Сайн байна уу? Эрхэм хүндэт сонсогчид оо. Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцаас бямба гараг болгон бэлтгэн явуулдаг дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтган золгож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээрээ сонсогч олондоо дараах дуунуудыг сонсгон танилцуулахаар бэлтгэлээ. 1-р дуу бол Шинжаан уйгар ардын дуу "Алчуураа сөхөөч" дуу: 2-р дуу бол дуучин ТаоЖэ-ийн дуулсан "Аялгуу" дуу.
За тэгэхлээр эхний дууныхаа талаар товч танилцууля. "Алчуураа сөхөөч " дуу бол Шинжаан уйгар ард түмний дунд эрт үеэс дуулагдан ирсэн Шинжаан уйгарын үндэсний хэв маягийг хадгалан харуулсан ардын дуу юм. Хятад шиг ийм агуу том оронд олон олон ардын дуунууд тухайн газар нутагтаа л нэр алдартай байдаг, харин бүхий л хятад даяар алдаршин дуулагдах нь тун цөөхөн. Тэгвэл энэ дуу хэрхэн бүх хятад даяар тархсан бэ гэвэл, 1950-60-аад оны үед баруун нутгийн дууны хаан хэмээн хятад даяар өргөмжлөгдсөн дуучин мөн хөгжмийн зохиолч Ван Лүө Бин тэр үедээ Шинжаан уйгарын газраар дуу хөгжмийг нь судлан явж байхдаа энэ дууг нягт нарийн тэмдэглэн авч жаахан засвар хийсний зэрэгцээ дууны үгийг хятад хэлнээ орчуулан дуулснаар хятад даяар алдаршин тархсан байна. Ван Лүөбин нь хятадын баруун нутагт амьдран суудаг монгол уйгар шинжаан зэрэг үндэстнүүдийн дуу хөгжимд ихэд татагдан дурласан ба амдьралынхаа бараг тэн хагасыг баруун нутгийн ардын дуу хуур, хөгжмийн зэмсгийг судлан, ном хэвлэлд үлдээгүй зөвхөн ардын дунд дуулагддаг байсан олон сайхан баруун нутгийн ардын дуунуудыг ном болгон буулгаж, мөн дууны үгийг хятад хэлнээ орчуулан бага зэрэг өөрчлөлт хийн дуулсан нь маш олон хүмүүсийг баруун нутгийн дуунд дуртай болгосон байна. "Алчуураа сөхөөч" нэртэй хөнгөн хэмнэлтэй дуу нь шинжаан уйгар нутгийн бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн талаар магтан дуулсан байдаг. Энэ дуунд:
"Хөөрхөн хонгор бүсгүй минь толгойнхоо алчуурыг сөхөөч Хорвоод хосгүй, үзэсгэлэнтэй царайгаа харуулаач наддаа, Аяа яасан хөөрхөн хүүхэн бэ Хөмсөг нь хавирган сар мэт нарийн урт юм Нүд нь болор мэт тунгалаг гэрэлтэй юм Хацар нь шинэхэн боловсорсон алим мэт улаан юм Аяа яасан хөөрхөн хүүхэн бэ" гэж дуулдаг байна.
За одоо та бүхэндээ "Алчуураа сөхөөч " дууг "Зүүдний аялал" найрал дууны хамтлаг орчин үеийн хэлбэрт оруулан дуулснаар сонсгоё. [Дуу]
Эрхэм хүндэт сонсогчидоо, та бүхэн сая "Алчуураа сөхөөч" шинжаан уйгарын ардын дууг "Зүүдний аялал" найрал дууны хамтлагийн дуулснаар хүлээн авс сонслоо. Үргэлжлүүлээд та бүхэндээ манай өнөөдрийн нэвтрүүлгийн 2 дахь дуу болох дуучин ТаоЖэ-ийн дуулсан "Аялгуу" дууны талаар танилцуулья.
Дуучин ТаоЖэ бол хятадын орчин үеийн дууны 4-н авьяастны нэг. "Аялгуу" дуу бол 2002оны 8-р сард гарсан дуучин ТаоЖө-ын шинэ дууны цомогт нь орсон дуу юм. Тэрээр энэ дууныхаа үг аяыг өөрөө зохиожээ. Энэ дуунд ТаоЖэ нь энэ дуугаа өөрийн урдны найз бүсгүйд зориулан бичсэн байна. Тэгэхлээр энэ дуунаас та бүхэн хөгжимчин хүний дотоод сэтгэлийн өнгө хөг аялгуугаар хэрхэн илэрч байгааг сонсох болно. Уянгын хэмнэлтэй , дунд нь гитар хөгжим оруулсан энэ дуунаас та бүхэн дуучин Тао Жэгийн чин сэтгэлийн хөг аялгууг мэдрэх болно. Харин одоо дууныхаа үгийг монгол хэлнээ хөрвүүлэн танилцуулья:
"Тэр цагт чамдаа энэхүү дуугаа бичиж өгч чадаагүй минь Энэхэн насны минь мөнхийн харуусал болон үлдсэн юм Тэр цагт хийсэн миний алдаанаас болоод Өнөөдрийн энэхүү төгсгөлтэй би хоцорсон Эцэст нь энэхүү аялгууг бичиж дууссан ч Эргээд сонсох бүрт чамтай өнгөрүүлсэн амьдрал минь Эргэн нэг нүдний өмнүүр урсан өнгөрөх мэт болох юм Аялгуу чи санаа бодолд зогсолтгүй эгшиглэх юм Амраг чамдаа хэлж амжаагүй үгс даанч ихийг сануулах юм Аяархан дотроо би санаа алдана Ариухан чамайгаа алдсаныхаа дараа л Аминаасаа илүү хайрлах байснаа ухаарсийм" гэж дуулдаг байна. Ингээд бүгдээрээ дуугаа сонсцгооё. [Дуу]
Үнэхээр сэтгэл хөдөлгөм үгтэй дуу шүү. Залуус маань аливаа зүйлсийг алдсаныхаа дараа харамсах биш, харин байгаа үед нь нандигнаж байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна./Хүчит редакторлон бичив/
|