг хүсч байна гэжээ.
Энэтхэгийн Ерөнхийлөгч Абдул Калам хэлэхдээ,
Хятад улсад улс орноо хөгжүүлэх аугаа их төлөвлөгөөтэй юм, тухайлбал Хятад улс эдийн засгаа хөгжүүлж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулахын зэрэгцээ мөн Күнзийн үеэс уламжилж ирсэн уламжлалт үнэ цэний тухай үзлээ өвлөх гэж байна. Энэтхэг мөн улс орноо хөгжүүлэх агуу их төлөвлөгөөтэй, бидний зорилт бол 2020 он гэхэд Энэтхэгийг эдийн засгийн талаар хөгжсөн, буддын шашин бий болохоос өмнө үеэс уламжлагдсан уламжлалт соёлоо өвлөн авсан орон болгох явдал болно. Өнөөдрийн дэлхий дээр залуучуудын хийх ажил бол соёлч боловсон нийгэм байгуулах явдал мөн, үүнд шударга иргэд хэрэгтэй байна. Хятад Энэтхэг хоёр орон дэлхийн ядуурлыг бууруулах ажилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа, залуучууд бол харин мэдлэг боловсрол дэлгэрүүлж, байгалийн баялагийг нэн сайтар ашиглах замаар улс орнуудын хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгаж, энх тайвныг хөгжүүлж болох юм гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\ 1 2
|