Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Филиппинд хийсэн албан ёсны айлчлалаа 16-ны өдөр өндөрлөхөөс өмнөхөн, Хятад Филиппин хоёр орон хамтарсан мэдэгдэл нийтэлжээ. Хоёр орны удирдагчид энх тайван, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны харилцаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэж хоёр орны Засгийн газар мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
Улс төр, аюулгүй байдал болон батлан хамгаалах зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа болон яриа хэлэлцээний ахицад хоёр орны удирдагчид сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хятад Филиппиний харилцаа түншлэлийн харилцааны хамгийн сайхан үе шатандаа хөгжиж байна гэж онцолсон байна. Хоёр талын хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө нь хоёр орны хөгжлийн стратеги болон бүс нутгийн хамтын ажиллагааны ахицтай нэгдэлтэй байх ёстой гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбогдсон том том асуудлаар харилцан ойлгож, харилцан дэмжинэ гэж хоёр тал мэдэгдэлдээ амлалт хийсэн бөгөөд хоёр талын худалдааны хэмжээг цаашид өргөтгөн, худалдааны бүтцийг сайжруулж, харилцан хөрөнгө оруулалт хийхэд тус дөхөм үзүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ салбарыг нааштай нээхийг хоёр тал бас зөвшөөрсөн байна.\О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|