• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-20 17:03:53    
Өмнөд нутгийн далайн арал дахь Жин үндэстний тосгон Вань Вэйгээр айлчилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын өмнөд нутагт Жин үндэстний төвлөрөн суугаа гурван арал гэж байдаг. Үзэсгэлэнт сайхан гурван арлаар бүрэлдсэн далайн энэ хойг нь Вьетнамтай усаар хиллэж байдаг. Өнөө энэ гурван арлын хөвөө захыг хүний хүчээр чулуу шороо оруулж хооронд нь холбосон боловч бүр эртнээс "Жин үндэстний гурван арал" гэж нэрлэж ирсэн болохоор одоо ч гэсэн " гурван арал" гэж нэрлэсээр байна. Манай сурвалжлагч "Жин үндэстний гурван арал"-ын хамгийн өмнөд хэсэгт байрлах Вань Вэй жижиг тосгонд хүрч танилцсан юм.

     Замын хажуугаар гадаадын хэв загвартай давхар байшингууд жигдэрч, айл өрх болгоны үүдэнд цоо шинэ суудлын машин харагдана. Тосгоны дундуур авто зам зурайж, иргэд загас жараахайг хот руу аваачин боловсруулах гэж тэрэг унаанд ачиж ажил ихтэй явна. Хорь гучин жилийн өмнө манай тосгон ядуу хоцронгуй загасчдын жижиг тосгон байсан. Далайн хөвөө дагуу газар нь хужир ихтэй болохоор тариа төмс ургахгүй иргэд үеийн үед далай тэнгисээс загас жараахай барьж, хэдэн арван километрийн зам туулж түүнийгээ зарж хүнсний зүйл сольж ирдэг байсан гэж тосгоны дарга Сү Минфан танилцууллаа. 

      Тэрээр хэлэхдээ, манай Вань Вэй тосгон 70-аад оны үе хүртэл өнчин арал байж зам харилцаа дөхөмгүй байсан, тэр үед зах дэлгүүр ороход далайн түрлэг татарсны дараа л явдаг гэжээ.

     Тэгвэл энэ тосгон нь ядуу хоцронгуй загасчдын жижиг тосгон байснаасаа хэрхэн одоогийн чинээлэг тосгон болж хөгжсөн бэ? дарга Сү Минфан хэлэхдээ, 20 жилийн өмнө Хятадын засгийн газар өөрчлөлт хийж нээлттэй болгох бодлого хэрэгжүүлснээр, зөвхөн загас жараахай барьж амьдраад зогсохгүй, нутгийн давуу нөхцөлөө ашиглан чинээлэгжих замыг хайх хэрэгтэй гэснийг иргэд ойлгосон байна. Тэнгис далайн хөвөөнд байрладаг нөхцлөө ашиглан зарим иргэд далайн хөвөөнд загас жараахай тэжээн үржүүлэх, далайн бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг ажил төрөл эрхэлсэн байна. Зарим иргэд Вьетнам хэл мэдэх болохоор хилийн худалдаа эрхлэх болсон байна гэжээ. Жин үндэстний наймаачин Лян Саодэ эдгээр ажил төрлийг хөгжүүлээд чинээлэг амьдралтай болсон байна. Энэ жил 38-тай тэрээр 10 гаруй жилийн өмнө тосгоны иргэдтэй адил далайд гарч загас жараахай барьж амьдаралаа залгуулж байжээ.

     Тэрээр хэлэхдээ, тэр үед би далайд гарч загас, сам барихад бусдаас илүү барьж байсан, эхлээд загас сам авдаг жижиг наймаачингуудад зарж байлаа, хожим нь өөрөө шууд гаднаас ирсэн том босст зарах болсон, сайн үнэ хүрдэг болохоор загасны онгоцоо худалдаад далайн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх болсон. Хожим нь Шанхай, Бээжингийн том боссууд нисэх онгоцоор миний бүтээгдэхүүнийг зөөвөрлөх болсон, ингээд аажимдаа хүн олон таних болж худалдаа наймаа ч өргөжсөн гэжээ.

     Өнөө Лян Саодэ далайн бүдээгдэхүүний борлуулалтын компани байгуулж, тосгоны 100 гаруй иргэдийг хөлслөн ажиллаж байна. Түүний далайн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ өргөжиж Хятадын зүүн өмнөдийн Фү Жянь муж, Тайвань зэрэг газарт борлуулагдах болсон байна. Өнөө тэр Вьетнамд далайн бүтээгдэхүүн боловсруулах хоёр үйлдвэр байгуулж, боож савласны дараа дахин дотооддоо авчран Шанхай, Бээжин, Шань Дүн зэрэг газар борлуулж, БНСУ-д экспортолж бий. Хилийн худалдааны хэтийн төлөв сайн, ноднин нэг л жилд 1 сая 700 мянган юаний орлого олсон . Өнөө 10 сая юаний хөрөнгө оруулж хөлдөөх агуулах байгуулж худалдаа наймаагаа өргөтгөх санаатай байна гэж Лян Саодэ хэлж байлаа.

     Өнөө Вань Вэй тосгоны Жин үндэстний бараг айл өрх болгон тэжээн үржүүлэх ажил төрөл эрхлэн далайн бүтээгдэхүүн боловсруулах худалдаа наймаа хийж байна.

     Тосгоны дэргэд цагаан хэрэмтэй улаан тоосгон асар том барилга байна. Барилгын том самбр дээр " Хаа Тин" гэсэн үсэгтэй. Энэ бол Жин үндэстний өвөг дээдсээ тахих газар юм. 500 гаруй жилийн өмнө Жин үндэстний өвөг дээдэс Вьетнамаас өнөөгийн "Жин үндэстний гурван арал" хавийн нутгаар нүүдэллэн ирж амьдарсан байна. Өнөө Хятадын хэмжээнд Жин үндэстэн 20 мянга гаруйхан хүнтэй боловч жил бүрийн 6-р сард Жин үндэстний "Хаа Тин"-д цугларан өвөг дээдэс, бурхан сахиулсныг тахих мөргөл үйлдэн, Жин үндэстний өргөн их баяр—Хаагийн баярыг тэмдэглэдэг байна. /Урангоо орчуулж бэлтгэв/