Синьхуа хорооны сурвалжлагчийн Улаанбаатараас мэдээлснээр, Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Гао Шүмао болон Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны сайд Дэндэвийн Тэрбишдагва 2006 оны 1-р сарын 12-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатарт Хятад улсаас Монгол улсад хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж олгосон тусламжийг хүлээн өгөх, хүлээн авах баримт бичигт солилцжээ. Уг баримт бичигт тэмдэглэснээр, Хятад улсаас Монгол улсад 20 сая юаний үнэ бүхий трактор болон ус ашиглалт, усжуулалтын тоног төхөөрөмж хангах юм байна.
Элчин сайд Гао Шүмао уг ёслол дээр хэлэхдээ, тоног төхөөрөмжийн тусламж хангаж байгаа нь Хятадын Засгийн газар болон ард түмнээс Монголын ард түмэнд найрсгаар хандаж байгаа сэтгэлгээг харуулж байгаа юм. Хоёр орон хөдөө аж ахуйн салбарын хүмүүсийн бэлтгэл сургалт, техникийн солилцоо, тоног төхөөрөмжийн шинэчлэл, төсөл зээлдэн оруулах зэрэг салбаруудад өргөн их хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хэлхээ холбоогоо цаашид бэхжүүлэн эрчимжүүлж хөгжүүлнэ гэлээ.
Хятадын Засгийн газраас Монгол улсад хөдөө аж ахуйн буцалтгүй тусламж хангахаар Хятад Монгол хоёр орны Засгийн газар 2005 оны 10-р сард хэлэлцэн тохиролцсон юм. Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны Хэвлэл мэдээллийн албаныхан хэлэхдээ, эдгээр бараа бүтээгдэхүүн нь Монголын хөдөө аж ахуйн сэргэн хөгжихөд нааштай ахиулах үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
1990 оноос нааш, Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ огцом буурсан байна. Сүүлийн жилүүдэд Монгол улс буудай, олон төрлийн хүнсний ногоо тарих арга хэмжээ авч байгаад, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ алхам алхмаар сэргээн хөгжүүлсэн юм. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\
|