Цөөн бус настайчууд амны хөндий нь муухай үнэртэй байлаа ч гэсэн, бид ямар залуу халуун насандаа байгаа биш, хөгширсөн хүний амнаас жаахан муухай үнэр гарсан ч яамай гээд тоохгүй явж байдаг. Үнэндээ амны хөндийгөөс муухай үнэр гарах нь өөрийн чинь нийгмийн харилцаан дахь дүр төрхөд нөлөөлөх төдийгүй дотор өвчинд нэрвэгдэх аюултай юм, иймээс амны хөндийн муухай үнэрийг яасан ч багад үзэж болохгүй юм. Тухайлбал, Ли Лаобө гэдэг хүн амны хөндийн муухай үнэрээ жигших ч үгүй явсаар байгаад сүүлдээ арга буюу гэр бүлийхээ хүмүүсийн шаардлагаар эмнэлэгт хандан шинжилгээ хийлэгсэнд ходоодны архаг үрэвсэл болон элдэв янзын бактерийн халдвар авсан байв. Элдэв янзын бактери нь ходоодны шивтэрийн энзимийг идэвхжүүлж, ходоодны шивтэрийг задруулаад аммиак болон нүүрсхүчлийн хий үүсгэж амны хөндийг муухай үнэртэй болгодог байна.
Үнэндээ, ходоодны архаг үрэвсэл, хоолны шингээлт муудсан зэрэг хоол боловсруулах системийн өвчин эмгэг, амьсгалын замын өвчин эмгэг, бөөрний өвчин, чихрийн шижин өвчин зэрэг янз бүрийн өвчин эмгэгүүд нь амны хөндийг муухай үнэртэй болгож байдаг. Хамар, хоолой багалзуур, амны хөндий нь холбоотой байдаг болохоор самалдагийн үрэвсэл, ялзрамтгай хамрын үрэвсэл, буйлсан биетийн архаг үрэвсэл зэрэг өвчний уршгаар бий болсон шингэн зүйл нь бас амны хөндийд урсан ороод амны хөндийг муухай үнэртэй болгодог байна.
Амны хөндийг муухай үнэртэй болгож байгаагийн өөр нэг ердийн шалтгаан нь амны хөндийн өвчин эмгэг болон амны хөндийн ариун цэвэр бус байгаа явдал болно, тухайлбал, амны хөндийн цочмог үрэвсэл, шархлаа, буйл идэгдэх өвчин тэрчлэн хүнсний зүйлийн шүдний завсар болон хиймэл шүдэнд орж ялзраад амны хөндийд муухай үнэр бий болгодог байна.
Амны хөндийгөөс муухай үнэр гарахаас сэргийлэх арга гэвэл, юуны өмнө амны хөндийгөө ариун цэвэр байлгах хэрэгтэй, зөөлөн хатуу нь тохиромжтой шүдний сайн сойз сонгон авч, өдөр бүрийн өглөө үдэш шүдээ сайтар сойздон цэвэрлэж, аахар саахар юм идсэн ч гэсэн амаа усаар зайлж, хиймэл шүдээ ч байнга угааж цэвэрлэж байх хэрэгтэй юм.
Дахивал, амны хөндийн ердийн өвчин болох үрэвсэл, шүд хорхойтох, шүдний өнгөр, хамрын архаг үрэвсэл, самалдагийн үрэвсэл зэрэг өвчин эмгэгийг даруй түргэн эмчлүүлж байх хэрэгтэй. Хэрэв амны хөндийн ариун цэврийн байдлыг сайжруулах болон идэвхтэй эмчлэх талаар нааштай амжилтад хүрч чадаагүй бол нэн даруй бүх биеийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй юм, шинжилгээгээр, хоол боловсруулах системийн өвчин эмгэг, амьсгалын замын өвчин эмгэг, чихрийн шижин өвчин эмгэг зэрэг өвчин эмгэн мөн эсэхийг оношлож мэдээгүй байдалд эм бэлдмэлийг дур зоргоороо хэрэглэж болохгүй, ойшоохгүй яваад байж нэн ч болохгүй, өвчний улмаар эндэл осол гархаас болгоомжилж, цаашид эмнэлэгт хандаж, өвчний жинхэнэ оношийг тогтоож туйлбартай эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\
|